Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн “Баруун зайдгай”-н 18 дугаар гудамжид суудлын автомашины доогуур засвар хийж байсан нэг хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:54 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж, автомашиндаа дарагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг 17:13 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.