Caakmedee

Дорнод аймагт амиа алдсан долоон настай хүүгийн ар гэр: Гэмт этгээд хүүг минь гэртээ зодож, хөнөөчихөөд дэрсэнд хаясан байна лээ

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/10/14

Дорнод аймагт амиа алдсан долоон настай хүүгийн ар гэр: Гэмт этгээд хүүг минь гэртээ зодож, хөнөөчихөөд дэрсэнд хаясан байна лээ

 

-ТАЛИЙГААЧ ХҮҮ ЭЭЖИЙНХЭЭ ЭГЧИЙНД АМЬДАРДАГ БАЙСАН Ч ЭЭЖ НЬ ЭНЭ ЖИЛЭЭС ӨӨР ДЭЭРЭЭ АВЧЭЭ-

            Монголд хүүхдэд ээлгүй уй гашуутай намар болж байна. Амиа алдсан хүүхдүүдээ тоолоод суухаас өөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дорвитой ажил үнэндээ алга. Шогшорч, шүүмжлэхээс хэтэрсэнгүй, хэтрэх ч үгүй бололтой. Сургуульдаа явахаар гарцаар гарч байсан өсвөр насны хоёр охин машинд мөргүүлж, нэг нь шороонд, нөгөөх нь эмнэлгийн орон дээр тарчилж байна. Хичээлийнхээ хувцсыг индүүдэж, зэхээд унтсан гурван хүүхэд өглөө нь сэрсэнгүй, ээжтэйгээ хамт угаартчихлаа. Хоёрдугаар ангийн сурагч хүү хойд эцгийнхээ гарт амиа алдаж, хорвоогоос буцлаа. 12-хан настай охин орон нутгаас алга болж, араатны гарт амиа алдсан харуусал дүүрэн өдрүүд өнгөрч байна.

Бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн, хүчиндүүлсэн, хойд эцэг, эхдээ зодуулсан, тэдний гарт амиа алдсан хэргүүд хавтас хэрэг байрлуулдаг шүүхийн цахим хуудсыг дүүргэж байна. Бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг хайж үзвэл дээрх хоёр зүйл заалт л гарч ирж байгаа нь харамсалтай. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс Дорнод аймагт ээжийнхээ хамтран амьдрагчийн гарт амиа алдсан долоон настай С хүүгийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.   

Долоон настай З.С хүү есдүгээр сарын 25-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар тоотод байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байдаг. Хүүг Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж, гурван хоногийн дараа Хэрлэн голын ойролцоох дэрснээс цогцсыг нь олсон. Талийгаач хүүг Дорнод аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын албан хаагчид болон бусад холбогдох албаныхан онгоц, машин, явганаар эрэн хайсан байдаг. Харамсалтай нь, хүүг хойд эцэг нь буюу ээжийнх нь хамтран амьдрагч Б гэх этгээд хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ХОЙД ЭЦГИЙГ ЦАГДАН ХОРЬЖ, ХЭРГИЙГ ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАЖ БАЙНА

       Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, ахмад Э.Энхзаяагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 26-ны өдрийн 21:00 цагийн орчимд долоон настай хүү алга болсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дорнод аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч оршин суух хаягаасаа сураггүй алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээллийн дагуу есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метрийн зайнаас хүүг нас барсан байдалтай олсон. Энэ хэрэгт 34 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дэх зүйлд зааснаар Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон. Амиа алдсан хүүгийн алга болсон өдрөөс хойш явсан зам маршрутыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн байдаг.

ХҮҮ МОТОЦИКЛООС УНААГҮЙ, ЗОДУУЛЖ, АМЬСГАЛ НЬ БООГДОЖ, НАС БАРСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛЭРЧЭЭ

            Хүүгийн хойд эцэг гэх Б нь анхны мэдүүлгээрээ “Мотоциклоос унаад ухаан орохгүй болохоор нь айсандаа дэрсэнд хаячихсан” гэж мэдүүлсэн гэдэг. Тэгвэл хүү мотоциклоос унаагүй, хойд эцэгтээ зодуулж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хүүгийн цогцост хийсэн шинжилгээгээр дотор эрхтэн нь бяцарч, амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлт 10 хоногийн дараа гарах ажээ.

            Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Талийгаач хүүгийн уушги бяцарч, цус хуралт үүсэж, бөөр нь гэмтсэн байна гэсэн. Урьдчилсан байдлаар битүү доргилтын улмаас авсан гэмтэл гэж үзсэн байна лээ. Сэжигтэн этгээд хүүг мотоциклоос унагаагүй, хөнөөчихөөд мотоциклоор тээвэрлэж, хээр хаясан байж болзошгүй гэсэн. Анхны мэдүүлгээсээ буцаад, хэргээ хүлээж байгаа сураг дуулдсан. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг сайтар тогтоож шалгана биз. Хүү алга болсон өдрөө амьсгал хураасан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэсэн. Тэгэхээр сэжигтэн хөнөөчихөөд дэрсэнд хаясан нь гэдэг нь үнэн байх ” гэлээ.

СЭЖИГТЭН Б НЬ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХАРДАЖ, ХҮҮГИЙН АМИНД ХҮРСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Хүүг алга болох үед ээж нь Улаанбаатар хот руу явсан байсан гэх. Харин хүүг төрсөн ахындаа үлдээсэн байжээ. Сэжигтэн Б нь хүүг гэрээс нь авч, мотоциклоор тээвэрлэж явсан гэх.

Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр“Талийгаач хүү ээжтэйгээ амьдардаг байсан. Мөн ээжийнх нь хамтран амьдрагч гэх залуу, түүний ээж нар энэ жилээс хамт байсан юм билээ. Сэжигтэн этгээд архины хамааралтай гэх. Сэжигтэн Б нь хамтран амьдрагч болох хүүгийн ээжийг Улаанбаатар хот руу явахаар нь хардаж, хүүгийнх нь амийг хөнөөсөн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, санаатайгаар, зохион байгуулалттайгаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй. Өмнө нь, хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүгийн гэрт очиход сэжигтэн Б нь хамтран амьдрагчаа зодож, танхайрсан нөхцөл байдал илэрч байсан юм билээ” гэв.

ХЭРЛЭН СУМЫН II БАГИЙН ДАРГА н.БАТЗУЛ: ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН

Хэрлэн сумын хоёрдугаар багийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан хоёр удаа талийгаач хүүгийн гэрт очиж байжээ. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхныг очих үед талийгаач хүүгийн гэрийн согтуу, танхайрсан байдалтай угтсан гэнэ. Ингээд хүүг хараа хяналтдаа байлгаж, эрсдэлтэй бүлэгт оруулжээ.

Бид Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн дарга н.Батзултай холбогдож, хүүхэд хамгааллын асуудлаар болон талийгаач хүүгийн нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч тэрбээр “Талийгаач хүүгийн асуудлаар мэдээлэл өгч болохгүй гэж цагдаагийн албан хаагчид хэлсэн. Би хүүхэд хамгааллын хамтарсан багийг ахалж ажилладаг. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, хүүхдээ сахиад эмнэлэгт байна” гэлээ.

ХҮҮГИЙН СУРДАГ БАЙСАН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: ТАЛИЙГААЧ ХҮҮ ЭЭЖТЭЙГЭЭ ЭНЭ ЖИЛЭЭС ХАМТ АМЬДАРЧ ЭХЭЛСЭН

Хүү Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт байрлах дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байжээ. Сэргэлэн, цовоо, хичээлдээ сайн хүү байсан гэх. Харин ар гэрийн анхаарал халамж, хяналт 50 хувь байсан гэх дүгнэлт байна.

Бид энэ талаар хүүгийн сурдаг байсан сургуулийн нийгмийн ажилтантай холбогдож, тодруулахад “Хүү ээжийнхээ төрсөн эгч болох З-ийнд амьдардаг байсан. Айлд амьдардаг учраас “тавиул” гэсэн статуст харьяалалтай байсан. Харин хүүгийн ээж Дорнод аймагт амьдардаггүй байж байгаад энэ жил нүүж ирсэн. Тэгээд хүүг өөр дээрээ авсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хүү энэ жилээс л ээжтэйгээ хамт амьдарч байсан гэсэн үг. Бусад мэдээллийг би мэдэхгүй байна” гэв.

Харин тус сургуулийн бага ангийн сургалтын менежертэй холбогдоход “Хүүгийн талаарх мэдээллийг би ганцаараа өгөхгүй. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхантайгаа сууж байгаад хамт өгнө” гэлээ.

ХҮҮГ ӨСГӨСӨН ЭГЧ З: ГЭМТ ЭТГЭЭД МИНИЙ ХҮҮГ ЗОДОЖ ХӨНӨӨЧИХӨӨД, ДЭРСЭНД ХАЯСАН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Хүүг ээжийнх нь төрсөн эгч болох З гэх эмэгтэй өсгөжээ. Талийгаач хүү тэднийд тав, зургаан жил амьдарчээ. Бид талийгаач хүүгийн эгч болох З-тэй холбогдож, зарим мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр “Дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Бид шаардлагатай бол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа мэдээллийг албан ёсоор өгөх болно. Талийгаач хүүг би гардаж өсгөсөн. Цовоо, сэргэлэн, адтай хүү байлаа. Хэрэг гарах үед дүү минь Улаанбаатар хот руу яваад, хүүгээ ахынхдаа орхисон юм билээ. Харамсалтай нь, Б гэх залуу аминд хүрчихлээ. Тэр залуу миний дүүтэй хамтран амьдарч байгаагүй, гэр бүл болоогүй байсан гэж бодож байна. Ямартай ч миний мэдэхээр хамтран амьдарч байгаагүй. Мөн сэжигтэн Б нь дүү минь хөнөөчихөөд Хэрлэн голын дэрсэнд хаясан байна лээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ нь тогтоогдож байгаа. Миний дүү мотоциклоос унаж, амиа алдах ямар ч боломжгүй. Харин тэр сэжигтэн Б хөнөөчихөөд, тээвэрлэж авч явсан байх. Талийгаач хүү эхээс хоёулаа. Өөр дэлгэрэнгүй мэдэлэл өгөх боломжгүй байна. Бид өмгөөлөгч авсан байгаа. Маргааш (өнөөдөр) өмгөөлөгч маань Улаанбаатар хотоос ирнэ. Ирэхээр нь цагдаагийн газар руу очно. Сэжигтэн Б-г одоо хүртэл цагдан хорьсоор байгаа” гэлээ.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.

 

Ergelt.mn

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу