Улсын хэмжээнд асрамж халамжийн 31 төв бий. Үүний 27 нь Улаанбаатарт, дөрөв нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тус төвүүдэд өнөөдрийн байдлаар 940 хүүхэд амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн 86 нь саажилт болон тулгуур эрхтэний бэрхшээлтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм.
Уг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдэнд зориулагдсан тусгай орчинд амьдрах учиртай ч манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай орчин нөхцөл бүхий асрамжийн газар байдаггүй учир жирийн хүүхдүүдтэй хамт амьдарч байгаа юм. Энэ нь тухайн хүүхдүүдэд хүндрэл бэрхшээлтэй байхаас гадна жирийн хүүхдүүдэд ч эрсдэлтэй нөхцлийг бий болгодог байна. Тухайлбал, саажилттай болон оюуны хомсдолтой хүүхэд насаар бага хүүхдийг шатнаас түлхэж унаган, бэртээх зэрэг тохиолдлууд гарч байжээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай нөхцөл бүхий асрамжийн газар байгуулахаар мэргэжлийн хүмүүс ярьсаар байгаа ч төсөв мөнгөний боломжгүйгээс өнөөдрийг болтол шийдэгдэхгүй байгаа юм.