Caakmedee

АНУ, Хятадын цэргийнхэн хэлэлцээ хийжээ

  • Дэлхийд
  • 2024/01/11

АНУ, Хятадын цэргийнхэн хэлэлцээ хийжээ

 

АНУ, Хятадын төлөөлөгчдийн Вашингтонд хийсэн хоёр өдрийн цэргийн хэлэлцээ мягмар гарагт өндөрлөлөө гэж Пентагон мэдэгджээ.  Хоёр тал ардчилсан засаглалтай Тайванийн ирээдүйгээс эхлээд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан зэрэг олон асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын тагнуулын гэх бөмбөлгийг америкчууд буудан унагасан үйл явдлын дараачаас хоёр талын харилцаа сэргэх шатандаа явж байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны улмаас тасарсан цэргийн харилцааг сэргээх тохиролцоонд өнгөрсөн оны сүүлчээр хүрсэн юм.

 

Хоёр талын яриа хэлэлцээний 17 дахь үе шатанд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Хятад, Тайвань, Монгол Улсын асуудал эрхэлсэн орлогчийн туслах Майкл Чейз, Хятадын Цэргийн төв хорооны Олон улсын цэргийн хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга, хошууч генерал Сүн Янчао нар оролцсон гэж Пентагон мэдээлжээ.

 

“Хоёр тал АНУ-БНХАУ-ын батлан хамгаалах салбарын харилцааг хэлэлцсэн бөгөөд М.Чейз өрсөлдөөнийг зөрчил болохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэрэг арми хоорондын харилцаа холбоог нээлттэй байлгахын чухлыг онцлон тэмдэглэв” гэж дээрх мэдээлэлд дурджээ. Үүнд Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэсэн нэршлийн товчлолыг ашигласан байна. Хоёр армийн хоорондын харилцаа холбоо бол буруу тооцооллоос эхлээд зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх гол түлхүүр юм гэж Пентагоны төлөөлөгчид үзэж байна.  

 

АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Чарльз К.Браун өнгөрсөн сард Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал Лю Жэнлитэй цахим уулзалт хийсэн юм. Хятад улс АНУ-тай “эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан” цэрэг армийн эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт уг уулзалтыг эш татан мэдэгджээ.

 

Хятадын тал АНУ-д хандан Өмнөд Хятадын тэнгист цэрэг байрлуулах болон “өдөөн хатгасан үйлдлүүд”-ээ зогсоох, мөн “зарим улс орныг” ийм үйлдлийг дэмжихээ зогсоохыг уриалсан боловч чухам ямар улсууд вэ гэдгийг дурдсангүй. Түүнчлэн “Нэг Хятад” зарчмыг баримталж, Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг АНУ-ын талаас хүсжээ. Тайванийн зүгээс эрс эсэргүүцэж байгааг үл харгалзан Хятад улс тус арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд энэ асуудлаар хэзээ ч буулт хийхгүй гэдгээ амласан байдаг. “Тэнгис, агаарын аюулгүй байдлын асуудлын үндсэн шалтгааныг бүрэн ойлгож, фронтын хүчнүүдээ хатуу хязгаарлаж, асуудлуудыг дэвэргэхээ АНУ болих ёстой” гэж уг мэдэгдэлд дурджээ.

 

Тайвань, Хятад хоёрын хооронд "үгийн дайн" өрнөж буй энэ үед Тайваньд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Цэргийн харилцаа холбоог тодорхой түвшинд сэргээсэн хэдий ч хоёр талын хооронд бодитой яриа хэлэлцээг өрнүүлэхэд цаг хугацаа шаардагдана гэдгийг Америкийн холбогдох албаныхан хэлж байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу