Монголын улстөрчид өнгөрсөн өвөлжин өөр хоорондоо далдуур үзэлцлээ. Хажуугаар нь ирэх зуны сонгуульд бэлдэцгээв. Энэ чигээрээ цагаан сартай золгож байна. Харин цагаан сар өнгөрөнгүүт улс төр улайстал халж мэдэхээр байна. Учир нь сонгууль угтсан улс төр өрнөнө. Өөрсдийгөө PR-даж, өрсөлдөгчөө унагах “ажиллагаа”-нууд үргэлжилнэ.
Уг нь энэ бол улс төрийн урьдны, ул болж буй технологи шүү дээ. Учир нь, саяхан сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмсэн. Шинэ 126 гишүүн аймгаас, хороодоос биш бүсээс сонгогдоно. Сонсоход, харахад нэг их том өөрчлөлт болж харагдахгүй л байх шиг байна. Гэхдээ тоглоомын дүрмийн энэ өөрчлөлт Монголын улс төрийг үндсээр нь хөдөлгөж мэдэх юм. Наад зах нь гишүүн болох хүсэлтэй хүмүүс сум бус бүс ярих тархитай байх шаардлага үүссэн. Тэр хэрээр бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөж байж гишүүн болох боломжтой.
Нөгөөтэйгүүр нэг зүйл маш тодорхой болчихсон. Энэ улс яг энэ чигээрээ бол яагаад ч урагшлахгүй юм байна. Улс төрийн салалт, нийлэлт, тэдэнтэй бизнесийнхэн орооцолдчихсон. Товчхондоо, улс төр, бизнес нь холилдоод учир нь олдохоо больчихсон. Улстөрчид нь улс төрөөр бизнес хийдэг. Бизнесмэнүүд бизнесээ улс төр болгочихсон. Энэ хоёр дээр хууль хяналтынхан нэмэгдэнэ. Тэд хуулийг улс төр ч, бизнес ч болгож ашигладаг. Энэ гурав нийлэхээрээ дээрмийн бүлэглэл маягийн зохион байгуулалт үүсчихдэг. Ийм л нэг зүй тогтол манайд бий болчихсон байгаа юм. Нуудаггүй. Ичдэггүй. Бас баригдсан ч улайхгүй.
ЖДҮ-г мэднэ дээ, бүгдээрээ. Баахан улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд “...ЖДҮ хөгжүүлнэ” гээд сангийнх нь мөнгийг авчихсан байсан. УИХ-ын баахан гишүүн, улс төрийн олон албан тушаалтан тэр асуудалд холбогдсон. Тэгээд зүгээр л өнгөрсөн. Сайд нь, сангийн захирал залуутай хамт л ял шийтгэл амссан. Хөгжлийн банкийг гадарлах биш доторлоно. Удахгүй давж заалдах шатны шүүх хурал нь болно. Гэхдээ тэдгээр шүүгдэгч дунд гол хүмүүс нь байхгүй. Анхнаасаа, мөрдөн байцаалтын шатанд мултраад явчихсан. Нүүрсний хулгайтай бол нэлээн дотно танилцсан. Энэ их өргөн хүрээтэй хулгай. Одоогоор жараахай төдий, бас хэл ам дэгдээж мэдэх хүмүүс л хуулийн аргамжаанд ороод байна. Хуулийн сайд Б.Энхбаяр саяхан телевизээр “...Хөгжлийн банкны хохирол нүүрсний хулгайн дэргэд бутархай мөнгө байсан” гэж ярьж байна лээ. Маш товч, тодорхой ойлгогдохоор үг шүү.
Ер нь тэгээд энэ бүхэн нөгөөх л 30 жилийн болохгүй, бүтэхгүйн овоолго юм л даа. Үнэн нь гэвэл тэр. Монголын улс төр 1990-ээд оны эхнээс л эмх замбараагүй эхэлчихсэн. Өмч хувьчлал, баялгийн хуваарилалт тэр үед л эрх мэдэл дагаж хийгдсэн. Тэр нь чинээндээ тулж, түүнийг эсэргүүцдэг С.Зоригийг 1998 онд Ерөнхий сайдад нэр дэвшихэд аминд нь хүрсэн байх өндөр магадлалтай.
За тэгээд, “Эрдэнэт”, Оюу толгойтой холбоотой маапаантай асуудал их бий. Гэхдээ энэ хэрэгт буруутсан хүмүүс цайраад эхэлсэн. Хотын газрыг дураараа зарж байсан бүлэглэл бий. Тэндээс санхүүжиж, түүгээрээ нэрлэсэн бүлэглэл хүртэл байгуулчихсан. Одоогийн эрх баригч намд олон жил оршсон уг бүлэглэл хэвээрээ, байж л байна. Одоохондоо албан тушаалд байхгүй болохоор манайхан алга болчихсон мэт ойлгодог. Үгүй л дээ. Тэдний нэг нь хаа байсан гаднаас баригдаж ирээд хэдхэн сар хоригдоод одоо хэрэг түвэг нь сураг алдраад унаж байна.
Сая Монгол авлигын индексээр арагшаа явсан мэдээ гарлаа. Тэр аргагүй л дээ. Олон жилийн хурааж хуримтлагдсан хэрэг “илэрч”, статистик нэмсэн. Гэхдээ дараа дараагийн жилд улам унах магадлал бас харагдаад байна. Яагаад гэхээр, тэгж илрүүлсэн хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй байгаа юм. Шулуухан хэлэхэд, шүүх байгууллага акулуудын авлигын хэргээс баахан халгадаг. Тэр ч байтугай өмнө шүүж буруутгаснаа эргээд хүчингүй болгодог. Олон хэрэг “...Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаав” гэдэг шийдвэртэйгээр шүүхээс буцаж байна. Зарим хэргийг шүүлгүй хойшлуулаад л байна. Одоо тэдгээр хэрэг дээр ногоон автобусны хэрэг нэмэгдэх бололтой. Тэр хэргээр хоригдоод шалгуулж байгаа “Тэнүүн огоо” компанийн захирал ил захидал бичсэн байна. Түүндээ “...Би ямар ч улстөрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй. ...Автобуснуудыг үйлдвэрлэсэн газар, тодорхой компани байхгүй мэтээр бичээд байгаа нь ор үндэсгүй худлаа гутгэлэг беөгөөд бид үйлдвэр дээр нь очоод нэвтрүүлэг хүртэл хийлгэсэн нь телевизээр гарсанаас гадна одоо ч үзэхэд интернэтэд бэлэн байгаа Солонгосын “Дэү” компани нь бүх эд ангиудыг Солонгост үйлдвэрлэдэг, Вьетнам улсад зөвхөн угсардаг гэж тайлбарлаад Солонгос, Вьетнам дахь үйпдвэр, агуулахаа үзүүлж, Вьетнам дахь үйлдвэртээ загвар автобусыг бидэнд танилцуулсан ба бидний үзэж танилцсанаас шал өөр автобус нийлүүлэгдсэн байсан. Намайг гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн гэж буруутгахдаа яагаад үйлдвэрлэгч биш гэдгийг анхаарч авч үзэхгуй байгааг би огт ойлгохгуй байгаа.
Хэвлэл мэдээллээр хуучин гэж шуугиулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн автобуснууд нь шинээр үйлдвэрлэгдсэн боловч үйлдвэрлэлийн бус аргаар үйлдвэрлэгдсэнийг ирсэн хойно нь мэдэж алдааг засварлуулах, дахин үйлдвэрлүүлэх боломжтой байсан боловч намайг цагдан хорисоор байсан тул юу ч хийж чадахгүй байна. Солонгос компани доголдолтой автобус нийлүүлсэн атлаа шинэ автобус, бид ингэж л хийдэг мэтээр биднийг доромжилж байгааг гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж дүгнэж байна. Монголын стандарт бидэнд хамаагүй гэх боловч олон улсын жишиг стандартаар хийгээгүй, зарим зүйлийг гар аргаар угсарсан, энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, үзэмжийн талаас нь доголдлыг арилгаж өгнө, танай улс автобус үйлдвэрлэдэгүй байж яаж дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна гэх зэргээр хандаж байгаа нь биднийг үл ойшоож байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл Монголын хуулийн байгууллагыг доромжилж байгаа тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож тэднээс хохирлыг гаргуулах шаардлагатай” гэжээ. Эндээс харвал, энэ захирал “...Ногоон автобусны хэргийн буруутныг Монголоос биш Солонгосоос хайх хэрэгтэй” гээд байх шиг байна. Уг нь энэ хэрэгт хоёр асуудал бий. Нэгт нь, автобусны тендерээс мөнгө зувчуулсан, хоёрт, хуучин автобус оруулж ирсэн гэж байгаа юм. Бүгд л мэдэж байгаа, үүнийг. Тэгэхээр бас л мөдхөн “...“Тэнүүн огоо”-гийн захирлын үгийг нягтлах хэрэгтэй” гээд хэргийг сонгууль давуулаад шидэж мэдэхээр л харагдаж байна. Ингээд байхаар авлигын индекс арагшлах нь тов тодорхой юм.
Сая хий дэлбэрсэн хэрэг ч буруутангүй үлдэж мэдэхээр болчихлоо. Гэтэл энэ чинь олон хүний амь, олон олон айл, байгууллагын эд хөрөнгийг устгачихсан байдаг. “Дашваанжил” гэдэг компани олон нийтийн хараанаас тун овжин мултарна лээ. Харин хариуцлагаас тэр маягаар нь бултуулж болохгүй. Зөвхөн энэ компани ч биш, төрийн байгууллага, тэр дундаа Салбарын хяналт хэрэгжүүлдэг газрууд, Онцгой байдлын албаны удирдлагууд гээд хариуцлагыг шат шатаар нь ярихаас өөр гарц байхгүй. Энэ явсаар нөгөө л 30 жил буруу өрсөн тогтолцоотой л холбогдоно. Араас нь утаа, түгжрэл гээд гацаанд орчихсон асуудлууд байна. Ерөөсөө өнгөрсөн зуны үер, энэ өвлийн хотын зам ингэж л тайлбарлагдана. Энэ хүртэл бид Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг зохиолын амьтад шиг хэдэн гахайнд итгэж, тэднийг тэжээсээр л ирсэн. Тэнд эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болтол нь өөрчилсөн тухай гардаг.
Тэгэхээр энэ бүхнээс гарах ганц гарц нь ирэх сонгуулиар л олигтойхон сонголт хийх хэрэгтэй болж байгаа юм. Уг нь энд улс төрийн намууд ихээхэн үүрэгтэй. Харамсалтай нь намууд нэр хүнд муутай байна. Тиймээс хүссэн хүсээгүй, аль нэг намаас, эсвэл бие дааж нэр дэвшсэн хүмүүсээс “...Зөвхөн зөв хүн”-ийг сонговол зохихоор байна. Тэр жил Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ аваргын “...Нэр минь цэвэр, гар минь цэвэр” гэдэг шиг л хүмүүс Монголд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын баялгийг сорж, монгол хүний боломжийг хулгайлсан нөхдүүд өөрсдөө татгалзаж, аль эсвэл нам нь тэвнийг дэвшүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Тэгж байж л Монгол зөв зам руу орно. Тэгж л харагдаж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)