Урд хөршид өнгөрсөн 5 дугаар сарын дундуур болсон эмнэлгийн технологийн томоохон үзэсгэлэнд очоод ирсэн маань үүнийг бичих сэдэл өглөө. Дэлхий даяар технологийн хөгжил асар хурдацтай хөгжиж байна.
Хөгжлийн ерөнхий чиг хандлага нь уламжлалт том овор хэмжээ бүхий тоног төхөөрөмжүүд хэмжээний хувьд авсаархан, жижиг болж, жижгэвтэр тоног төхөөрөмжүүд гэрийн нөхцөлд хялбархан хэрэглэж болохуйц болжээ. Мэдээж бараг бүх тоног төхөөрөмж интернэтэд холбогддог (IoT), хиймэл оюун ухааны (AI) үйлдэлтэй болсон байна.
Шинээр маш олон төрлийн тоног төхөөрөмжийн шийдлүүдийг санал болгож байна. Ингээд нийтлэлийнхээ үндсэн зорилго болох эрүүл мэндийн салбарын зардлын өсөлтөд томоохон байр суурь эзэлж буй технологийн зардал, түүнд хийгдэх үнэлгээний талаар талаар товч дурдъя. АНУ-ын сүүлийн 20 гаруй жилийн эрүүл мэндийн үйлчилгээний үнийн (хуримтлагдсан) индексийн өсөлтийн хувь бусад хэрэглээний үнийн индексээс өндөр гарсан байна. Тухайлбал, хэрэглээний үнийн хуримтлагдсан өсөлт 78.2% байсан бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өсөлт 115.1% -тай гарчээ. АНУ эрүүл мэндийн салбартаа асар өндөр зардал гаргадаг ч зардлынхаа хэмжээнд хүрсэн үр дүн үзүүлж чаддаггүй гэж үздэг. Тиймээс эрдэмтэн, судлаачид АНУ-ын эрүүл мэндийн системийг хуулбарлаж, даган дуурайхыг зөвлөдөггүй нь үүнтэй холбоотой биз ээ. Эрүүл мэндийн хэрэглээний үнийн өсөлтийн гол шалтгаан нь ажиллах хүчний цалингийн зардал, хүн амын насжилт, өндөр технологийн хөгжил, эрүүл мэндийн аялал жуулчлалтай холбоотой гэж үздэг байна.
Харин манай улс хэрэглээний үнийн индексийг 1991 оноос тооцож эхэлсэн бөгөөд 1991 оны үзүүлэлтийг 2021 оныхтой харьцуулахад 580.3 дахин нэмэгджээ. Эрүүл мэндийн хэрэглээний үнийн индексийг хэзээнээс тооцож эхэлснийг мэдэхгүй ч (2021 оны статистикийн эмхэтгэлээс) 2015 оныхыг 100 хувь гэж үзвэл 2021 он хүртэл 145.5% болж 45.5% хувиар өссөн байна.
Ерөнхий индексийн өсөлт энэ хугацаанд 141.6% байгаа нь манайд дээрх үзүүлэлтүүд ойролцоо байдгийг илтгэж байгаа бөгөөд уг өсөлтийн шалтгааныг ангиллаар гаргаж дурдаагүй байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 1994 онд 10.2 тэрбум төгрөг байсан бол одоо бараг 2 их наяд төгрөгт хүрсэн байна. Улсаас зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч цаашид улам нэмэх хэрэгтэй гэсэн судалгаа байдаг. 2 их наяд төгрөг бол бага мөнгө бол биш. Харин чамлалттай харагдаад байгаагийн шалтгаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, технологийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж, зарцуулж буй зардлыг тэлэх чиг хандлагатай байгаад оршиж байгаа юм. Нөөц байнга хязгаарлагдмал, харин түүнийг үр ашигтай зарцуулах бодлого бол “мөнхийн даалгавар” билээ.
Эрүүл мэндийн салбарт хамгийн хэрэгтэй болоод байгаа зүйл бол нотолгоонд суурилсан шийдвэр гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч энэ талаар зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ хийх явдал. “Технологийн үнэлгээ” гэдэг нэршлийн хамгийн түрүүнд тархинд буух зураглал бол тоног төхөөрөмжийн тухай л ойлголт. Гэвч энэ нь арай өргөн хүрээний ойлголт юм.
Эрүүл мэндийн технологийн үнэлгээний (ЭМТҮ) салбар олон талт үйл явц бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологийн шинж чанар, үр нөлөө ба нөлөөлөлд хийж буй системчилсэн үнэлгээ юм. Уг үнэлгээ нь эрүүл мэнд, нийгэм, ёс зүй, эдийн засгийн хэмжүүрийг агуулсан байх ёстой бөгөөд эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх үндсэн зорилготой байдаг. ЭМТҮ нь чанар, аюулгүй байдал, эмнэл зүйн үр дүн, зардал үр ашгийн талаар үнэлгээ өгдөг. Дэлхий дахинд 1970-аад оноос хойш хэрэглэгдэж ирсэн уг аргачлалаар эхэн үедээ өндөр өртөг бүхий том технологи дээр үнэлгээ хийж байсан бол дунд үеэс жижиг технологи дээр анхаардаг болсон байна. Харин сүүлийн үед зөөлөн технологи буюу тусламж үйлчилгээний хэрэгцээ шаардлага дээр хүртэл үнэлгээ өгдөг болсон. Эрүүл мэндийн технологийн үнэлгээнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, вакцин, био бэлдмэл, эмчилгээний шинэ арга, мэс заслын хэрэгсэл,цаашилбал нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөр, арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх боломжтой байдаг байна. Өөрийн орны онцлог байдал, зөвхөн тайлбарлан таниулах талаас нь үнэлгээний төрөл тус бүр дээр жишээ татаж үзүүлье. Энд дурдагдсан жишээнүүд эрүүл мэндийн технологийн үнэлгээ бус зөвхөн нийтлэл бичигч миний өөрийн үнэлгээ, өнцөг гэдгийг анхаарна биз ээ. Харин дурдагдсан тоо,баримт сэлт нь бодит болно.
Эмэнд хийх үнэлгээний талаар: ЭМТҮ-ний сонгодог хэрэглээ бол шинэ эмийг эмнэл зүйд нэвтрүүлэх явдал. Тухайлбал хавдрын бай эмчилгээ болон уламжлалт хими эмчилгээний эмнэл зүйн үр дүн, чанар, аюулгүй байдал, зардал үр ашгийн шинжилгээнд уг үнэлгээг ашигладаг. Манай оронд эмийн нэгдсэн худалдан авалтад уг үнэлгээг хийж болмоор санагддаг. Монгол улс жилд 700 гаруй тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийдэг бөгөөд 500 орчим нь эмэнд зарцуулагддаг байна. Эдгээрээс багагүй хэсгийг антибиотикийн худалдан авалт эзэлдэг. Антибиотикийн хэрэглээтэй холбоотой нянгийн тэсвэржилт хүн төрөлхтний хөгжил, эрүүл мэндэд томоохон аюулыг дагуулж байна. Үүний шалтгаан нь антибиотикийн буруу болон хэт хэрэглээ юм. Нөгөө талаар эмч хүний нүдээр харахад зарим төрлийн антибиотик хэт олон янз, хэлбэрээр үйлдвэрлэгдэж байгаа нь хэрэглэгчдийг болоод эмч нарыг төөрөгдөлд оруулдаг. Мөн үйлдлийн идэвх янз бүр байдаг нь нянгийн тэсвэржилт үүсгэх нэг шалтгаан болж болзошгүй юм. Эм бол стратегийн бүтээгдэхүүн учраас цэвэр зах зээлийн системд найдаад орхиж болохгүй. Тиймээс төрийн зохицуулалтын оролцоо тодорхой хэмжээнд хэрэгтэй. Улсаараа эмийн хатуу зохицуулалттай аль нэг орноос нэгдсэн худалдан авалтыг антибиотик дээр хийвэл эдийн засгийн болоод эмнэлзүйн өндөр ач холбогдолтой байх болов уу. Бүх эмийг нэг улсаас авах боломжгүй ч антибиотикийн хувьд илүү боломжтой юм. Мэдээж гааль, тээвэр ложистикийг хувийн аж ахуйн нэгжүүд хийгээд явах бүрэн боломжтой.
Вакцинд хийх үнэлгээний талаар: Элэгний хавдрын шалтгаан дотор элэгний D вирусийн үүрэг өндөр байдаг. D вирусийн эсрэг вакцин байхгүй ч хэрвээ элэгний B вирусийн эсрэг вакцин хийлгээд дархлаа бүрэн тогтсон бол та D вирусийн халдвараас айх аюулгүй юм. Элэгний В вирусийн эсрэг вакцин 2 вирусээс давхар хамгаалах ач холбогдолтой. Вирусийн халдвараас хамгаалагдвал элэгний хавдрын хамгийн том шалтгааны нэгээс хамгаалагдлаа гэсэн үг. Элэгний хавдрын мэс заслын эмчилгээнд ЭМДС-аас нэг тохиолдол бүрд 7 хүртэлх сая төгрөг зарцуулдаг бол товлолт вакцинжуулалтыг үр төлбөргүй хийж байна. Энэ бол зардал, үр ашгийг илэрхийлсэн том харьцуулалт. Харин дархлаа суларсан үед сайн дурын давтан вакцин хийлгэх нь тун чухал байж таарна. Технологийн үнэлгээний тухайд хүний папилома вирусийн эсрэг вакцин хийснээс гарах үр дүнгийн талаар дурдъя. Манайд удахгүй заавал хийх товлолт дархлаажуулалтад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний нотолгоо нь технологийн үнэлгээний үр дүн юм. Хүний папилома вирусийн эсрэг вакцин хийлгэснээс хойш 5-8 жилийн дараа халдварын тархалт 83%-иар буурсан судалгаа гарсан байдаг ба энэ нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх өндөр үр дүнтэй арга болох нь нэгэнт батлагдсан байна.
Тоног төхөөрөмжийн үнэлгээний талаар: Монгол Улс элэгний хавдрын тархалтаар дэлхийд тэргүүлдэг. 2022 оны статистикаас харахад нийт хорт хавдрын 33 хувийг эзэлж байна. Үүнтэй холбоотойгоор элэг тайрах мэс засал маш их хийгддэг. Хавдрын бүх мэс заслын зардлыг эрүүл мэндийн даатгалаар бүрэн дааж байгаа бөгөөд хэрвээ уг хагалгааг технологийн хувьд Да Винчи роботоор хийлээ гэж үзвэл зардлыг зайлшгүй тооцоолох хэрэгцээ шаардлага үүснэ. Дээрх аргаар уг мэс заслыг хийх болон уламжлалт аргаар хийхэд гарах зардал үр ашиг, эмнэлзүйн үр дүн зэргийг тооцож үзээд эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэх эсэх шийдвэр гаргана гэсэн үг. Технологи бүрийг сайн гэж үзэж болохгүй бөгөөд зардлын таазгүйгээр зөвхөн үр дүнгийн хойноос хөөцөлдөх нь үр ашиггүй байдлыг бий болгодог. (Да Винчи робот аппаратын үнэ дунджаар 2 сая ам.доллар, нэг удаагийн мэс заслын ажлын зардал 20 гаруй сая төгрөг байдаг байна.)
Эмчилгээний үнэлгээний талаар: Монголд өнөөдөр 1000 гаруй иргэн бөөрний архаг дутагдлын улмаас жилдээ давхардсан тоогоор 112 мянга гаруй удаа гемодиализид орж, эрүүл мэндийн даатгалын сангаас 13.7 тэрбум гаруй төгрөг (2021 онд) зарцуулж байна. 2021 онд Улсын хэмжээнд22 иргэнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж даатгалын сангаас 11 тохиолдлын 267.1 тэрбум төгрөгийн зардал гарчээ. Одоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээлтийн жагсаалтад 500 гаруй иргэн байна. ЭМТҮ-ний гол зорилго энэ тохиолдолд бөөрний архаг дутагдлыг гемодиелизид оруулаад байх уу, эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хийх үү гэдэгт зардал-үр ашиг, төсвийн нөлөөлөл дээр үнэлгээ өгнө гэсэн үг юм. Үүний үр дүнд мөн л энэ талаар баримтлах бодлого чиглэл нь тодорхой болох юм.
Хөрөнгө оруулалтын үнэлгээний талаар: Зарим талаар эрүүл мэндийн системийн хөрөнгө оруулалтын талаар үнэлгээ өгөх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа нь харагддаг. Эрүүл мэндийн салбарын их засвар, өргөтгөл, шинээр байшин барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын төлөвлөлийг ихэвчлэн улстөрчид хийж ирсэн байдаг. Магадгүй манай улсын сонгуулийн тогтолцоотой холбоотой биз. Хөрөнгө оруулалтад нэгдсэн бодлого гаргаад ч хэрэгжих магадлал тун бага. Харин шинээр барих дэд бүтэц, өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж дээр технологийн үнэлгээ заавал хиймээр санагддаг. Засгийн газрын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт долоон томоохон эмнэлэг барих зорилт дэвшүүлсэн. Үүнээс гадна хараахан баригдаж дуусаагүй эмнэлгийн барилгууд ч нэлээд бий. Гэтэл 2018 онд хийгдсэн техникийн үр ашгийн судалгаагаар төрөлжсөн эмнэлгүүдийнх 62%, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийнх 49%, сумын эрүүл мэндийн төвүүдийнх 71.8%-тай гарсан байдаг. Мөн 2021 оны байдлаар эмнэлгийн орны фонд ашиглалт 70 хувьд хүрэхгүй байгаа нь цаашид хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй байдал, нөөцийн ашиглалтын талаар зайлшгүй үнэлгээ хийх хэрэгтэйг харуулж байна. Эмнэлэг шинээр бариад байх нь зөв үү, эсвэл нөөцийн ашиглалтаа нэмэгдүүлэх үү гэдэг л сонголт. “Тохиолдолд суурилсан санхүүжилт”-ийн аргаар эрүүл мэндийн байгууллагууд санхүүжиж байгаа өнөө үед дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэт тэлэлт нийт системийн болоод байгууллагын ашигт үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөхийг бүх шатандаа ойлгох шаардлагатай болжээ.
Нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн талаар: Эрүүл мэндийн салбарт 1990-ээд оноос хойш “Үндэсний хөтөлбөрүүд” хэрэгжсээр ирсэн. Бараг салбарын шинээр томилогдсон сайд бүхэн өөрийн нэрээр үндэсний хөтөлбөр санаачилж хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тооцоо судалгаагүй төсөл хөтөлбөрүүд үр ашиггүй байдлыг бий болгож улмаар нөөцийн үр ашиггүй зарцуулсан байдал руу хөтөлдөг. Зарим тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэмэлт ачаалал бий болгох, үйл ажиллагааны давхцал ч үүсгэх эрсдэл дагуулсаар ирсэн. Иймээс аливаа нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ хэрэгжүүлэхийн өмнө тусламж үйлчилгээнд үзүүлэх шууд ба шууд бус нөлөөллийг тооцоолох, цаашлаад төсөвт үзүүлэх ачаалал, эцсийн үр дүнг тооцдог байвал зохимжтой санагдана.
Эрүүл мэндийн технологийн үнэлгээ хийх эрх зүйн орчин байна уу?
Эрүүлийг хамгаалах анхны хуулиас (1977) эхлээд технологийн талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Уг хуульд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, хангалтын техникийн нэгдсэн бодлогыг томьёолж өгсөн. Тухайн үеийн бодлогын зорилго ард иргэдэд дээрх бүтээгдэхүүнүүдийг үнэ төлбөргүй, тасралтгүй хангахад чиглэж байлаа. Харин 1998 онд Эрүүл мэндийн багц хуулиуд батлагдаж эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалтыг Эмийн тухай хуульд илүүтэй тусгаж өгсөн байна.
Эрүүл мэндийн технологийн бодлогын асуудал Засгийн газрын 2002 оны 264 тоот тогтоолоор анх удаа тусгайлан батлагдаж байжээ. “Эрүүл мэндийн технологийг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийг 6 жилийн хугацаатай, 75 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 22 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Бодлогын зорилтууд өнөөдрийн төвшнөөс харахад дийлэнх олонх нь хангагдсан гэж үзэж болохоор байна. Харин "Эрүүл мэндийн технологийн байдалд байнгын үнэлгээ өгч хөгжлийн түвшин тодорхойлно" гэсэн арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй хийгджээ гэсэн сэтгэгдэл төрлөө. Энд тодорхойлсон технологийн байдлын үнэлгээ нь орчин үеийн тоног төхөөрөмжийн хангалтад хийх тоо, чанарын үнэлгээ болохоос биш, зардал-үр ашгийг талаарх агуулга харагддаггүй. Хөтөлбөрийн санхүүжилтээр 2004 онд "эрүүл мэндийн технологийн үнэлгээ" гэх гарын авлага хэвлэгдэж гарсан нь үнэхээр сайшаалтай. Уг гарын авлага нь энэхүү нийтлэлийн маань гол агуулгатай яв цав тохирч байгаа бөгөөд тухайн цаг үедээ ИБУИНВУ-ын Эмнэлзүйн үндэсний хүрээлэнгээс боловсруулсан эрүүл мэндийн технологийг үнэлэхэд ашигладаг хоёр аргачлалыг орчуулсан байдаг. Харамсалтай нь уг гарын авлага дараа дараагийн бодлогын бичиг баримтад тусгагдаж хэрэгжээгүй нь харамсалтай.
Дээрх үндэсний хөтөлбөрийн дараа, 2013 онд Эрүүл мэндийн сайдын ''Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлого батлах тухай'' 176 тоот тушаал гарсан байдаг. Үүнд, уг бодлогыг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ онд дуусгавар болно. Бодлогын бичиг баримт гаргах нэг хэрэг, хэрэгжилтэд хийх үнэлгээ өнөөдөр аль ч салбарт тулгамдаж байгаа асуудал болоод байна.
Энэ жилээс уг бодлогын хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж дараагийн бодлогын баримтад тусгах зөвлөмж гарна гэж найдаж байна. 1977 оноос хойших технологийн бодлогын бичиг баримтын зорилтыг тоймлон харвал технологи гэдэгт эмнэлгийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж гэдэг талаас нь хандаж тэдгээрийн тасралтгүй хангамжийг чухалчилж, тооноос чанар, уламжлалт технологиос орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад чиглэгдэж байсан байна. Харин үүнд өнөөдрийн тулгамдсан асуудлууд болох технологийн үнэлгээний зардал, үр ашиг, төсөвт үзүүлэх нөлөөлөл гэсэн агуулгууд бүрэн орхигдож иржээ.
Эрүүл мэндийн технологийн үнэлгээг хэн хийх вэ?
Олон улсад бие даасан хүрээлэнгүүд байдаг бөгөөд заавал бие даасан хэлбэрээр бус өөр өөр чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Үнэлгээ хороо ажиллаж болдог байна. Манай орны хувьд өөр өөр төрлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Үнэлгээний байнгын бус хороо хэлбэрээр ажиллуулж болох юм.
2020 оны эрүүл мэндийн багц хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оношийн хамраалтай бүлэг, төлбөрийн хэмжээ, чанар болон санхүүгийн хяналтын оношийн хамраалтай бүлэг, төлбөрийн хэмжээ, чанар болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Техникийн хороо байгуулахыг хуульчилж өгсөн.
Энэхүү Техникийн хороо эрүүл мэндийн технологийн үнэлгээг бүх агуулгаар хийх боломжгүй ч ЭМДС-гаар дамжуулан санхүүжүүлж байгаа тусламж үйлчилгээнд чиглэсэн зөвлөгөө дүгнэлт өгөх хороо юм. Харин Технологийн үнэлгээний хороонд ЭМЯ, ЭМДЕГ, ЭЭХХГ, ЭМХТ, АШУИС, харьяа төрөлжсөн байгууллагууд, ханган нийлүүлэгч болон өвчтөн үйлчлүүлэгчийн төлөөллийг оролцуулан хийж болно. Харин нэг удаа төсөл хөтөлбөрийн хүрээнд хийх ажил бус, тогтмол хийж байж үр дүнд хүрэх учиртай. Тогтвортой хийхийн тулд эрүүл мэндийн тухай хуулийн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд уг чиг үүргийг оруулж өгөх нь чухал ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн технологийн үнэлгээний хэрэгцээ шаардлагыг энгийн байдлаар зүйрлэвэл хөгжил буурай орны хүнсний хэрэглээтэй адилтгаж болох юм. Эхний шатанд өргөн хэрэглээний, үнэ төлбөргүй хүнсний хангамж хүртээмж л чухал. Энэ үе шатыг давсны дараа хүнсний илчлэг, нэр төрөл илүү чухлаар тавигдаж таарна.
Сүүлийн шатанд зохистой хэрэглээний тухай асуудал яригдана. Хүнсний зохисгүй хэрэглээний үр дагавар таргалалт, түүнийг дагасан зүрх судасны өвчин. Энэ бүхэн тусламж үйлчилгээ дээр нэмэлт зардал болж өгнө. Харин эрүүл мэндийн технологи дээр манай орны хувьд энэ үе шатыг дамжаад явж байгаа гэхэд буруудахгүй болов уу. Эрүүл мэндийн технологийн хойноос хэт явна дараагаар нь хэтэрсэн технологийнхоо үр дагаварт мөнгө зарцуулж эхэлнэ гэсэн үг. Иймээс технологийн үнэлгээ дээр суурилсан технологийн зохистой хэрэглээ юу юунаас илүү чухал болоод байна.
Хүний их эмч Б.Буянтогтох