Caakmedee

KFC-гийн тахианд 16 хүн хордсон нь үнэн

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2019/02/14

Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC-ийг тойрсон хэл ам тасардаггүй. Энэ удаад тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон аж.
Үүнтэй холбогдуулан, тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа "Найзууд" багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа гэнэ. 
Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад, ““KFC” салбараар үйлчлүүлж байгаад хордсон нь үнэн. Одоогоор манайд 16 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан” гэсэн хариултыг өглөө.

Эх сурвалж: ZALUU.COM

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу