Caakmedee

Автомашин хулгайлаад мөрийтэй тоглоомын барьцаанд өгдөг бүлэг этгээдүүд бусдыг хохироож байна гэв

  • Нийгэм
  • 2024/03/22

 

Сүүлийн үед автомашинаа алдсан гэх мэдээлэл сошиал орчинд нэлээдгүй цацагдах болсон. Тэгвэл тэдний нэгэн адил хохирогч болсон иргэн манай редакцид олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгөхөөр хандсан юм. Түүний машиныг мөрийтэй тоглоом тоглодог залуу авч зугтаад барьцаанд тавьж тоглоод алдчихсан аж. Одоогоор тус хэргийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэсээс шалгаж буй юм.

-Та хэзээ машинаа хулгайд алдсан юм. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгвөл?

-Дорнодын Халх голоос манай найз хотод ирсэн юм. Тэгээд найздаа машинаа түр унуулж хэрэглүүлэхээр өгсөн. Өнөө найз маань 22-ын товчооны тэнд "Ө" гэх залууд чиргүүлээ толгойтойн хамт заруулахаар өгсөн байсан дээрээ очтол чиргүүлийнх нь толгойн байхгүй болсон байж. Ингээд чиргүүлийн толгой, бичиг баримтаа авъя гээд ярьтал байгаа газарт руу нь "таны машиныг унаж очоод аваад ирье" гээд явсан байгаа юм. Тэгсэн шууд машиныг нь аваад зугтчихаж. Тэгээд "Ө" рүү залгахаар утсаа авахгүй, чатаар залгахаар "одоохон очлоо" гээд таг болчихоор нь БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэст хандаж өргөдөл өгсөн байгаа юм. Хамгийн анх өргөдлөө БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгсөн. Маргааш нь байцаагч дээрээ очиход завгүй байна гээд ажил дээрээ ирэхгүй болохоор нь өөрсдийн шугамаар баахан "Ө" гэгчийг хайж явлаа. Тэгээд ээжтэй нь арайхийж холбогдоод ярьсан. Ээж нь нөгөө хүүхдээ бас хайгаад, асууж сурагласан. Гэтэл өнөөх "Ө" маань мөрийтэй тоглоомчин байж таараад байна. Мөрийтэй тоглоомондоо унаж явсан миний машиныг барьцаанд тавьж тоглоод хожигдоод алдчихсан гэдгийг нь мэдэж оллоо. 

-Хэзээ машиныг нь авч явж зугтсан юм. Одоо цагдаад хандаад хэр хугацаа өнгөрч байгаа вэ?

-Ингээд олж авсан мэдээллээ байцаагчдаа маш олон удаа залгаж хэлсэн. Тэгээд ажлын үүдийг нь сахиж өдөржин суугаад уулзаж чадаагүй. Машинаа анх 19-нд алдсан цагдаад хандаад гурав хонож байна. Бидэнд байгаа мэдээллийн дагуу хурдан шуурхай шалгаад өгөөч ээ гээд утсаар гуйхаар та наадахаа мессежээр явуулчих гэсэн. 

-Машиныг нь авч зугтсан Ө нь тэгээд юу гэж байх юм. Цагдаа нар шалгахгүй байгаа юмуу?

-"Ө" нь утсаа ерөөсөө авахгүй байгаа. Ээжтэйгээ ярихдаа "Би машиныг нь барьцаанаас нь аваад хүнд нь аваачаад өгчихнө" гэж ярьсан байна лээ. Чиргүүлийн толгойг нь бас мөрийтэй тоглоод 14 саяын барьцаанд өгчихсөн юм байна. Одоо бас өргөдөл гомдлоо өгсөн. Энэ "Ө" гэх залуутай бас хамт тоглодог залуу гарч ирсэн. Энэ хоёр нийлж тэр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг Улаака гэдэг залуу дээр очиж тоглодог юм байна.  Хүний үнэтэй машиныг авч зугтаагаад мөрийтэй тоглож бусдыг хохироодог бүлэг этгээдүүд байдаг болжээ. Сүүлийн үед олон иргэд автомашинаа алдлаа гэх болсон хүмүүстээ сэрэмжлүүлэх үүднээс л мэдээлэл өгч байна.

 

Дээрх хэргийн талаар  БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэсээс дээрх хэрэг бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад, "Уг хэргийн талаар иргэн өргөдөл, гомдлоо энэ сарын 20-ны шөнө өгсөн байгаа. Бид  ажлын 19 хоног өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэж ажилладаг. Одоогоор хэргийг шалгаж буй учраас өөр мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ. 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу