Caakmedee

Израилийн Элчин сайдын яам: "Хамас" бүлэглэлийн үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2023/10/12

Израилийн Элчин сайдын яам: "Хамас" бүлэглэлийн үйлдэл нь хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг

 

Израилд үүсээд буй мөргөлдөөний талаар тус улсаас Бээжинд суугаа элчин сайдын яамны  элчин сайдын орлогч Yuval Waks  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Мөргөлдөөний улмаас амь насаа алдсан  иргэд болон түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Аравдугаар сарын 7 буюу бямба гарагт “Хамас” бүлэглэлийнхэн Израил улсын хойд хэсгээр дайралтаа эхлүүлсэн. Ингэхдээ хэдэн мянган бөмбөг дэлбэлж замдаа тааралдсан хүүхэд, эмэгтэйчүүд, амьтдын амь насыг хохироосон. Мөн аравдугаар сарын 7-нд “Хамас” бүлэглэл Израилийн нутаг дэвсгэр рүү ойролцоогоор 3000 орчим  пуужин харвасан. Мөн  “Хамас” бүлэглэлийн терористууд газын зурвас хэсэг болон хилийн зурвасын 30 хэсгээр хилийн хашаа, хашлагыг эвдэж Израилийн газар нутаг болон оршин суугаа энгийн иргэдийн байгаа хэсэг рүү дайралтыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1200 гаруй Израилийн болон олон улсын энгийн иргэд амиа алдаж, 4000 хүн хүнд, хөнгөн байдлаар шархдаж, гэмтсэн, 6000 гаруй пуужингаар бөмбөгдсөн байдалтай байна. Энэ удаагийн халдлага Израил Палестины хоорондох жижиг мөргөлдөөнүүдээс  илүү өргөн цар хүрээг хамарч байна.

 

Палестины “Хамас” бүлэглэлийнхэн замдаа таарсан хүүхэд, эмэгтэйчүүд, гэмгүй ард иргэд, амьтдыг алж байна. Энэ бол хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг  юм. Халдлагын улмаас амь насаа алдсан, барьцаалагдсан, ор сураггүй иргэдийн дотор Израил улсын энгийн иргэдээс гадна  АНУ, ОХУ, Хятад зэрэг олон улсын иргэд байгаа.   Израил улсад халдсан халдлагыг эсрэг байр суурьтай байгаагаа 100 гаруй улс илэрхийлж хотуудын гол барилгууд дээрээ Израил улсын тугны цэнхэр цагаан өнгөөр гэрэлтүүлж мэдэгдэл гаргаж байна. Тиймээс энэхүү мэдээллийг хүргэж байгаа хоёр дахь  зорилго нь Монгол Улс Изралийг дэмжиж байгаагаа  илэрхийлж, мөргөлдөөний эсрэг  мэдэгдэл хийгээсэй гэж хүсэж байна.  Монгол Улс, Израил улс сайн харилцаатай байдаг.  Энэ харилцаагаа улам сайжруулж гүнзгийрүүлэхээр харилцан сайн ажиллаж байгаа. Тиймээс энэ хэцүү цаг үед Монгол Улсаас Израил улсыг дэмжиж байгаагаа илэрхийлээсэй гэж хүсэж байна.Израил улс  дайны байдалтай, терорист халдлагад өртсөн. Гэхдээ Израил улс бол хүчирхэг армитай орон учраас  сүүлийн хэд хоног болсон зүрх шимшрэм үйл явдлын төлөөсийг  “Хамас” бүлэглэл болон түүний  хамсаатнуудаар төлүүлэх болно. Одоогийн байдлаар Монгол иргэн трорист халдлагад ямар нэгэн байдлаар өртсөн гэсэн мэдээлэл ирээгүй байна” гэсэн юм.

Израилд үүсээд буй мөргөлдөөний талаар бид олон улсын судлаачдын байр суурийг хүргэж байна.

 

ХИС-ийн профессор Д.Уламбаяр: НҮБ-ын зуучлалаар гал зогсоож, яриа хэлэлцээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй

-Дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин ноцтой доройтсоор буй. Урьдчилан таамаглахын аргагүй дэлхий ертөнц буруу тооцооллоос үүдсэн эрсдлийн аюул шинэ асуудал болсоор байгааг үйл явдал дахин батлан харуулсаар  байна. Эдүгээ гол асуудал олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг  хангах, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт удаан хугацаанд тогтвортой хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна. Израил, Палестины хоорондын газар нутгийн маргаан, бие биеэ олон улсын эрхзүйн дагуу хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх, үүнээс үүдэлтэй дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн  нь 70 гаруй жилийн турш  үргэлжилсан түүхтэй, ужиг, нарийн түвэгтэй асуудал.

Миний харж  буйгаар энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн нь Израил, Палестины хооронд гэхээсээ илүүтэй Израиль, “Хамас” зэвсэгт бүлэглэлийн хоорондын асуудал гэж үзэж байна. 1987 онд байгуулагдсан гэх “Хамас” хэмээх лалын фундаменталисть хэт туйлширсан зэвсэгт бүлэглэлийг АНУ, ЕХ “террорист”, “эксремист, “салан тусгаарлахыг санаархагч” байгууллага хэмээн үздэг. 2005 онд Газын зурвасаас Израил цэргээ гаргаж, Палестины засаг захиргаа, Махбуд Аббасын мэдэлд шилжүүлсэн байдаг. 2007 онд “Хамас” зэвсэгт бүлэглэл Палестинд иргэний дайн дэгдээж, Газын зурваст хяналтаа тогтоож, тэндээс Махмуд Аббасын засаг захиргааг шахан гаргасан. “Хамас” зэвсэгт бүлэглэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Палестины засаг захиргаанаас ялгаатай нь Израиль улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйг үгүйсгэсээр ирсэн. Тус байгууллагыг Иран улс төр, санхүү, зэвсэг техникийн хувьд дэмждэг гэж Өрнөд үздэг.

 “Хамас” зэвсэгт бүлэглэл нь Палестины тусгаар тогтнол, газрын нутгийн асуудлаар төлөөлөх олон улсын эрхзүйн хүлээн зөвшөөрөгдсөн субьект биш юм. Учир иймээс өнгөрсөн бямба гаригийн үүрээр Израилд гэнэт халдаж, түүний шалтгаанаа янз бүрээс тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй террорист ажиллагаа юм. Эл өдөр нь жүүд үндэстний ариун дагшин Ём Киппурын  баярын өдөр байжээ. Хамасын түрэмгийлэл нь 1973 онд Арабын хөрш улсууд Израилд гэнэт халдан довтолсон үйл явдлын 50 жилийн ойтой давхацсан нь ч санамсаргүй тохиолдол биш байжээ.  “Хамас”-ын үйлдэл нь Израил, Палестиний аль алинд нь нөхөж баршгүй хохирол авчирлаа. Тиймээс эхний ээлжинд НҮБ-ын зуучлалаар гал зогсоож, яриа хэлэлцээг яаралтай эхлүүлэх явдал юм.

 

 

Олон улс судлаач Л.Бямбаханд:  Хямралыг зохицуулахад АНУ, ОХУ зэрэг их гүрнүүдийн оролцоо чухал

-Израил бол Ойрхи Дорнод дахь АНУ-ын чухал холбоотон. Тиймээс АНУ болон Өрнөдийн бусад орон үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой Израилийг дэмжсэн байр суурьтай байгаа. Энэхүү нөхцөл нь даамжирч, цаашдаа олон улсыг хамарсан хямрал, дайн бүхий нөхцөл байдал үүсэх аюултайг судлаачид анхааруулж байна. Судлаачийн хувьд, асуудлыг аль болох энхийн аргаар, дипломат арга замаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн харж байна. Үүнээс болоод энгийн, номхон хүмүүсийн амь нас эрсдэх ёсгүй юм. Хямрлыг зохицуулахад АНУ, ОХУ зэрэг их гүрнүүдийн оролцоо, зуучлал хэрэгтэй. Тэдний зүгээс хямрлыг улам даамжруулах бус харин намжаах хэрэгтэй. Харамсалтай нь тийм оролдлого төдийлөн харагдахгүй байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу