Монголын Буриадын Төв Холбооноос зохион байгуулсан “Буриад-монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны 4-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд амжилттай болж өндөрлөв.
Тус чуулганд Монгол улсын Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, буриадын төрийн бус байгууллагуудын төлөөлөл 270 гаруй хүн оролцлоо.
Чуулганы үдээс өмнөх хурлыг МБТХ-ны Тэргүүн Д.Баттулга нээж, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин Галсанжамцын Пүрэв-Очир, МУ-ын Гавьяат эдийн засагч Намсрайн Хандам, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор Цэдэндоржийн Болорбат, Амин тоонот НҮТББ-ын Тэргүүн Баттөмөрийн Ариунбат нарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн “Монголын буриадын төв холбоо”, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”, “Буриад сурын холбоо”, “Буриад, соёл, спортын холбоо”, “Сэлэнгэ мөрний буриад зон” зэрэг НҮТББ-ууд, “Ёохор хатар” хамтлаг, “Мэндэ амар, буриадни” төслийн танилцуулга, ажлын тайланг сонсож, тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлэн буриадын өв соёл, уламжлалыг хэрхэн хөгжүүлэх арга боломжийн тухай санал бодлоо хуваалцсан бол үдээс хойшхи хуралдаанаар Булган аймгийн төв Булган суманд 2024 оны 7 дугаар сарын 26-28-нд зохион байгуулах “Алтаргана-XV” наадмын тухай мэдээлэл сонсож, санал солилцов.
Нутаг нутгаас хүрэлцэн ирж оролцогчид цаашид хийх ажлын талаарх саналаа амаар болон бичгээр өгснөөс гадна хуралдааны үеэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, буриадуудын төлөөх байгууллагууд цаашид нэгдэн ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө уялдуулж байх талд санал нэгдэв.
Мөн орон нутагт МБТХ-ны салбар зөвлөлүүдийг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй байгаа талаар олонхын санал гарсан тул аймаг, сум, орон нутагт салбар зөвлөлийг зохион байгуулан ажиллахыг удирдлагуудад даалгав.
Буриад-монголчуудын эв нэгдлийг хангаж, өв соёл, уламжлалаа хөгжүүлэхийн тухайд хуралд оролцогчид чуулганаараа хэлэлцэж, “Зөвлөмж-уриалга”-ыг есөн зүйлтэйгээр батлан, олон түмэнд уриалга гаргаснаар чуулган өндөрлөсөн.
Цаашид Монгол улсын буриад-монголчуудын төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллахаар болсон нь уг чуулганы бодит үр дүн боллоо. Чуулганд идэвхитэй оролцож үнэтэй санал, зөвлөмжөө өгсөн нийт төлөөлөгчдөд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Зохион байгуулах комисс 2024-04-29