Caakmedee

Хотын фракц гэдэг чинь мафи байсан юм уу?!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/10/18

Хотын фракц гэдэг чинь мафи байсан юм уу?!

 

Х.Нямбаатар Хотын дарга болсон. Хууль зүйн сайдаас Хотын дарга руу шилжсэн нь “...Дэвшсэн үү, буусан уу” гэдэг ихээхэн ойлгомжгүй байгаа юм.  Ямартай ч “...Х.Нямбаатар очиж 30 жилийн турш үүрлэсэн авлигыг үгүй хийнэ. Засгийн газрын 5Ш ажиллагаа хотод үргэлжлүүлнэ” гээд байсан. Тэр нь “ажиллаж” эхлэв бололтой. Хотын төлөвлөлт, барилга байшин, нийтийн тээврийн автобус сэлтийг “нааш нь цааш нь” болгодог албан тушаалтнууд дээр хууль хяналтынхан уржигдраас нэгжлэг, баривчилгаа явуулаад эхэллээ. 
Уржигдар шөнө АТГ-ынхан Хотын ерөнхий архитектор Ц.Тулгатай хамт Т.Эрдэнэтуяа, Б.Уранчимэг нарыг цагдан хорьжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.4.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж  буй юм байна.


Энэ ажиллагаанд “экс”-үүд ч нэлээд өртөнө. Өмнө нь Хотын дарга, Хотын ерөнхий архитектор, Ерөнхий менежер, Ерөнхий төлөвлөгөөний газар, барилга байшин хүлээж авах комисс, Стандарт, хяналтын газар, Газрын алба, Нийтийн тээврийн газар, Санхүүгийн алба зэргийг удирдаж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүс шалгуулахаар болж байна.
Удахгүй “...Газрын наймаа”, “...Барилгын маапаан”, “...Нийтийн тээврийн луйвар” гээд том том сүлжээнүүд ээлж дараалаад ил болно гэсэн үг.
Хууль хяналтынхан хөдлөөд, хотын зарим албан тушаалтныг шалгаад эхлэх зуурт Хотын экс дарга, экс Ерөнхий архитектор, УИХ-д нэг суугаад явсан газрын панзчин, банкныхаа нэрээр алдаршсан төмөр замчин, ТҮЦ-нүүдийн зах зээлийг хүртэл булаасан том бизнесмэн, Монголоос өөр улсад байсан бол шийтгэл хариуцлагаар булуулж байх ёстой барилгын компанийн захирал зэрэг олон хүн утуулсан оготно шиг хотоор гарч гүйлдээд, амьтан хүний утас шөрмөсийг хангинуулаад эхэлсэн байна. Аргалуулах л бодолтой дог. “...Болно” гэж бодож буй бололтой. Тэгвэл одоо оройтсон байж мэднэ. Харин эндээс нэг зүйлийг мэдэж авах шиг боллоо. Юу гэвэл, “...Хотын фракц” л гээд байсан нь мафи байсан бололтой шүү. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу