Caakmedee

Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/08/24

Нүүрсний сонсголын хувь заяаг Хөвсгөлд шийдсэн үү?!

 

“...Дуутай тэнгэр хургүй” гэдэг. Өвөлжин хаваржин ярьсан нүүрсний сонсгол хаврын чуулганы үед болсонгүй. Ирэх намрын чуулган хүртэл хойшилчихсон. Хойшлуулчихсан л даа.

Хэрэв УИХ нүүрсний сонсгол хийвэл олон нийт “...Нүүрсний хулгай гэж юу юм бэ”, “..Хэн нь нүүрсний хулгайч вэ”, “...Яаж хулгайлдаг юм бэ” гэдгийг ялгаж салгана. Мэдэж авна. Хавар Хөгжлийн банкны сонсголыг хийснээр тус банкны зээл хуй хэрхэн зарцуулагдсаныг бүгдээрээ мэдэж авсан. Яг түүн шиг нүүрсний хулгайн талаар мэдэхийг олон нийт хүсээд байгаа юм.

Гэтэл нүүрсний сонсгол хийвэл зарим хүний эрх ашиг хөндөгдөх бололтой юм. Тийм учраас л тэдгээр нөхдүүд байж болох бүхий л аргаар хаалт хийж байгаа нь илтэд анзаарагдаад байна.

Саяхан даа, Хөвсгөлд томоохон нууц уулзалт болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. “...Хөвсгөлд арваад хоногийн өмнө болсон уулзалтад улстөрчид, улс төрийн ажилтнууд, томоохон бизнесмэнүүд оролцсон. Тэд улс төрийн том тохироо, нууц яриа хөөрөө хийсэн” гэх агуулга бүхий мэдээллийг одоо ч бичиж байна. Мэдээж хэрэг, амарч яваа хүмүүс юу ярьж нь бусдад хамаагүй. Тэр тусмаа анд найз, журмын нөхдийн яриа хөөрөө хэнд ч падгүй. Гэхдээ тэр уулзалтаар дээр хэлсэн нүүрсний сонсголын талаар яригдсан байгаа юм. Тэр нь анхаарал татлаа. Шулуухан хэлэхэд, тэрхүү “Хөвсгөлийн нууц уулзалт”-аар нүүрсний сонсголын хувь заяаг шийдчихсэн бололтой. Яаж шийдсэн нь сар гаруйхны дараа мэдэгдэнэ. Сонсгол болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхой болно.

 

Ер нь бол сүрхий яригдаж байгаад таг болсон нүүрсний сонсголыг УИХ-ын дарга Г.Занданшатар гацаанаас гаргаад орхичихсон. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргасан. Түүндээ “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт,  холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн байдаг. Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан. Энэ ажлын хэсэг сонсголыг нэг тийш болгох үүрэгтэй. Наадмын өмнө хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Нүүрсний асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна” гэж мэдэгдсэн байдаг.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу