Caakmedee

Протокол: Нүүрсний эхний сонсгол ирэх сарын 4-нд болно

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/11/08

Протокол: Нүүрсний эхний сонсгол ирэх сарын 4-нд болно

 

Товын дагуу Нүүрсний сонсголын түр хорооны хурал 11:00 цагт эхлэв байв. Гэвч  гишүүдийн ирц дутуугаас нэг цаг хойшилж 12:00 цагт эхэлсэн юм. Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тогтоолын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
 
-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын бүлгийн дарга нарт тавина. Тэгэхгүй бол нүүрсний хулгайн асуудал, сонсгол хугацаандаа явахгүй байх эрсдэл үүсэж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат, О.Цогтгэрэл  нар  хуралдаа ирмээр байна. Нүүрсний хулгайтай тэмц гээд худлаа, үнэн тоо яриад явдаг мөртлөө хуралдаа ирэхгүй байгаа нь шалгах ажилд саад болж байгааг хэлье.  Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Бид одоо цаг хугацаатай уралдаж ажиллах  хэрэгтэй. Хянан  шалгах ажилд нэг өдөр ч үнэтэй. Хоёр мянган тендерийг зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэй шалгахад багадаа зургаан сарын хугацаа шаардана гэдгийг хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүд энэ ажилд саад болохоо болъё. Хурлаа эхлэх гэж гурван хүнтэй 30 минут хүлээж байна.
 
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
 
-Сөрөг хүчний ахалж байгаа сонсгол явуулах орчин нөхцлийг эрх баригчид биелүүлэх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сонсголд оролцох уу. Энэ хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Шүүхээс эцэслэн шийдээгүй байгаа тул нүүрсний сонсголд гэрчээр оролцож мэдээлэл өгөх үү.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
 
-Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй.
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
 
-Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг бид одоо шийдэхгүй. Нүүрсний тов зарлахтай хамт хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө Түр хорооны хурлаар шийднэ. Хуулиндаа ингэж заасан байгаа. Тэр хурлаар энэ асуудлыг ярина.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
 
-Нүүрсний сонсголыг үр дүнтэй, ажил хэрэгч байгаасай гэдэг дээр олон нийт хүлээлттэй байгаа. Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар боллоо. Гэтэл өнөөдөр дөнгөж Хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх  гэж байна.  Даалгавруудыг хийж гүйцэтгэх хугацаа байна уу. 10 том даалгавар байгаа харагдлаа. 
 
 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 
 
-Түр хороо УИХ-ын тогтоолоор өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон. Үүний гурав нь намайг даргаар томилогдсоны дараа гарсан. Үүнээс хойш 2+10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр дахиад гурвыг нэмж томилох гэж байна.
 
Цар хүрээ  мэдээж өргөн байгаа. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон жижиг “Таван толгой”  компанийн  анх үүсгэн байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн баримтад үзлэг, хяналт, шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудлууд шалгана.
 
Тухайлбал, бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа.Хугацаа богино байгаа гэдгийг бид  мэдэж байна. Мөн нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Зарим хянан шалгагчид өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймаг руу томилолтоор явсан. Газар дээрээс нь гол нотлох баримтуудыг авчирна гэсэн үг.  Мөн нотлох баримт гаргуулах ажиллагаанд  заримыг нь гаргаж өгөхгүй байгаа асуудал гарч байна. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байгаа. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Нүүрсчид маш сандарч байна. Бас их мөнгөтэй байгаа.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
 
-Д.Ганбат “Өнгөрсөн найман жилийн хугацаанд та нарын найз нөхдүүд, нам нэгтэнгүүд  нүүрсний бизнесийг төрийн өмнөөс толгойлоод хийж байсан.  Тийм болохоор найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүсээ яллах хэцүү байгаа байх. Олон ч гавьяатууд  нүүрснээс төрсөн, баяжсан. Харин Монголын ард түмэн  хохирч үлдсэн. Хамгийн чухал асуудал нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс болон гэр бүлийг хамгаалах хэрэгтэй. Үгүй бол нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг үг хэлүүлэхгүй байх магадлалтай. Үүнд АН-ын бүлэг их санаа зовж байна. Энэ сонсголыг  үнэн бодит явуулахын тулд  БНХАУ-ын зохих байгууллагатай харьцах хэрэгтэй.
 
Тухайлбал, хэр хэмжээний нүүрс гарсан, мөнгө нь яаж орсон гээд мэдэх асуудлууд байна. Тэгэхгүйгээр  хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, бас энэ асуудлаас хоцроож болохгүй. Бидэнд энэ хүмүүсийг дуудаад асуух эрх мэдэл боломж алга.
 
Иргэдийн  өмнө үүрэг хариуцлага хүлээсний хувьд олонх энэ ажлаа хийх байх. Засгийн газрыг тэргүүлж буй МАН-ыг толгойлж байгаа нөхдүүд  авлигатай, нүүрсний хулгайтай бид тэмцэнэ гэж ярьж байгаа.  Ярих, бодит ажил болгох өөр асуудал.  Ажил хэрэг болгох гэж байгаа илэрхийлэл эндээс гарна. Түүнээс биш энэ хэрэгтэй холбогдоод  шийтгэл хүлээсэн хүмүүс алга байна. Улам л  хулгай, луйвар хийж байна. Үүний ард Монголын иргэд хохироод үлдлээ.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
 
-Нүүрсний сонсголын түр хорооны гишүүд арванхоёрдугаар сарын 4-нд эхний сонсголоо хийхээр болсон. Тиймээс түр хорооны гишүүд  хуралдаа ирж, ажлаа хуваарилан хариуцлагатай баймаар байна. Шинжээчээр орж байгаа хүмүүс дотор улс, төрийн хамаарал бүхий хүмүүс байх шиг байна. Шинжээч гол зүйлүүдийг хийх учраас үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Эхний сонсгол хийх хүртэлх хугацаа бага үлдсэн байна. Тиймээс  материалтай хэзээ танилцах вэ. Гишүүдийг мэдээллээр хангах тал дээр Түр хорооны дарга анхаарч ажиллахыг хүсэж байна.
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
 
-АН-аас санал болгож, шинжээчээр оруулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан хүн байна. Д.Бат-Эрдэнэ бол жижиг Тавантолгой буюу Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч. Ийм утгагүй юм байж болохгүй" гэлээ.
 
 
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу