Caakmedee

С.Шаарийбуу: Надад энэ хэргийн үнэн мөнийг олтол үхэх эрх байхгүй

  • Нийтлэл
  • 2019/01/31
Эвийдээ зайлуул, үр хүүхдээ алдах шиг зовлон энэ орчлонд байхгүй. Эцэг хүн гаднаа нурахгүй ч дотроосоо эмтэрч элэгдэж нурж явсаар 13 жилийг үджээ.
 
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайзад том охин Ш.Алтантуяагаа бусдын гарт харамсалтайгаар алдсан С.Шаарийбуу өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөнийг олж, гэр бүлд нь  учирсан хор хохирлоо барагдуулахаар уйгагүй явж байна.
 
Хэдэн жил шуугиан тарьж байсан энэ хэрэгт хоёр цагдааг яллаад өнгөрсөн. Гэвч сэтгэл санаа болон эдийн засагт учирсан хохирлоо барагдуулах ёстой гэсэн эцэг энэ хэргийг зүгээр орхисонгүй.

Жинхэнэ гэмт этгээдүүд буюу хайртай охиныг нь буудан хороох даалгавар өгсөн тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, хэргийг дахин нягталж шалгуулахаар болсон.

Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн шалгасан энэ харамсалтай хэрэгт Малайз болон Монголын талаас анхаарал сайн хандуулж байгаа. Бүтэн жил шалгасан хавтаст хэргийг дэнслэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн.

Хэрэгт Малайзын ерөнхий сайд байсан Нажиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда холбоотой бөгөөд талийгаач Ш.Алтантуяа тэднийн орчуулагчаар ажиллаж байсан юм.

Уг шүүх хуралд 69 настай аав С.Шаарийбуу, талийгаачийн том хүү, үеэл О.Бурмаа, Г.Намираа нар оролцож байна. Үеэлүүд нь гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Энэхүү шүүх хурлаас нэхэмжлэгч тал буюу талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая Малайз ринггит буюу 27 орчим сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаардаж буй. Шүүх хурлын эцсийн шийдвэр өнөөдөр гарах юм байна.


Шүүх хурлын танхимд талийгаачийн аав С.Шаарийбуу “Хайртай охиноо алдсан тэр өдрөөс л бидний амьдрал утга учиргүй болж,  дууссан. Охин минь гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд маш их хувь нэмэр оруулдаг байсан.  Хоёр хүүгээ юугаар ч дутааж байгаагүй. Маш сайн ээж байсан. Тухайн үед хөвгүүдийн том нь 10, бага нь 4 настай байсан. Хоёр хүү минь өнчрөөд үлдсэн.

Бага хүү нь их бие муутай хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, өөрөө бие дааж явахад хүндрэлтэй хэн нэгний тусламжтай ойрхон зайнд явдаг байсан. Охин минь амиа алдахаасаа өмнө байнга хүүгийнхээ дэргэд байж, хүүгээ өдөр бүр асран, хүүгээ түшин алхах дасгал хийлгэж, сүүлдээ гадаад руу ч аваачиж эмчлүүлж байсан.

Ингээд 2006 онд охин минь харамсалтайгаар амиа алдаж түүний минь үүрдэг байсан бүх ачаа миний нуруун дээр буусан даа.

Бага зээгийн минь бие улам муудаж, хэвтэрт орж, надад хичээхээс өөр зам үлдээгүй. Том зээ маань зуны амралтаараа ойр зуур ажил хийж хичээлийн бэлтгэлээ базааж надад нэмэр болдог болсон. Зээ нарынхаа төлөө амьдарч байсан байраа хүртэл зарсан.

Бага зээгийн минь бие нь муудсаар өнгөрсөн 2017 онд нас барсан. Хүүд ээжийнх нь тухай үнэнийг хэлээгүй. Төрсөн өдрөөр бэлгийг нь бэлдчихээд ээж нь явууллаа гэж хэлдэг байсан. Ээж нь хол газар ажилладаг юмаа гэж худлаа хэлдэг байсан. Одоо үлдсэн ганц зээгийнхээ төлөө явна. Энэ хэргийн үнэн мөнийг олтол надад үхэх эрх байхгүй” гэжээ.
 
 О.Гэрэлт
Оллоо.mn скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу