Caakmedee

Алексей Цыденов: Орос, Монголын түүхэн холбоо үргэлжилсээр

  • Эдийн засаг / Мэдээ мэдээлэл
  • 2023/09/29

ОХУ-ын Владивосток хотноо Азийн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээг тэлэх зорилготой Дорнын эдийн засгийн форум болж өнгөрлөө. Уг форумд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Улсын Зөвлөлийн дэд дарга Жан Гөүцин, Бүгд найрамдах  ардчилсан Лаос улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятхоту, Мьянмар улсын Дэд ерөнхий сайд буюу Ерөнхий сайдын орлогч, Тээвэр харилцаа холбооны холбооны сайд Мия Тун Оо зэрэг албаны хүмүүс оролцлоо.  Мөн уг форумд дипломат корпусын 12 тэргүүн нар оролцов. Форумын хүрээнд Монгол-Оросын бизнес харилцааны талаар хэлэлцэх салбар хуралдааны зохицуулагчаар Буриад улсын тэргүүн Алексей Цыденов ажиллалаа. Тэрээр бидэнтэй Форум болон Монгол-Оросын салбар хуралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцав.

-Монгол-Оросын бизнес харилцааны талаар өрнүүлсэн яриаг та хэрхэн дүгнэх вэ?

-ОХУ-ын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа томоохон төслийн нэг нь 880 МВт хүчинтэй ДЦС барих ажил юм. “Интер-РАО-экспорт” ХХН-ийн Ерөнхий захирал Максим Сергеев форумд оролцохдоо “Эрчим хүчний хөгжлийн талбарт Монгол Улс ОХУ-ын стратегийн түнш мөн” хэмээн онцлон тэмдэглэсэн.  Мөн тэрээр “Монголын эрчим хүчний тогтолцоог өнгөрсөн зууны жараад оны үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулсан билээ. Энэ тогтолцоог бүрдүүлэх ЦС-уудыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрэн шинэчилж засварлах цаг нь болсон” гэж хэллээ. Өнөөгийн байдлаар ДЦС-3-ыг барих туршилтын төсөл бэлэн болсон байгаа бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэх явцад нийт 300МВт хүчин чадалтай гурван шинэ турбин, мөн гурван бойлер суурилуулан тавихаар төлөвлөж, уг байгууламжийн эрчим хүчний нийт хүчин чадал нь 880 МВт байхаар тооцолсон. Монгол Улсын Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улс ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлсэн. Нийт эрчим хүчний 20 орчим хувийг ОХУ бүрдүүлж байна” гэж бидэнд мэдэгдсэн.  

Хоёр улс орны хооронд хэрэгжүүлэх хоёр дахь томоохон төсөл нь тээвэр логистикийн салбарт өрнөх юм. Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б. Болор-Эрдэнэ ОХУ, БНХАУ, Монгол Улсыг холбосон ТЗ-ыг шинэчлэн өргөтгөх ажил 2015 онд хүрсэн тохиролцоо хэлэлцээрийн дагуу явагдана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Оросын талыг төлөөлж буй хүний хувьд, энэ төслийн хүрээнд өрнүүлж эхэлсэн үйл ажиллагаа нь төлөвлөгөөнөөсөө түрүүлэн явагдаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Одоо ачаагаа тээвэрлэх л үлдэж байна.

-Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ямар асуудлыг чухалчилж үзэж байгаа вэ?

-Оросын зах зээлд мах нийлүүлэх асуудал ихээхэн анхаарал татаж байгаа байх. Монгол Улс МАА-ын салбарт маргаангүй тэргүүлэх байр суурийг эзэлдэг тул чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар махны нийлүүлэлтийг маш богино хугацаанд 50мянган тонн-оор нэмэгдүүлэх боломжтой. Форумын үеэр “Монгол мах дээд зэргийн чанартай, премиум  ангилалын мах тул хэрэглэгчээ олох нь гарцаагүй” гэж Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев дүгнэсэн шүү дээ. Монгол маханд дуртай ямар ч монгол, буриад хүний адил, би ч гэсэн энэ үгтэй бүрэн санал нийлж байна.

Форумын явцад хоёр улсын барааны эргэлтэд эерэг өөрчлөлт ажиглагдсаныг онцоллоо. 2022 оны эхний хагаст барааны эргэлт 40 хувь буюу 2 тэрбум 600сая ам.дол хүртэл өссөн байна.  ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Дмитрий Вольвач “монголчууд Евразийн асар том зах зээлээс салгалгүйгээр Оросын зах зээлд гарснаар хамтран ажиллах асар их логистикийн, төлбөр тооцооны, хамтын ажиллагааны боломж бүрдэнэ. Эдгээр нь зөвхөн хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны боломжоос хавьгүй илүү боломж юм” гэж тэмдэглэсэн. Мөн энэ жилийн хувьд, ОХУ-аас эрдэс түлш, хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, малын тэжээл, органик бус химийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн гэж нэмж хэлсэн. Оросд Монголын тансаг зэрэглэлийн нэртэй брэндүүд буюу GOBI, Yalguun Accessories, GOYO, Bodio's, Munkh Cashmere-ийн бүтээгдэхүүнийг  сайн мэддэг ба Оросын томоохон хотуудад өөрсдийн худалдааны төв, жижиглэнгийн худалдааны сүлжээг байгуулахыг санал болгож байгаа. 

-Форумын үр дүн Танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Монгол Улстай хөрш газар нутгийг удирдан захирдагаас гадна миний аав буриад хүн учир Монгол Улс миний хувьд онцгой байр суурь эзэлдэг. Манай хоёр улсын харилцааны цар хүрээ улам өргөжиж тэлсээр олон салбарт өрнөж байна. Худалдаа, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбар гээд бүгдийг тоочих аргагүй шахам болсон. Ялангуяа ургамал үржүүлгийн талбарт хамтын ажиллагаа бий болж байгаа нь тэмдэглүүштэй – манай улсын мод үржүүлгийн төвүүд бут сөөг, модны суулгац нийлүүлэх гэрээ байгуулсаар байна.  Манай улсын иргэдийн ярианд Монгол гэдэг үг ойр ойрхон давтагдаж, улам олон зочин гийчид, бизнес эрхлэгчид, хамтран ажиллах түншүүд Буриадыг зорьсоор байна.  Үүнд баярлахгүй байхын аргагүй. Манай хүүхдүүд Найрамдал зусланл амрахаар явж байна, харин монголчууд Байгаль нуурын хөвөөнд амрахаар зочилж байна. Монгол Улс ОХУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой түнш мөн – ОХУ бусад улстай хуурай газраар хиллэж буй хамгийн урт хил нь Монгол Улстай хиллэж байгаа хил шүү дээ.  Буриад улсын хувьд монголчууд, Монгол Улс нь ахан дүүсийн барилдлагатай, түүхэн үндэс холбоотой найрсаг ард түмэн юм. Манай хоёр ард түмний хоорондахь ажил албаны болон нөхөрсөг харилцааны цар хүрээ тэлж байгаад би чин сэтгэлээсээ  баярлаж байна. Монгол хэл буриад хэлний хөгжилд асар их түлхэц өгч байна. Тун удахгүй, маш ойрын ирээдүйд бид хамтын ажиллагааны үр өгөөжийг бүхий л салбарт мэдэрч, хүртэх болно гэдэгт итгэлтэй байна. Манайд ирж зочлоорой – Та бүхнийг ямагт баяртайгаар угтаж авна. Баярлалаа! 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу