Caakmedee

Одоо л зогсч болохгүй шүү, тэмцэгчид ээ!

  • Нийтлэл
  • 2019/01/29
Хэдэн сарын турш хэрүүлийн бай болсон М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, нэг юм санаа амарцгаав. Зөвхөн нэг хүнд зориулсан хууль баталсан анхны ховор тохиолдол болов. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд дархлаа суларсны хамгийн том жишээ, ухралт болов гэсэн шүүмж ч сонсогдож байгаа. Уг нь УИХ-ын дарга хурлын зохион байгуулалтыг хариуцдаг спикер төдий. Альч хувь гишүүнээс илүү эрх дарх эдлэх ёсгүй. Харин эдүгээ нэг хүнд зориулан хууль гаргах болсны учир нь үнэндээ л МАНАН хэмээх бүлэглэлүүдийн тэмцэл. Хэн ч хүчтэй, өөрөөр хэлбэл, цаашид хүчтэй байх вэ гэдэг алалцаан.  
Үүнийг бичигч М.Энхболдыг дэмждэггүй боловч “Асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой” гэсэн байр суурийг бол хүндэлж байгаа.
Гэхдээ М.Энхболд өөрт нь зориулж хууль батлуултал тийм хүчирхэг хүн юм уу гэвэл үгүй ээ.  Харин 60 тэрбумын хэрэг гэдэг эс үйлдэл ч бай төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн товчхондоо тэдний хэлэх дуртай үгээр бол ард түмнийг энгийнээр бол намайг, таныг “эргүү тэнэг” гэж доромжилсон, эрхийг чинь зөрчсөн, төрийн системийг дампууруулсан эрээ цээргүй алхам мөн.  Ашгүй ядахдаа нэг ч гэсэн хүн хагас дутуу ч гэсэн хариуцлага хүлээх нь. Гэхдээ асуудал үүгээр төгсөх ёсгүй.
Гэвч М.Энхболдыг огцрууллаа гээд төрийн гацаа арилах уу? Үгүй ээ. Энд Үндсэндээ 60 тэрбумынхан болоод ЖДҮ-гийнхэн хэсэг хоёр хэсэгт л хуваагдаад байгаа гэчихэд хилсдэхгүй. Харин ч эдний толхилцооноор олон баримт, но ил болов. Олон нийтийг хангалттай бухимдуулав. Бухимдсаны хэрээр тэдэнд хүч бий гэдгийг харуулав. Зарим нэг хийрхүү “тэмцэгч”-дийг эс тооцвол.  Ийн эрхийнхээ төлөө, шударга бус үйлдлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, тэмцэж, улстөрчдийг шаардаж шахаж чадаж байна гэдэг бол сайн хэрэг. Хэрвээ зарим нэг улс төрчийн явцуухан тоглолт, далд эс тооцвол. Гэхдээ одоо л тэмцлээ зогсоож болохгүй шүү. Бүр цааш нь бүх идээ, бээр буглааг шахаж гаргахын төлөө хамтдаа тэмцлээ үргэлжлүүлцгээе.
Улстөрчид минь алалцацгаа. Ашгүй эд чинь хоорондоо алалцахаараа бие биенийхээ бульхайг дэлгээд байдаг юм. Энэн дээр нь л хичээгээд идээ бээрнээсээ салья. Дутуу орхичих юм бол бүр бээгээд энгийн хар яриагаар “севс болно” гэдэг шиг биднийг цөмийг нь үхжүүлэх болно шүү.
“Индрийн тав”, “Таван загал” гэдэг нэртэй болоод байгаа таван гишүүн минь ээ, та нар өдөр өнжихгүй шахам мэдэгдэл хийж, цөөнгүй хүнийг жагсаалд манлайлж, багагүй мөнгө зарцуулсан шигээ одоо эхнээсээ ил болоод байгаа бусармаг явдлуудтай тэмцээрэй, ядахдаа ЖДҮ-гийнхэнтэй.
Намынхаа нөхдөдөө гомдлын үгээ хэлсэн М.Энхболд та ч гэсэн хэлсэн үгэндээ хүрч, шударга бусыг илчлээрэй. Хариу тэмцээрэй. Тэгэх тусам ”танай” улстөр цэвэршинэ. Бусад чинь ч бас тийм цэвэрхэн хүмүүс биш гэдгийг та мэднэ биз ээ.
Бид ч мөн мартах ёсгүй, энэ идээ бээр ил гарч байгаа дээр балиар улс төрийг цэвэрлэж авцгаая. Тэгэхгүй бол бид хордож үхэх гээд байна.
А.Туяа
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу