Caakmedee

Яндан цөөлөх шинэ “хууль”-аар төр эзнээс нь асуухгүйгээр газрыг нь булаах уу

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2023/12/11

Яндан цөөлөх шинэ “хууль”-аар төр эзнээс нь асуухгүйгээр газрыг нь булаах уу

 

Хотын гол бодлого яндангийн тоог цөөлөхөд чиглэж байгаа. Гэр хорооллын суурин дээр байшин босгох нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл учраас нийтээрээ дэмжиж буй. Гэтэл өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр хэдэн зуун айл өрх, хэчнээн мянгаар тоологдох иргэнээ гудамжинд хөөж гаргасныг мартах учиргүй. Төрийн гараар могой бариулсан хувийн компаниуд төсвийн мөнгийг завшиж эцэст нь иргэд хохирсон хугацаа 10 жилээр тоологдож байна. Харин хэн ч хариуцлага хүлээгээгүй. Иргэд газраа ч алдсан. Гэр оронтой ч болж чадсангүй. Тухайн үед дахин төлөвлөлт нэрээр 100 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэж хагас сая өрх хохирч дэн буудал, түрээсийн байраар хоног төөрүүлж яваа. Ажил хариуцсан компаниудын дийлэнх нь суурь, арматураас өөр харуулах зүйлгүй. Хий дэмий үрэн таран хийсэн 100 гаруй тэрбумаар 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой байж гэсэн ерөнхий тайлан тавьж байв. “Дөрвөн жил өнгөрч байхад олон мянган хохирогчтой ажил болсон дэндүү харамсалтай үйл явдлын гэрч боллоо. Үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна гэж” НИТХ-ын тэргүүлэгч Ж.Алдаржавхлан хэлж байсан. Үүнээс хойш 6-7 жил өнгөрчээ.

 

Ийнхүү ашиг хүртэх ёстой хүмүүс нь хохирогч болчихоод байгаа гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг өнөөгийн хотын баг дахин “босгож” ирлээ. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно. Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх юм. Сэлбэ дэд төвийн 12000 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар газар эзэмшиж байсан өрхүүдээс гадна Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь-Эх орчмын айлууд орон сууцанд орох боломжтой. Ногоон байгууламж 40 хувь, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг байгуулна” гэлээ. Үүнээс харвал хэзээ мөдгүй гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхлэх нь. Гэвч энд нэг “юм” бий. Өмнө нь иргэний газрыг чөлөөлөхдөө 85 хувь нь зөвшөөрсөн бол үлдсэн 25 хувийнх нь саналыг асуухгүй гэсэн журам үйлчилж байв. Харин шинэчилсэн зохицуулалтаар үүнийг улам дордуулж 65 хувь нь гарын үсэг зурснаар албадан чөлөөлнө гэжээ. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын бараг тал хувь нь газраа чөлөөлөхгүй гэсэн ч төр эзнээс нь асуухгүйгээр шууд “ачих” боломж бүрджээ. Хууль эрх зүйн зохицуулалт  ингэж өмнөх загвараас улам муудсаныг хүний эрхийн хамгаалагчид хэлж байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн  дөрөвдүгээр бүлэг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулж барилгажуулах гэдэг “цэс”-ний 14.3.-т Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна. 14.7-д заасан журмын дагуу нөхөх олговрыг олгох болон газар албадан чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасан байна. Гэтэл өмнө үүнээс сайн хүний эрхийн зохицуулалттай байхдаа дахин төлөвлөлт бүтэлгүйтсэн. Харин одоо яах бол...

 

Үр дагавар хүртэгч:ОРОН ГЭРЭЭ АЛДСАН 10 ЖИЛ 

Баянзүрх дүүрийн XII хороонд “Гранд Лайн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч газрыг албадан чөлөөлөөд 10 гаруй жил өнгөрсөн ч барилга баригдах нь байтугай хундаамнаас өөр зүйл боссонгүй. Зөвхөн энэ хэсэгт зургаан блок, 15.2 га газарт 40 гаруй өрхийн 200-300 бүл гудамжинд хөөгдөж гарсан. Тэдний нэг нь одоо 70 гаруй настай Ж.Төвхөн гуай. Тэрбээр Солонгост ажиллаж амьдардаг хүүгийнхээ итгэмжит төлөөлөгчөөр сүүлийн 10 гаруй жил хууль шүүхийн үүднээс салаагүй тухайгаа  “2012 онд биднийг гарын үсэг зуруулахын тулд иргэдийн дунд зурагт, хөргөгчний сугалаа явуулсан. Дараа жилийнх нь намар шууд гэрт орж ирээд тавилга зөөгөөд хүчээр нүүлгэсэн. Манайх хашаандаа хоёр давхар байшинтай. Ажлын байртай. Хүлэмжний аж ахуй эрхлээд сайхан амьдардаг байлаа. Гэтэл дахин төлөвлөлтөд өртөж хамаг амьдрал орвонгоороо эргэж 10 жил түрээсийн байр, айл хэсүүчилж явна. Таван жил нь хууль шүүхийн үүд сахиж газраа буцааж авах шүүхийн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс дахиад л анхан шат руу буцаачихсан. Ийм зовлонг хэдэн зуун өрх туулж явна” гэлээ.

 

МЭРГЭЖЛИЙН БҮЛЭГ БУЮУ ЭКСПЕРТ: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮР ДҮНД АМЬДРАЛЫН ЧАНАР БОДИТОЙ ДЭЭШИЛСЭН БАЙХ ЁСТОЙ

 

Тэгвэл цаашид ямар шийдэл байх вэ. Төр засагт алдаагаа засах ямар боломж, гарц байгаа талаар хөндлөнгийн судлаач, экспертийн байр суурийг хүргэж байна.

“Эмнести интернэшнл” ТББ-ын УЗ-ийн дарга, багш, хуульч Р.Очирбал “Бид 2015 оноос хойш шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хүрээнд асуудлыг судалж ярьсаар ирсэн. Орон байр гэдэг заавал тансаг үнэтэй байх шаардлагагүй. Олон улсад хүн амьдран сууж байгаа, гадна орчноос өөрийгөө нөмөрлөөд тусгаарлаж байгаа орчныг орон байр гэдэг. Энэ бол иргэний аюулгүй байдлын байдлын баталгаа. Өөрөөр хэлбэл, майхан урц байсан ч хамгаалагдах ёстой.

 Хотыг дахин төлөвлөхдөө хүний эрхийг хангах эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүний амьжиргааг тэтгэх, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх гээд олон талын ач холбогдолтой. Ямар ч төрийн захиргааны байгууллага дахин төлөвлөлтөд өртөж байгаа иргэдэд хууль эрх зүйг таниулан сурталчлах, мэдлэг олгох үйл ажиллагаа явуулахгүй байна. Тиймээс бид хүний эрхийн хөтөчүүдийг бэлтгэсэн. Төр хохирлыг барагдуулах, тухайн орчноос муутгахгүйгээр орон байрны эрхийг баталгаажуулж хамгаалах ёстой. Дахин төлөвлөлтийн үр дүнд тэр хүний амьдралын чанар бодитой нэмэгдсэн, дээшилсэн байх ёстой. Огт муутгаж болохгүй. Нөхөн олговрын мөнгө өгөөд болчихно гэж гэж харж болохгүй” гэлээ.

 

Одоогийн зохицуулалтаар Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд нөхөх олговрын дараах хэлбэрийн аль нэгийг ашиглана гэж заажээ. Тодруулбал, газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр дүйцүүлэн олгох, газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах гэсэн хувилбар бий. Харин төр дэд бүтцийг нь шийдвэрлээд өгчихвөл эзэмшил газартаа тохилог хаус барьж түүндээ нэмэлт ажлын байр бий болгож амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой. Хашаандаа хүлэмж барьж ногоо тарингаа, ЖДҮ эрхлэгч байх хувилбарыг иргэдийн төлөөлөл хэлж байлаа. Тэгвэл ийм шийдлийг бодит болгох загварыг “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийнхөн бий болгожээ. Энэ талаар тус нөхөрлөлийн тэргүүн Б.Нямжав “Төр, хувийн хэвшлийн дунд иргэд хохирч хохирч үлдэж байна. Энэ хамаарлыг болих хэрэгтэй. Тиймээс дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд нэгдээд өөрсдөө хяналт тавьж, хариуцлага нэхдэг байх нь үр дүнтэй. Иргэн газраа зөвхөн орон сууцаар, мөнгөөр солих биш дэд бүтцийг нь шийдүүлээд хаус барих сонголтыг хийж болно. Улаанбаатар хотод цорын ганц жишиг явж байгаа төсөл манайх. Иргэд нөхөрлөлийн хуулиар эвлэлдэн нэгдэж байна” гэлээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 246 (7231)

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу