Caakmedee

Аз жаргалын гэрэлтэй сар шинийн баяр минь

  • Нийтлэл
  • 2019/02/07
“ХҮРЭН МОРЬ”-НЫ ЛХАМСҮРЭН НАЙРАГЧТАЙ ЭНДҮҮРЭГДСЭН МИНЬ
Хоёр мянга арван нэгэн оны Цагаан сарын битүүний өдрийн үдээс хойш утас дуугарахаар нь авбал “Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр ах нь байна. Миний дүү маргааш бүтэн цаг Сар шинийн талаар сайхан хөөрөлдөөч” гэж байна. Өглөө нь “Өлзий” телевизээр цаг юу ярьснаа мэдэхийн зуургүй өнгөрөв. Шинийн нэгний өглөө шууд бичлэгт орчихоод Зурагтын дэнжээс Гуравдугаар хороолол дахь Галсан багшийндаа золгуут хийхээр очлоо. Ухаантай хүн болохоор багш улиран буй онд хэдэн ном хэвлүүлсэн, ямархан амжилттай үдсэн, хэчнээн улс орон, аймаг, суманд очсоноо нэг ёсны тайлан маягтай, гэхдээ ардын алт шиг сайхан хэлээр хүүрнэдэг болохоор сонсоход урамтай нь сайхан даа. Ууц таллан, бууз жигнэх зуур Монголын үндэсний телевизээр яруу найрагчдын Сонгинын буланд очин зураг авахуулсан нэвтрүүлэг гарч байна. Тэр нэвтрүүлэгт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир нарын олон найрагч оролцсон юм. Дэлгэцнээ миний шүлгээ уншиж байгаа дүрс гараад ирлээ. Багш ч харж л суув. Тэгсэн нэрийг маань ёстой нэг тэс хөндлөн бичсэн нь харагдлаа даа. “Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн” гэж байгаа юм.
Багшаас ичсэн ч гэж юу гэх вэ. Дэмий л ногооны холимог сэлт идсэн болж суув. Багш бахал нахлаа оролдон, товчин нүдээ онийлгосхийн жуумалзаж байна. Найруулагч бүсгүй зураг авалтын үеэр чухам л нэг “МЗЭ-ийн Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт” гэж нэр ус асуугаад тэмдэглэлийн дэвтэртээ их л хичээнгүй бичиж аваад байсан хүн чинь агаарын долгионоор цацахдаа алдаатай илгээжээ. Миний самгардан бажгадахыг анзаарсан Га багш “Цагаан сарын бэлгэтэй сайхан өдөр Хонгор нутгийнхаа тэнгэр болсон алдарт найрагчийн нэрээр цоллуулна гэдэг цаанаасаа л бүрдсэн ерөөл дэмбэрэл дээ хө. Алив нэг рашаан өргөчих” гэж алтан аяга мэлтэгнүүлэн сархад барьж байна. Бэлгээ өвөртөлчихөөд багшийнхаас гараад явж байтал утга уянгын их хүүрнэлч Баастын Золбаяр анд утасдаж байна. Утсаа авбал мань эр харилцуурын цаана нуг нуг инээж “Лхамсүрэн гуай та, амархан сайн шинэлж байна уу” гэдэг юм. Тэр жилийн цагаан сараар ингэж би нэгэнтээ “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир”, “Ган зам” зэрэг алдарт дуунуудыг зохиосон төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа овог нэрээр гангарсан удаатай.
БУУРАЙ ААВЫГАА ДАГАЖ АЙЛ ХЭСЭХ САЙХАН САН
Хүүхэд ахуй насандаа Цагаан сараар буурай аавыгаа даган айл хэсэх дуртай сан. Сумын бага эмч учраас нэр хүнд сайтай. Зарим айлын хүүхдүүд өвөөг маань “Авсийж” гэж дуудна. Хүүхэд болохоор тэр үгийг нь ойлгохгүй. Тэгэхнээ “Эх барьж авсан ээж” гэж авгайлан дуудаж байсан нь тэр юм билээ л дээ. Өвөө банш бууз гэхээс илүүтэй настангуудтай хууч хөөрч, үйсэн бөглөөтөөс хийсэн хундагатайг хүндэтгэлтэйгээр сэржимдэнэ. Жаахан халаад ирэхээрээ “Хүрэн толгойн сүүдэр ээ...” гэж цангинуулна. Унаган нутаг нь Говь-Алтайн Цээлийн хүн сэн, миний буурай аав. Хожим Монгол Улсын хүний гавьяат эмч болсон сумын хүн эмнэлгийн их эмч Доржийн Шаравнямбуу гуайнд цагаан сараар орно гэдэг бол сумын хүүхдүүдийн мөрөөдөл. Эмчийн гэргий Оюунтогтох эгчээс гоё бэлэг авах гэж тэр. Наяад онд юм ховор үед тэднийх л хүүхэд бидний “Цагаан бохь” гэж нэрийдсэн тэр үнэт эрдэнийг бэлэглэдэг байж. Сумандаа хүндтэй буурай аавыгаа дагаж яваа болохоор айлууд ач хүүд нь аль л ховор нандин бэлгээ өгөхийг чармайна. Мягмар даргын гэргий Бор гуайн өгсөн атгын чинээ том улаан алимыг гэхэд би олон хоног хадгалж, эгчдээ хөөрлөж байснаа мартдаггүй юм. Тэр үед бэлгэнд арван хоёр мөнгөний дэвтэр, жаран мөнгөний печень, арван нэгэн төгрөг хорин мөнгөний үнэтэй “Оргил”, “Нислэг”, “Бөмбөлөг” чихэр, ёотон, ширхэг харандаа зонхилон өгдөг байлаа. Атга чихэр дотроос “Хавар”, “Унага”, “Сарлаг” “Алтан шагай” зэрэг хорин дөрвийн чихрүүд хоттой хонин дунд орсон бод мал шиг содон соньхон харагддаг сан. Бэлгийн чихрээ цагаан сарын өмнөөс буурай ээжийн бэлдэж өгсөн цууямбуу уутанд амыг нь чанга уяж хадгална. Хаврын уртад өдөрт арван чихрийн норм тогтоочихоод торжигнуулж гарна даа.
Буурай аав маань цагаан сарын бэлтгэл болгон тавгийн болон боодлын боов хайрах, бууз банш чимхэх, ууц өвчүү чанах гээд бүгдийг өөрийн гараар хийж байж санаа нь амардаг тун ч нямбай хүн сэн. Боовны хаан гэж мушгирсан амьд могой шиг гурилан могойг жигтэйхэн гоё хийж шүдэнзний модоор шорлон тогтоож чанасныхаа дараа аргалын пин дээр тавьчихна. Тэр гурилан могойг шувуу ч тоож тоншдоггүй байсан юм уу бараг бүтэн жил тэндээ борлож харласан юм хэвтэж байдаг сан. Буузныхаа махыг зөөллөж байгаа нь гэж байцаа жижиг хэрчиж хийгээд давсалж амтлан том тогоонд өнгийг нь борлуулна. Бодоход борлуулсан махтай банш жигнэхэд түргэн болдог байсан бол уу. Битүүний орой таван үе боов өрж тавгаа засахдаа араажаваа чинээнд тултал чангалан бөх сонсож, буурай ээж хуушуур хайран, би битүүлэг зөөж айлууд руу гүйнэ. Битүүний шөнө гэр орны ажлаа эмхэлсээр хэдий оройтох боловч “Шинийн нэгний өглөө хурдан болоосой” гэхээс нойр үл хүрнэ. Нэг л мэдэхэд нам унтаад “Миний хүү босоорой, шинийн нэгний нар мандлаа шүү” гэх дуунаар сэрэх ай мөн ч сайхан шүү. Шинэхэн дээл хувцсаа өмсөөд гарахад тотгон дээрх гурван мөс нарны гэрэлт түмэн өнгөөр алмаас эрдэнэ шиг солонгорон гялалзаад аз жаргалын гэгээ түгээн байх шиг яруухан санагддаг сан.
ЭЭЖТЭЙГЭЭ ҮЗСЭН ЦАГААН САР
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ээжтэйгээ үзсэн наадам” гэж жигтэйхэн сайхан шүлэг байдаг. “Чихэр, нар хоёрт бялуурсан наадам” гээд л урсаж өгдөг. Тэрэн шиг ээжтэйгээ хоёулхнаа амир жимэрхэн шинэлсэн тэр жилийн Цагаан сар сүүлчийнх болохоор ч тэр үү санаанаас үл гарна. Энэ бол 2013 оны цагаан сар. Өвөрхангайн Арвайхээр хотод болсон “Болор цом” наадамд шүлгээ дуудчихаад, Баянхонгорынхоо Заг-Байдрагийн Хүрэн бэлчир, Үнхэлцгийн бууцанд өвөлжиж буй ээжийгээ зорьсон сон. Намайг очуут дүү маань гэргий хүүхдүүдтэйгээ сумын төвд шинэлэхээр явлаа. Ээж бид хоёр отрын жижигхэн гэрт. Би хоёр гурав хоног хонь хариуллаа. Өмнөх жил нь хонь хариулаад нар, салхинд овоо харшсан болохоор ээж хаширлаж, өглөө хонинд явахад булбарай зөөлөн гараараа нүүрэнд минь нарны тос түрхэж өгнө. Битүүний өглөө ээжийн жигнэж өгсөн буузыг амтархан идээд хонио дагаад гарахад ээж “Дурангаа авсан уу, миний хүү” гэж байна. Хот газар хориод жил болж, ном шагайж, цахим ширтсэн ч хараа маань харин тэгтлээ муудаагүй болохоор дурангийн хэрэг надад үгүй л дээ. Цастай хөндийд хоёр тийшээ шогшин сүүлээрээ тоглож яваа үнэг нохойн дуугаар зогтусах, хонь ямааны түрүүчээр хадны араар мануул нуугдах, алсад цэнхэртэх униар дунд адуу мал багшрахыг цасан далай дундаас алдалгүй харж эх нутгийнхаа сайханд биширч явдаг надад дүүгийн хоёр нүдний дуран ачааны л нэмэр болохоос хэтрэхгүй.
Гэвч, ээжийнхээ сэтгэлийг бодож суран оосрыг бүслээд гарна. Ханхар сайхан тагуудтай өндөр уулсынхаа оргил дээр гараад хариулж яваа хонь малаа харсан шигээ, өвөртөлж гарсан номоо уншин суух шиг амар амгалангийн диваажинг энэхэн насандаа би үзээгүй. Маргааш цагаан сар болно гэхээс хүүхэд шиг догдлох сэтгэлд эзэмдүүлнэ. Ээж минь хотоо цэвэрлэчихээд гэртээ орно. Жаахан байзнаснаа гарч ирэн араг үүрэн цасанд явах нь тодхон харагдана. Цасаа авчирч гэрийнхээ хаяанд буулгачихаад тогоогоо аван гэртээ орно. Удалгүй яндангаас аргалын цэнхэр утаа суунаглаж сэтгэлд нэг л дулаахан оргино. Ээж минь гарч ирэн нэг том цас тэврэн орно. Цайгаа чанах гэж байгаа нь тэр. Нар дээшлэн их үд болоход цагаан өвс даган гүйлдсэн хонь ямаад энгэр газар ээвэрлэн тогтоод налайж эхэлнэ. Цайгаа чанаж дууссан бололтой гартаа наранд цайвалзсан цагаан юм барьсан ээж минь цэнхэр алчууртайгаа гарч ирнэ. Наранд цайвалзах тэр цагаахан юм нь цайны дээж өргөх хөнгөн цагаан шанага гэж би шуудхан танина. Хонь сайхан налайна. Гэрээ харвал ээж хэсэгтээ үзэгдэхгүй. Халуун цайгаа оочиж суугаа даа гэж бодохоос яг л дэргэд нь байгаа юм шиг дотно санагдана. За, ээж минь гарч ирээд хотны хойно байгаа бяцхан пин рүү алхлаа. Үүдийг нь онгойлгож байх зуур хаяанд хэвтсэн Зоос, Шүүрэг хоёр сэмээрхэн алхаж очоод сүүлээ соосойлгон хөдөлгөж оцойгоод суучихлаа. Ээжид эрхэлчихсэн муусайн золигууд мах өөхний өвдөл цөвдөлхөн горилж, хэлээ гарган аахилж суугаа л даа, мэдэж цөхөх юмгүй. Хоёр нохой удаан ч хүлээсэнгүй уралдан ухасхийж хоншоороороо газар үнэрлэн тонгойх нь харагдана. Бодоход, ээж жаахан юухан хээхэн мань хоёрт шидээ л дээ.
Гэрийн зүүнтэй хаяанаас бээлийн чинээ пөөнийсөн юм пин рүү жирийлээ. Сумын төвийн банхар сайтай айлаас “үрчилж” авчирсан нохойны хүү ч мөн дөө, чамайг. Ээж том цагаан юм тэврэн гарч ирлээ. Пингийнх нь довжоо өндөр юм сан, бүдрээд уначих вий дээ эжий минь. Хэд хоногийн өмнө чанаад гялгар уутанд хийн гэрийн хуучин цагаан бүрээсний тасархайгаар салхи авахуулахгүй битүү ороосон ууцаа л оруулж байна даа. Пингийн хаалга онгорхой. Хоёр банхар одоо ч горьдолтгүй боллоо гэсэн янзтай намрын идэш хийсэн хонхор руу шогшиж ийш тийш шиншилж буй нь үзэгдэнэ. Нэг нь газар хэвтэн юм мэрээд эхэллээ. Бодвол өвөлжин мэрээд барахгүй байгаа үхрийн тагалцагтайгаа л ноцолдож байгаа бий вий. Ээж дахин гарч ирж хонь налайх энгэр рүү ширтэнэ. Хүүгээ хониныхоо хаахна яваа бол гэж л харуулдаа вий. Хадны энгэрт ном уншиж суугаа хүн юу боллоо гэж ээжид харагдав гэж дээ. Ээж пин рүү алхана. Өө, тэр нэг пөөнөгөр үү. Замаас нь холдоод өгөөсэй. Холдож өгөх нь байтугай нөгөө муу эрхээр хатсан бээлийн чинээ нөхөр чинь ээжийн хөлийг тушин явуулахгүй нь ээ. Бүлээн сүүнд бялууртлаа цадчихаад эрхэлж байгаа царай тэр л дээ. Ээж пиндээ орон дахин нэг шар юм тэврэн гарч ирнэ. Хайлмаг хайлж тосоо холих гэж гүзээтэй тосоо орууллаа даа. Гэх мэтээр л өдөржин би ээжийг харуулдана. Битүүний өдөр гурав тогоолдог юм гэнэ билээ гэж ээж минь дандаа ёс гүйцэлдүүлдэг сэн. Хонины ээлжээ өнгөрөөгөөд уулнаас бууж очиход ямархан сайхан идээтэй угтах бол доо. Өдөржин хонь дагах ч бас хөөрхөн өлсгөнө өө. Өглөө өвөртөлсөн ааруулаа гаргаж хацраа бумбалзуулан хүлхэхэд өл дорхноо дарагдана. Хонио бэл рүү дарсаар буухын алдад сүлжээ барьдаг хөтөл дээр өвөр дэх утас цочтол дуугардаг юм байна. Утсаа автал хотоос Галсан багш залгаж байна. “Нутагтаа хонь хариулж явна аа.
Ай мөн ч сайхан даа” гэж арааны шүлсээ залгих нь мэдрэгдэнэ. Багштай аар саарыг ярьж, азтай жаргалтайгаа мэдрэн, алтан харганын бут сандайлсан шигээ суутал хариулж яваа хонио түр зуур мартагнаж орхиж. Нэгэнтээ санан толгой өргөн харвал хонины түрүүчийн хэдэн гүймхий сэрх Цогтоогийн хоньтой нийлэх шахуу тожир тожирхийж явна. Хонь нийлэх нь гэж сандарсандаа багштай ярьж буйгаа ч умартан “Үүе хийг...” гэж хашгиртал хэдэн сэрх ч сэртийн эргэн харж тогтлоо. “Чамайг хониндоо чимээ өгөн гуугалахад багш чинь бондогосхийтэл цочсоноо их инээсэн” гэж гэрийг нь гийгүүлэгч Найгал эгч хожим хуучилж байсан сан. Хонио хотлуулан гэрт орж ирэхэд ээж минь тавгаа засчихсан, ууцаа тавьчихсан, шар тосонд хуушуур хайрчихсан хүлээж суусан даа. Үдэш тотгон дээрээ мөс тавихаар гарахад битүүний дүн хар тэнгэрт одод анивас жирвэс хийн гялалзаад мөн чиг сайхан байсан сан. Шинийн нэгний өглөө ээжээс түрүүлэн босож галаа түлчихээд, хотоо эргээд, зүүн талынхаа овоон дээр гарахад нар мандахаар дуншин туяартаж, тэртээд Заг-Байдрагийн Хүрэн бэлчир минь тавиуран цайвартаж байлаа. Алсын бараа ширтэж хэсэг суугаад орж ирэхэд ээж минь цайгаа чанаж, буузаа гал дээр тавьчихаад золгоход бэлдэн шинэ дээлээ өмсөж суусан даа. Ээжийнхээ тохойг өргөн “Та амархан байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэв үү” гэж золгон үнсүүлэхийн жаргалыг сүүлийн удаа эдэлж буйгаа баярласан би огтхон ч анзаараагүй байж дээ.
Л.Батцэнгэл
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу