Чилийн төв хэсэгт гарч буй ойн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна гэж Онцгой байдлын албаныхан мэдээлжээ. Одоогоор 51 хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тус улсын төв хэсгийн Валпарайсо мужийн газар нутгийн 110 мянга гаруй хавтгай дөрвөлжин талбай утаанд бүрхэгдэж, гал сөнөөгчид нисдэг тэрэг, ачааны машинаар галыг унтраахаар тэмцэж байна. Галын голомт болоод байгаа тус муж нь нэг сая гаруй хүн амтай. Ялангуяа далайн эргийн аялал жуулчлалын хот болох Вина дель Мар орчмын бүсүүд хамгийн их хохирол амсаад байна. Аврах багийнхан гамшигт өртсөн бүх бүс нутагт хүрэхээр тасралтгүй ажиллаж байна гэж Чилийн албаныхан мэдэгдэв. Тус улсын ерөнхийлөгч Борик Габриэл "Нөхцөл байдал үнэхээр хүнд байна” хэмээн төвийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Мөн “Ойрын үед амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх болзошгүй байна” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Каролина Тоха мэдэгдэв.
Энэхүү түймэр нь 2010 онд болсон газар хөдлөлтөөс хойшхи хамгийн том гамшгийн нэг болж байна. Тухайн үед газар хөдлөлтийн улмаас 500 орчим хүн амь үрэгдэж байжээ.