Caakmedee

Үүд хоймрын зайтай суугаа Гончигсүх, Хүрэлдорж хоёрт ялгаа юу байна

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2018/11/26

Цаана чинь гамшиг боллоо! УИХ-ын чуулган дээр МУ гамшгийн сайд Хүрэлсүх “Ху намын далбааг шатаасан тухай” хамгийн сүүлийн үеийн, хамгийн гамшигт мэдээг чирж орж ирлээ. Гамшгаа хүзүүн дээрээ тохчихож! Хярвас үнэртээд л... Тойруулсан улаан дусал бүхий дүрстэй уул далбаа дундуураа салж унаад гамшгийн мөрөн дээрээс салбалзах нь нүд хальтрам гамшиг.  Яагаад ч юм энэ далбаа надад бүтнээрээ байгаад ч “савны рак” гэж нэг иймэрхүү юм байдаг болов уу гэж төсөөлөгддөг болохоор одоо энэхүү залуу хунвэйбиний хүзүүн дээр салбайгаад байж байгаа нь огиудос хүрмээр сэжиглэм!
Гамшигт сайдын ярьж байгаагаас үзэхэд Сүхбаатарын хөшөө рүү МАХН-ы дайснууд шээж баасан юм гэнэ. Аль гурван жилийн өмнө Энхбаяр гурван тэрбум төгрөгөөр Хятадын компаниар цардуулахад тэд зэрэгцүүлээд жорлонгоо шовойлгочихсон байсан биз дээ. Нөгөө далбааг нь Элбэгдорж чүдэнз өгч явуулаад шатаалгасан гэнэ. Тийм байж болно, тэрийг нь заавал гамшиг сайд өөрөө үлээн ноцоож үздэг нь ч юу юм бэ дээ. Элбэгдорж чүдэнзтэй холбоотой асуудлаараа гамшигт сайдаас уучлал гуйх ёстой төдийгүй сайд өөрөө түүнийг мөнөөх хярвастай даавууны сэгний өмнө сөгдүүлж байгаад мөргүүлнэ гэнэ. Үгүй бүр яг ингэж үгчилж ярьсан шүү. Согтуу л байх шиг байна лээ. Гэхдээ энэ зэрэгтэй цойлчихсон гамшиг хямд муухай найрка хусчихсан баймааргүй юм. Төрийн буян гэж байна даа. Магнай дээрээ дазыбао ороож наасан мань гамшиг үүсгэгч (хэмжигч?) бaчимдан орилно,
  • Цаана чинь сүйд боллоо! Сүх жанжны байгуулсан намыг гутаалаа. Чойбалсан, Цэдэнбал, Батмөнхийн намыг доромжиллоо. Монгол Улсад тусгаар тогтнол, эрх чөлөөг авчирсан манай намыг доромжиллоо. Миний нам энэ орныг байгуулсан юм! Нам ба эх орноо аваръя.
Энэ орны өнгөрсөн бүхий л түүх ял гавъяатайгаа бүх монголчуудад хамаатай. Сүх жанжны байгуулсан нам л гэнэ, түүхийн шинэ баримтаас үзэхэд  худлаа л  даа, гэхдээ тэр нь яахав, миний эх эцэг ч тэр намд харъяалагддаг. МАХН гэж улс төрийн бие даасан нам байсангүй, төр барих нэг өвөрмөц дарангуйллын багаж байж. Түүнд бид хүссэн ч хүсээгүй ч бүгд хамаарч байсан. Гэхдээ энэ байгууллага өөрийн логиктой байлаа. Хүрэлсүх шиг солиотой нь их бодож сумын эвлэлийн дарга хийгээд тэндээ л тэнэгтэж сууна. Дээшээ өндийх шанс үгүй! Бөөс болгон өөрийн зиндаа, идээшлэх талбайтай. Нам засгийн нэр унагана гээд иймэрхүү амьтсыг хүний нүдэнд харуулдаггүй байв.
            Улс төрийн ардчилсан нам МАХН 1990 онд байгуулагдсан. Ардчилагдахын хирээр “хөөрхөн” амьтсын цоролзох дөрөө болж хувирав. 1996 оны сонгуульд энэ нам ялагддаг шөнө намын дарга Даш-Ёндон гуайг Хүрэлсүх гэгч балмад офицер элэгдэж унагав. Үүнээс хэдхэн сарын өмнө энэ нөхөр архинд орсон МАХН- залуу гишүүдийг Францаас эм авчирч эмчилнэ хэмээн намын бланкан дээр төсөл хийн “Ард” банкнаас 150 мянган ам доллар аван үзэх мөргүй болгон луйвардсан эрүүгийн хэрэгтэн шүү дээ! Ийм мундаг “баатрыг” “намаа шинэчлэх” хүрээнд Энхбаяр олж ирж тэжээн өвчнийг нь эдгэршгүй болтол архагшуулсан түүх энэ болой. Өдгөө МАХН-аар хөл гул хийн өндөрлөгт гарч хулгай хийгчид тун олон болжээ.
            90-ээд оны дундуур Ц.Мөнх-Оргил гэгч залууг би таних. Социализм сөнөнө гэж мэдээгүй байж байгаад УТТ-ны хүргэн болж маш том алдсан боловч засарч байгаа гэдгээ нотлохын тулд МАХН гэдэг үгийг бүтнээр нь дуудаж ч чадахгүй, замд нь 3 - 4 удаа сүрхий огиулдаг байж билээ. 2000 оны намар Энхбаяр түүнийг олж ирж сайд болгов. Мөнгийг нь шударгаар төлсөн юм гэнэ билээ. Намрын дунд сарын 17-нд түүнийг МАХН-д элсүүлж чойг зүүж өгөв. Үүнээс хойш тэр туранхай хөх залуугийн жавьжнаас боок идчихсэн аятай “манай МАХН болбоос” гэсэн хүн айлгадаг цагаан хөөс үргэлж пургилж байх болов. Энхбаяр Буштай уулзаж, харин Мөнх Оргил үүнийг авгайгаараа зуучлуулсан гээд улсаас 70 мянган ам доллар шууж орхих юм! Буян Жагаа, Марубини, Засгийн газар гурвын асуудал Лондонгийн шүүхэд очлоо. Мөнх Оргил зохицуулна гээд тэнд өвөлжив, хаваржив, зусав.  Бүх асуудлыг 60 мянган долларт багтаан шийдсэн ухаалаг хуульч Мөнх Оргилын ярилцлага үе үе сонинд гарна. Өдгөө бүх протоколоос үзэхэд тэрээр Лондонгийн шүүх хуралд цор ганц удаа харагджээ.
            - Тэр нөхөр энд юу хийж суугаа хүн бэ?
            -  Би Монголын сайд Мюнк Оргий байна.
            -  Зээл явагдаж байх 1995 онд та хаана байсан бэ?
            - Тэгэхэд би хувийн бизнес хийдэг байсан.
            - Тэгвэл энд хэлэлцэх асуудал танд падгүй юм байна. Та шүүхийн танхимийг яаралтай орхин гарна уу!
Лондонгийн шүүхэд Монгол улсын төлсөн зардал 1.5 ам сая доллар болжээ.                
II
Гончигдорж сэтгүүлчдэд ам мэдүүлэг өгнө. МАХН-тай эвсэж алдаа гаргаад хулхидуулсан гэнэ. Дахиж ингэж алдахгүй гэнэ. Засаг шинээр байгуулбал үхэж байсан ч хууртаж орохгүй гэнэ. Нүдэнд нь нулимс хуржээ. Гэхдээ хор шар агуулсан цог алга. Ердөө л найр наадамд тоогдож уригдалгүй гэртээ хоцорсон өвгөн хүний цагаан гомдол!
Энэ хүнийг би арван таван жил өмөөрч гүйсэн. Хавийн амьтантай бүгдтэй нь муудалцсан. Зарчмаа, ардчиллаа, намаа өмөөрч явсан царай минь тэр. 15 жилийн өмнө сэтгүүлч С.Цогтсайхан “Алаг бөмбөг” гэсэн алъюу гэсэн нийтлэл хэвлүүлжээ. Гончигдоржийн тухай юм! Өрөөсөн тал нь улаан, нөгөө тал нь хөх бөмбөг.  Шаардлагатай газар хэрэгтэй талыг нь мань хүн ээлжилж үзүүлнэ. Тэр үед 13-ын бөмбөг гэж нэг тийм дүлий эрзийнэн алаг бөмбөг байдаг байсан. Зориулалтын бөмбөг ховор учир түүгээр л бүгдийг орлуулж тоглоно. Оногдвол алуулна шүү дээ, өвдөнө гэж жигтэйхэн. Харахад хөөрхөн гэмгүй, алаг бөмбөг! Мань Цогоо Гончигоог алаад өгөхийн зэрэгцээ Монголын утга зохиол бичлэгт бөөн бөөнөөр нь нээлт хийжээ. Хашилтаар тоглох эрдэм үзүүлэв. Аугаа! Шүтэм! Гэвч би юу дутах билээ? Алаг бөмбөгийг өмөөрч оцон шувуу бүхий “Дөрвөн аргын тоо”-гоо тэрлэлээ. Хашилтаас гадна бас хаалт гэж байдаг юм. Монголын утга зохиолын хэлэнд шинэ аяс хэлбэр оруулах гэсэн Цогоо бид хоёрын өрсөлдөөн! Бидний хурууг дамжин алаг бөмбөг эргэлдэнэ. Нэг харсан улаан, нөгөө харсан хөх...!
Гоол... Гончигоо дэд ерөнхийлөгч! Гоол... Гончигоо депутат! Гоол... Гончигоо Их хурлын дарга! 
Цаг явсаар, бөмбөгний будаг гарч өгөршжээ. Алтанхуяг бөмбөгийг залж тоглолтонд орууллаа. Гоол... Махны үйлдвэр! Батхүү заллаа, шидлээ, орлоо, гоол... МИАТ...!!!
Ху намын бүлгийн дарга Идэвхтэн бөмбөгийг ... биш ээ, өөрийн орлогч Гончигоог тоглолтонд орууллаа, шидлээ... уул нь гоол. Гоол ч гэж дээ гоол л юм даа. Түй чоорт, шидэлтээс ядахнаа 50 сая унагаж чаддаггүй ийм бөмбөгний сэгээр хэн юу хийдэг байна аа? Идэвхтэн бүр гайхаж орхив. Тэдний нам шинэчлэгдээд бүх тавилгаа сольсон. Лав л ийм хагархай, өгөрхий 13-ын бөмбөг ганц ч үлдээгүй. Дуртай хүн болгон таних тэмдэг, им тавьсаар байгаад хэн ч таних аргагүй болсон үлдэнгэр!
Ардчиллын түүх, ардчилсан хүчин гэдэг бол бас л миний түүх, миний үеийнхний салшгүй нэг намтар. Бид үүнийг бүтээлцсэн. Энэ бол Монголын ард түмний бүтээл, монголчуудын нэгээхэн түүх. Энэ бол бидний бахархал. Гэвч тэгээд юу гэж, бахархаад л давхиад байх уу? Цээжин дэх бахархал нэг тусдаа, бодит амьдралын шаардлага шал ондоо. Олон намын тогтоц бий болгох, парламентат ёсыг бүрэлдүүлэх ардчилсан хэв ёсны суурь тавих үүрэгтэйгээр ардчилсан хүчин бий болсон.  
III
Монголд улс төрийн намууд 1990 онд л зэрэг зэрэг буй болсон. Манай МАХН 85 нас хүрсэн л гэх юм. Үхдэггүй ээ!  Үнэндээ төрийн бүтцийн салшгүй нэг хэсэг байсан тэр үеийн МАХН шал өмнөө ойлголт юм. Шинэ ардчилсан улс төрийн нам МАХН бол Очирбат нар, Даш-Ендон, Багабанди, Ганди, Зэнээ, Батхишиг нарын үеийнхний цоо шинэ бүтээл. Монголд олон намын тогтоц буй болгох, парламетат ёс бүрэлдүүлэх, ардчилсан дэг буй болгоход үнэлж баршгүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн.  Харин Энхбаяр энэ намыг дахин төрийн багаж, галын хайч, өөрийн дэглэмийн шагнал шийтгэлийн ташуур болгон ”шинэчлэх” гэж байж нэг мөсөн морийг нь унууллаа. Дээр би бүхний нүдэнд ил харагдаж байгаа хоёрыг л жишээ болгож авснаас үнэндээ ээлжээ хүлээж хоолондоо оочирлож байгаа жуликууд цаана нь толгойны хуурснаас хавьгүй олон байна. Чухам тэдэнд 85 жилийн настай үхдэггүй Каше МАХН-ын дуусашгүй гавъяаны домог хоолшилтонд нь хэрэг болоод байгаа юм.
Социализмын үеийн МАХН, ардчиллын үеийн МАХН хоёр Энхбаярын богино дэглэмийн үеийг эс тооцвол тэс өмнөө зүйл. Гэвч өдгөө аль алин нь түүхэн  үүргээ гүйцэтгээд дуусчээ. Үлдээсэн өвийг нь хусах гэсэн, дөрөө хийж төрийн машин руу довтлон түмэн олноо дээрэмдэх гэсэн санаатнуудын гишгүүр болчиж. Учир нь Монголын түүхэнд гүйцэтгэх ёстой үүргээ нэгэнт дуусгасан болохоор цөөврүүдийн цуглах газар болж. Ямар юмны чинь ардчилсан социалист үзэл, үүнийг чинь мөнөөх цөөврүүд л үг хэллэг, хоолны цэс нэрс гэдэг утгаар нь сайтар цээжлээд тогтоочихсон яваа. Намаа шинэчлэнэ гэнэ, аврана гэнэ, үхэгсэдийг амьдруулах арга шинжлэх ухаан ч олоогүй байна, оллоо гээд философи утгаараа хэрэгтэй юм уу? Зомби ертөнц хэрэгтэй юу?
Яг энэ утга, үнэлгээ Ардчилсан намд хамаатай. МАХН ичсэндээ бушуухан залуужлаа (Хүрэлдоржоор!). Ардчилсан нам ичсэндээ бушуухан буурь суулаа (Гончигсүхээр!). Удахгүй энэ процесс эсрэгээр эргэнэ, хариу нь адилхан л гарна. Габриэль Маркэзийн Зуун жилийн ганцаардал романд гарах гарцгүй мөнхийн эргэлтэнд орчихсон жижиг нийгмийг үзүүлдэг. Эмэгтэй болгон нь Урсула, эрэгтэй болгон нь хурандаа Бондиа. Нэг яльгүй дэвшил гарвал зөрөөд нэг ухралт гарна, нийлбэр нь нойль. Урсула Бондиа хоёр л гэрлээд байна, Урсула, Бондиа төрүүлээд л байна, Хэн нь хэн, яахын тулд хаанаас энэ нийгэмд ямар зорилготой ирсэн юм, бүү мэд. Гарч болдоггүй чөтгөрийн тойргоор 100 жил явна. Гарч болох ганц гарц нь гахай сүүлтэй хүүхэд аль нэг Урсулагаас төрөх ёстой ба тэр нь энэ жижиг нийгмийг бүрэн сүйрүүлэн устгаж тойрог алга болох ёстой домог! Зохиолын эцэст энэ үнэн ирж нийгэм бүрэн сөнөснөөр Зуун жилийн ганцаардлаас гардаг! Манай нийгэм энэ чөтгөрийн тойрогт орчихлоо. Орчин үеийн хурдацтай ертөнц ийм гарцгүй тойргийг удаахгүй, бушуухан гахай сүүлтэй хүүхдийг нь илгээнэ. Тэрийг нь Төрөө хямруулж түмнээ ядууруулах ганц үүрэг бүхий МАХН, Ардчилсан нам хоёр төрүүлнэ, Монгол орон чөтгөрийн тойргоос гарна, далимд нь нэг мөсөн устаж үгүй болно.
Хорвоо өөрийн хуультай, тэрийгээ хэнээр ч зөрчүүлдэггүй юм. Гахай сүүлтэй хүүхэд төрөхөөс өмнө Монголын Урсула, хурандаа Бондиа хоёр бушуухан алга болох ёстой. Энэ орон зайн дээр өнөөгийн ертөнцийн өнгө утганд таарсан улс төрийн шинэ хүчин шинэ хууль, шинэ логик, шинэ дүрмээр буй болж байж Монгол орон сүйрэлгүйгээр чөтгөрийн тойргоос гарч болно. Тэгэхгүй бол энэ хоёр нам өөрийнхөө мутант хувилбарыг нэмж төрүүлээд байна. Саяхан шинэ нам төрлөө, дахиад хэд хэд жирэмсэлчихээд байна. Үхснийх нь шинэ нам! Нэр нь л шинэ юм байгаа биз. Гахай сүүлтэй хүүхэд төрөх улам ойртсоор. Төрийн алба намчлалтай, түүгээр шалгуур хийдэг байхад яаж шинэ нам төрөх юм бэ?  Аравхан мянган төгрөгний цалинтай байсан ч тэрхүү төрийн алба нь Эрдэнийн суудал, учир нь түүгээр ард түмнийг дээрэмдэж болдог юм. Нэгэнт ийм болохоор өдгөө улс төрийн намууд яаж ч шинэчлэгдээд, ямарч гоё лоозон тавиад хүссэн ч хүсээгүй ч луйварчин дээрэмчдийн үүр хэвээрээ л байх болно!
Манай Гончигоо нээлттэй чөлөөт зах зээлийн үед өөрөө өөрийгөө шудрага өрсөлдөөн дунд аваад явах тал дээр тун ч гавихгүй. Гэхдээ их хөөрхөн дуулдаг юм. Философитой дуу дуулна. Үлэмжийн чанар бол тэр чигээрээ үүрд хувиршгүй орших ертөнц үгүй тухай нарийн бясалгал шүү дээ. Гончигоо цангинуулна ...үхэх үйл нь ирчихсэн бол үүд хоймрын зайн хоорон дахь 3-4 метрийн ялгаа юу байна?... Үнэн үнэн! Анх үүнийг хэн хэлэв? Будда юу, Бодисадва юу, Адишаа юу, Зонхов уу, Данзанравжаа юу? Лав Гончигоо биш, тэр дамжуулж л байгаа юм. Харин өөрөө ойлгож байгаа болов уу?!

2006 оны 1 дүгээр сар 17
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу