Caakmedee

Украин: “Вставай страна огромная” дууслаа!

  • Дэлхийд
  • 2023/06/07

Украин: “Вставай страна огромная” дууслаа!

 

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 17 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом,  Charter97.org, Украина 365 сайт, Oросын Төрийн Думын гишүүн асан Игорь Яковенко, украины сэтгүүлч Роман Цимбалюк, Александр Левченко нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Ингэхэд Орос-Украины фронтын байдал санаанд багтамгүй хурдан өөрчлөгдөж байна. Юу болж байгааг хэн ч таашгүй, цаг минут тутамд Москва–Кремльд, Путинд өөрт нь ашиггүйгээр (хөнөөлтэйгөөр) өөрчлөгдөж байна. ОХУ нь Украины фронт дээр төдийгүй дэлхий дахинд өрнүүлсэн мэдээллийн глобал дайндаа ялагдаж байна.
Орчин үеийн ардчиллын эсрэг, бусад улс үндэстнийг хүндэтгэхийн эсрэг, хүний эрх ба эрх чөлөөг хамгаалахын эсрэг Орос нь глобал мэдээллийн дайн олон жил явууллаа. Энэ дайн нь хэзээ дуусах вэ? Путины засаглал Орост алга болсны дараа шууд зогсоно. Ганц хүний дарангуйлал, оросын фашизмын нэг илрэл болох рашизмын үзэл суртлыг түгээхийн төлөө Оросын суртал нэвтрүүлэг зай завсаргүй ажиллаад нэмэр алга! Брюссельд Европын парламентад оросын сөрөг хүчнийг цуглуулж, өргөн дэлгэр хурал хийв. Хэлэлцэх хэрэг нь Оросын ирээдүй, Путины дэглэмийн дараах Орос, дэглэм унах нь ойртож байгаа тухай сэдэв зонхилов. Кремльд хүний эрх, эрх чөлөөг үзэн ядахын хэрээр ОХУ нь ардчилсан Барууны эсрэг ариун дайн зарлан, Украинаар эхлүүлж байгаа нь энэ болох ба Оросын ТВ-үүдийн суртал нэвтрүүлгийн шоунуудаас харахад их том дэвсгэр дээр, дэлхийн маштаб дээр Орос ба Барууны ертөнцийн хоорондын тулалдааны тухай үгс байнга цухалзах нь дээрхээс улбаатай. Барууны ардчиллыг булшлах дайндаа бүдэрч унасан нь нэгэнтээ тодорхой болсон. Харин ч Барууныг бэхжүүлсэн. Европыг нягтруулсан. Сергей Лавровын хэлснээр Баруун нь хоёр ба гуравдугаар фронтоо Оросын эсрэг нээх чигтэй байна. 
 
Орос-Украины дайны фронтын байдал Оросын хувьд тун хүнд байна. Фронтын бүх хэсэгт байлдаан өрнөв, Украины зэвсэгт хүчин амжилттай урагшлав, ОХУ-ын армид оргох зугтах явдал хавтгайрав, Оросын Белгород, Брянск мужуудыг оросын “РДК”, “ЛСР” арми  чөлөөлөх байлдаан үргэлжлэв гэсэн мэдээ тасрахгүй ирж байна.
 
Украинд биш Белгородод очиж үүрэг гүйцэтгүүлээч гэсэн уриалга Пригожин, Кадыров нараас Дээд ерөнхий командлагч руу очжээ. Чеченийн 70 мянган цэрэг үүрэг гүйцэтгэх ба нэг үгээр Орост иргэний дайны гал дүрэлзүүлэхэд бэлхэн гэв. Мөн 40 гаруй хувийн цэргийн ЧВК зэвсэг агсан тэр мөчийг хүлээж байна. Украины зэвсэгт хүчин фронтод давшиж эхэлжээ. Орос цэрэг-зэвсгийн сүүлчийн нөөц рүүгээ орлоо. Кремль сүүлчийнхээ нөөцийг хоёр фронт руу хаян байлдаж байна. Украинд хоногтоо 20 гаруй удаа давших боловч бутцохиулан ухарна. Хариуд нь Украины зэвсэгт хүчин аажмаар урагшилна. Запорож мужид давшиж байна. Крым рүү бараг ирэх 7 хоногоос орно. Бахмутын тулалдаан өндөрлөх тийшээ эргэлээ. Тэнд оросын цэргийн хохирол украиныхаас 7.5 дахин их гэсэн тооцоо гарчээ. Ялагдалдаа хорссон оросууд мөртөө зугтахгүй Каховкийн усан цахилгаан станцыг дэлбэлэлээд зугтав. Каховкийн УЦС дэлбэрээд ус нь сад тавьчихлаар украины арми давшихаа больчихно гэж Кремльд гэнэнээр тооцоолжээ. Олон улсын цэргийн гэмт хэргийн хавтаст хэрэгт нэг ноцтой хэрэг ийнхүү нэмэгдэв. Орос ял хүлээх нь гарцаагүй.
 
сонин mn
Сүүлийн 7 хоногийн байдлаар бол Путин нөхцөл байдлыг хянаж чадахгүй байгаа нь улам тод харагджээ. Даваа гаригт (6 дугаар сарын 5) ҮАБЗ-өө хуралдуулж, Оросын дотоодын улс төрийн тогтвортой байдлыг хамгаалах тухай ярив. Дэглэмд аюул ойртлоо гэдгийг хэрэг дээрээ хүлээн зөвшөөрөв. Нөгөө Украиныг ялах тухай “А” ч унагасангүй. Дайнд Кремль ялагдлаа гэдгээ хүлээн зөвшөөрөхийн наагуур уур амьсгалд ҮАБЗ хуралджээ. Оросын сүүлчийн цөхрөл ОДКБ болжээ. Белгород руу ОДКБ-гийн энхийг сахиулагчдыг илгээхээр С.Лавров ятгалга хийн Төв Азиар аялна. Цаадуул нь ус балгачихсан аятай таг чиг.
 
Ганц дайчин ганцаардахгүй аргаараа Пригожин ил шөргөөцөлдөх ба хэлж мэдэхгүй, таашгүй баргар ирээдүй Оросыг нөмөрнө хэмээн тэрээр улайм цайм ярина. Украин дахь ялагдлын буруутныг хайдаг байсан бол одоо Оросынхоо хилийг хяналтгүй орхисон, оросын босогчдын хоёр армийг (РДК, ЛСР) чөлөөтэй нэвтрүүлсэн ялтаны эрэлд Москва гарчээ.
 
Халж сольсон, хөөж буулгасан генерал, чекист, офицерын тоо чамгүй олон болжээ. Төрийн Думын гишүүн дэслэгч генерал Андрей Гурулев, сөрөг хүчний Игорь Яковенко нарын ярьж байгаагаар оросын босогчид чөлөөлсөн нутагтаа референдум явуулж “БНР” буюу Белгородын Ардын БНУ байгуулах ба “Белгород муж ОХУ-ын бүрэлдэхүүнээс хэрэг дээрээ гараад явчихлаа” хэмээн Яковенко хэлэв. Путин хянаж чадахгүй байгаа, хяналтаа алдсан Оросын бүх муж хязгаар ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарах магадлалтай гэж Яковенко сэрэмжлүүлэв.
 
2014 онд Дорнод Украиныг дотроос нь бужигнуулж “ДНР”, “ЛНР” байгуулж байсантай яг адилхан зохиомж удахгүй Оросын Белгород, Брянскад явагдана. Донбассын хувь заяа Белгород муж руу ирж халдварлав хэмээн Гурулев тавлан ярих нь тун зохимжгүй. 
 
Цэргийн тусгай ажиллагаа баларлаа, болохоо болилоо, одоо больсон нь дээр хэмээн уриалагчаар Төрийн Думын байнгын хорооны 1-р орлогч дарга Константин Затулин тодроод байна. “Биднийг Хойд Солонгос болгочихсон байна шүү дээ”– Затулин гэнэт олж харжээ. Энэ мэтээр дайны цагийн хууль зөрчин, Оросын армиа гутаах кампанид дараа дараалан татагдан орох депутатуудын нэрс битүүхэн бүрджээ. Төрийн Думын индрээс “Путиныг огцруулъя” гэж орилолдох цаг хэзээ мөдгүй.
 
сонин mn
“24 Канал”-ын эфирээр чеченийн ерөнхий сайд гэх Ахмед Закаев, мөн Игорь Яковенко нар ярьж харагдав:–Путиныг ойрын хүрээллийнхэн нь устгаж магадгүй, огцруулж магадагүй, эсвэл гадаад руу дүрвүүлж магадгүй, өвчлүүлж магадгүй, өвчний актаар халж магадгүй олон хувилбар буй, фронт дээр байнга бүтэлгүйтэж, төгсгөл нь бүр аймшигтайгаар эргэх рүү явж байгаа тул тийм сүйрлээс эх орноо аврахын тулд  Кремлийн тэргүүнийг авч хаях нь гарцаагүй гэжээ.
 
 
Роман Цимбалюкийн үзэж байгаагаар Москва руу дроны халдлага хийсэн дүр эсгүүлээд оросуудаа “Вставай страна огромная!” хэмээх дуу дуулуулан ариун дайнд босгох гэсэн ядарсан арга ажээ. Путин ч өөрөө айсан шинжгүй, энэ юу ч биш, юу ч болоогүй хэмээн ярьсаныг Цимбалюк өлгөж аваад ФСБ-гийн хийсэн ажил
болгож дроныг тайлбарлав.
 
 
Өөрсдөө тийм үйлдэл хийчихээд суртал нэвтрүүлэгчдийг айхтар хилэгнүүлж, тэд нь эфирээр укрнацистуудыг амаа цангатал харааж зүхнэ. Оросын ард түмэн ухаантай, олон саяулаа Кремлийн суртал нэвтрүүлэгт тархиа тушаачихаагүй байна гэдэг нь харагдаж, харин ч дрон нисч ирсэнд “Болж”, “Хохь нь” гэхийн наагуур хандсан, Москва даяар тайван амгалан байгаа, зуны амралтын сезон эхлээд юун дрон манатай, Рублевкад дрон унасныг тавласан ярилцлага өгсөн зэрэгт Владимир Соловьев  ёстой боож үхэв. Телестуддээ дэлбэрэх шахаж байгаа хилэнт Соловьевыг өдөр болгон оросууд хардаг болж. Ам л ангайвал “Газрын хөрснөөс арчаад өгөөч!” 
 
сонин mn
Москвад паник алга, оросууд тайван байна. Харин Шойгуд буух ял хүндэрлээ. Нөгөө агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсэг чинь хаачсан бэ гэсэн асуулт оволзон гарч иржээ. Пригожин бүр заналтайгаар түүнийг хараан зүхэж ярив:–Та нар бол малнууд. Муусайн малнууд минь эх орноо хамгаална гэсэн чинь аль вэ? Та нар чинь БХЯ юм байгаа биз дээ?  Орост хүчирхэг арми байлгахыг Путин хүсдэггүй, учир нь хүчирхэг, үр ашигтай арми байх аваас өөрийнх нь дэглэмийг түлхэн унагах болно, иймд арми сул байх ёстой. ЧВК Вагнерыг Путин буй болгож сулхан армийг сөргүүлж, хооронд нь хагаралдуулан, “Хуваа захир!” зарчмаараа улсаа удирдахыг хүссэн хэмээн оросын сэтгүүлч зохиолч Юлия Латынина ярив.
 
сонин mn
Оросын төрийн мэдлийн ТВ-ийн сувгуудыг үзэхэд тусгай ажиллагааны ялалтыг хэн ч ярихаа больжээ. Харин ялахгүй байгаагийнхаа шалтгааныг олон талаас нь мөлжих болжээ. Оросын арми сул байна, дайнаас өмнөх суртал нэвтрүүлэг, цэрэг-эх оронч шоунууд бүгд худал байжээ гэсэн ерөнхий ойлголт төрүүлэхээр харагдаж байна. Украин руу давшиж орчихоод Херсон, Харьков мужид амжилттай байлдаж байсан тухай дурсаж байгаа хүн нэг ч алга, харин ОХУ-ын хил яагаад ийм задгайрав, хилийн олон хэсгээр зэвсэглэсэн украин боевикууд нэвтрээд хорлон сүйтгээд байхад Оросын хилийн цэрэг, Росгварди, ФСБ хаана байв гэсэн асуултыг оросын суртал нэвтрүүлэгч Виктор Олевич НТВ-гээр тавих ба түүний хэлсэн нь энэ байна:–Дайнаа зогсоох хэрэгтэй, бид тэртэй тэргүй ялахгүй!
 
Кремлийн эрх баригчид цаг үеэ огтоос мэдрэхгүй чигээрээ тэнэгтэнэ. Оросын ард түмэн, ялангуяа орос эрс, орос залуус Барууны эсрэг, Украины эсрэг дайн гэдэгт ёстой дөжирчээ. Украиныг үзэн ядуулах гээд бардаггүй. Яаж ч айлгах гээд “Вставай страна огромная!” дуу үеэ өнгөрөөжээ. Архивт хадгалагдлаа.
 
Орос орон ёрын дайнаасаа болоод үнэхээр эгэл бус байна. Елена Гуляева гэх блогер бичжээ: –Оросын дотоод бодлого бол ердөө энэ. Баян тансаг хэзээ ч амьдарч үзээгүй, тэгэхийг яарах хэрэггүй. Гэхдээ тэр цаг эхэлж байна гэж ард түмнээ ятгах. Оросын гадаад бодлого нь өөрсдөө хэвийн амьдрахгүй, бусдыг ч хэвийн амьдруулахгүй, ердөө энэ гэжээ.
 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
 
сонин mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу