Caakmedee

Камерон МакРейн захиаг УИХ ээлжит бусаар дахин хэлэлцэх үү

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2019/02/11

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох зэрэг нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах хуулийн төслүүдийг эцэслэнэ гэдгээ мэдэгдсэн.
Үүн дотор баялаг бүтээгчдийн үйл ажиллагаанд шууд тусгалаа өгөх татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно гэдгээ онцлон тэмдэглээд байгаа.
Ингэснээр өнгөрсөн онд УИХ-аас хэлэлцээд буцаасан татварын хуулийг багцаар нь өөрчлөх хуулийн төсөл дахин парламентын босго алхах хүлээлт үүсээд байна. Уг шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны зургаадугаар сард татварын хуулийн өөрчлөлтийг багцаар нь болон хэсэгчлэн гэх мэтээр хоёр ч удаа УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдэлгүй өдийг хүрсэн юм.
Учир нь УИХ-ын хэсэг гишүүний зүгээс Оюутолгой зэрэг гаднын хөрөнгө оруулагчдад давуу эрх эдлүүлэхээр тусгагдсан хэмээн хардаж, дэмжихгүй гэдгээ зарлаад байгаа юм. Нөгөө талаас УИХ дахь эрх баригчдын бүлгийн дотоод тэмцэл ажил урагшлуулахгүй байна гэж шүүмжлэх хүн ч гарч байсан. Тухайн үед Сангийн сайдаар гурван ч удаа ажилласан туршлагатай УИХ-ын гишүүн Ч.Улаан “Татварын хууль бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй.
Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно. Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах гэдэг нь тодорхойгүй байна. Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана.
Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд багагүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Зардлаа нотлоогүй байсан ч татварыг орлогоос хасаж тооцно гэсэн заалт байх жишээтэй. Гэтэл бид Оюутолгой дээр санхүү-гийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан. Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй бай-гаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзсэн” гэж байр сууриа илэрхийлж байв.
Үүнээс гадна УИХ-ын төвшинд “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто” группт өндөр албан тушаал хашиж байсан, Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон МакРейн татварын багц хуулийг дэмжин, гишүүдэд хаягласан захидлын утга агуулга хүчтэй яригдаад намжиж байлаа.
Харин ААНОАТ-ын хуулийг хууль санаачлагчид нь буцаасантай холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд “ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын компанид татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаар гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад аж ахуйн нэгжүүдийн, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг авсан юм” гэж байлаа.
Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ удаагийн багц хуулийн гол онцлог бол эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Шударга ёсны хэмжүүр эрх зүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна. Монголд бий болж буй баялгийг хамтран бүтээлцэх, баялгийн хуваарилалтаар тодорхой хэмжээний үе шаттайгаар хүртээмжтэй байх тухай асуудал бий. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирсэн.
Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог. Гурав дахь онцлог нь компаниудад өсөж дэвжих боломж олгохыг зорьсон явдал. Оюутолгой, MCS, ТҮЦ гурав ижил гараанаас эхэлдэг. Ийм тохиолдолд компани өсөж дэвжих боломжгүй. Монголын 157 мянган компанийн 90 хувь нь өнөөдөр 1-9 хүнтэй байна.
27 жилийн үйл явцыг харахад компани өсдөггүй, өндийдөггүй орчинд бид амьдарч байна. Багц хуулийн дараагийн онцлог нь татварын процесс. Татвар хэдийгээр бага ч татвар авч буй процесс, үүнийг дараа нь ашигладаг үйл явц маш хүнд байдаг” хэмээн татварын хуулийн өөрчлөлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байсан юм.
Тэгвэл бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгэж, УИХ-ын гишүүд алдаа гаргачих вий хэмээн болгоомжилсон хуулийн төслийн танилцуулгад “Одоогийн хэрэгжиж байгаа ААНОАТ-ын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхэжсэн. Иймд хурдацтай өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа, үнэ шилжилтийн журам, эх үүсвэртэй тодорхойлолт татварын олон харилцааг орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна” гэжээ.
Тэгвэл эдийн засагчдын зүгээс УИХ-аас 2015 онд батлан амжилттай хэрэгжиж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 35 их наяд төгрөгийн далд эдийн засаг ил болсон. Дараа нь 2016 оноос хэрэгжүүлсэн НӨАТ-ын системээр түүнээс ч илүү ач холбогдолтой татварын бааз бүрдүүлсэн амжилтыг одоогийн багц шинэчлэл бататгах учиртай. Энэ нь алсуураа эдийн засгийн тогтвортой өсөлтөө дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байгаа юм. Харин татварын орчноо үндсээр нь шинэчилснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт, татвараас эдлэх хөнгөлөлтөд дараах байдлаар өөрчлөлт орно гэдгийг Сангийн яамныхан танилцуулж байсан юм.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ОРОХ ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Татварын Ерөнхий хуульд:
  • Татварын өр төлөх хугацаа 2 cap байгааг 24 cap болгон сунгана.
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно.
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ.
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана.
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй.
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй.
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.
ААНОАТ-ын тухай хуульд:
  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно.
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно.
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө.
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно.
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ.
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.
ХХОАТ-ын тухай хуульд:
  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө.
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно.
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно.
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно гэх мэт өөрчлөлтүүд багтжээ.                


    Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу