Caakmedee

АНУ, Хятадын төрийн тэргүүн нар утсаар ярина

  • Дэлхийд
  • 2024/01/29

АНУ, Хятадын төрийн тэргүүн нар утсаар ярина

 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзаж, хоёр улсын удирдагчдын утсаар хэлэлцээ хийх хугацааг товлосон гэж АНУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв. Өнгөрсөн 11 дүгээр сард Калифорни муж улсад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзсаны дараа сэргэсэн дээд түвшний харилцааг хадгалах зорилтын хүрээнд Ж.Салливан, Ван И нар Тайландын нийслэл Бангкок хотноо баасан, бямба гарагт хоёр өдрийн хэлэлцээ хийжээ.

 

Талууд Засгийн газрын түвшинд харилцаа холбооны нэмэлт сувгийг ажил хэрэг болгох чиглэлд ажиллахаар тохиролцсон хэмээн уг хэлэлцээний талаар мэдээлэл бүхий АНУ-ын эх сурвалж хэлсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ онд Хятадад дахин айлчлах төлөвтэй байна гэж албаны төлөөлөгч мэдээлжээ.

 

АНУ, Хятад улсууд өнгөрсөн онд хурцадсан харилцаагаа сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж байгааг энэ удаагийн уулзалт онцлон харуулж байна. Хоёр тал өнгөрсөн онд болсон төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр фентанилын наймаатай тэмцэх, цэрэг хоорондын харилцаа холбоог сэргээх зэрэг үр дүнд хүрснээ мэдэгдэж байв. Улмаар хоёр орны батлан хамгаалах салбарын төлөөлөл энэ сард Пентагонд яриа хэлэлцээгээ сэргээсэн юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу