Caakmedee

Хар тамхи хэрэглэгчдээ гурван сая хүртэл нь тоолоод суух уу

  • Нийтлэл
  • 2019/02/15
Залуусын дунд тахал мэт түгж буй хар тамхины хэрэглээ, түүний аюулын талаар манай сонин хөндөн бичиж байгаа билээ. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон залуусын тоо жил ирэх тусам хурдтай өсөж, тэднийг хуулийн байгууллага хяналтаасаа алдаад байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад цагаан тахал гэгдэх хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн дэгдэж байна. Тиймдээ ч өсвөр насны залуучуудын дийлэнх нь мансууруулах бодисны хэрэглээ, таашаалын талаар ам булаалдан ярилцах болжээ.
Хар тамхийг  Манжийн дарлалд байх үед монголчуудыг дарлах, номхруулах, үндэстнээр нь мөхөөх зорилгоор Монгол нутагт тариалж эхэлжээ. Ховд аймагт хар тамхины төрлийн “олс” хэмээх ургамлыг тариалдаг байсан нь саяхныг хүртэл ургадаг байсан гэдэг. Энэ нь одоогийн залуусын хэрэглэдэг ургамал бөгөөд илүү хортой нь юм. Нөхөн үржихүйн, үнэрлэх, амтлах шинж чанаруудыг алдагдуулдаг бодис. Хар тамхины төрөл болох ”Cannabis” ургамлыг хэрэглээд гуравдугаар үедээ орвол эрэгтэй хүн эм шинжтэй болдог гэх судалгаа ч байдаг ажээ. 
Хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү гэнэ. Ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг  бөгөөд өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог байна. Манай улсад  мансууруулах бодис, хар тамхины 170 хэрэглэгч бүртгэгдсэн бол өдгөө 560 хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж тооцдог. Ингэхээр 2000 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн үг. Дийлэнх нь 19-35 насны залуус. Нийслэлийн хэмжээнд хар тамхитай холбоотой хэргээр 21 хүнийг баривчлан шалгаж, 20 гаруй килограмм мансууруулах төрлийн бодисыг хураан авсан удаатай.  Урд хөршөөс мансууруулах бодис зөөвөрлөдөг, тээвэрлэдэг бүлгүүдийг цагдаагийнхан илрүүлэн баривчилсан. Чинээлэгдүү, боломжийн амьдралтай залуучууд хар тамхийг хэрэглэх нь элбэг гэдэг.
Мансууруулах бодист донтож эмчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Монгол залуучуудын хэрэглээд байгаа бодисууд сэргээшийн төрлийнх гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.  Ерөнхий боловсролын сургуулийн зарим сурагч газ үнэрлэж амь насаа алдсан тохиолдол ч гарч байв. Энэ бүхнээс сэрэмжлэхэд хууль хяналтынхнаас гадна эцэг, эхчүүдийн хараа хяналт чухал. 
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрынхан, зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж  элсэн. Эхний ээлжинд Цагдаагийн ерөнхий газрын Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн “Target ID”, “Sabre 5000” тоног төхөөрөмжийг  хүлээлгэж  өгсөн. Олсны төрлийн ургамал түүдэг, ургадаг аймгуудыг онцолсон нь санамсаргүй зүйл биш. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи ажээ.  Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа нь энэ юм. 2018 онд багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, үлдсэн аймгийн цагдаагийн газруудад энэ төрлийн тоног төхөөрөмжийг хүргүүлэх ажээ.  Харин хар тамхины хэрэглээ, хяналтаа алдахгүй байж чадах уу. 
Жил болгон үнэн эсэх нь мэдэгдэхгүй хар тамхи хэрэглэгчдийг тоолж, бодит арга хэмжээ авахгүй байсаар тэднийг гурван сая хүртэл нь тоолох уу. Эсвэл энэ төрлийн гэмт хэрэг болон хэрэглээ тасрахгүй байгаа өнөө үед холбогдох албан байгууллагууд судалгаа шинжилгээний үүднээс аливаа арга хэмжээг авах талаар яаралтай хэмжээ авах уу. Энэ асуудлыг зөвхөн цагдаагийн байгууллагад үлдээж, баригдсан этгээдүүдэд арга хэмжээ авах төдийд л сэргийлээд байх юм бол хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр тун удахгүй "цагаан тахал" нийтийн хэрэглээ болох аюул нүүрлэх вий. 
Өсвөр үеийнхний дунд шургалсан буруу ойлголт 
Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн 20 нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг. Харин үлдсэн 80 хүн хар тамхинд татагдан ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Гэтэл ийм бодлоор сонирхож хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь 12-18 насныхан байдаг гэх аймшигтай мэдээлэлд сэтгэл өвдөнө. Амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй хүүхдүүд бусдын нөлөөнд автаж, бие биенээ даган дуурайж хар тамхинд орж байгаа нь харамсалтай.
2010 онд мэргэжлийн байгууллагууд хамтарч Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн 2000 өсвөр үе, залуучуудаас судалгаа авахад 892 нь архи хэрэглэж, 806 нь тамхи татаж, 58 нь бензин цавуу үнэрлэж, 54 нь хар тамхи /36 нь каннабис, 18 нь экстази/ хэрэглэж үзсэн гэжээ. Энэ бол бага тоо биш. 2000 хүнээс 54 нь хар тамхи хэрэглэгч гэхээр гурван сая хүнд 80 орчим мянган хэрэглэгч байх магадлалтай байна. Тэр дундаа ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийнхний дунд хэрэглээ түгээмэл байгаа нь маш том аюул юм.
Хүн бүр хар тамхи аюултай гэж мэддэг, ярьдаг. Гэвч ямар аюул дагуулдаг болохыг сонирхдоггүй. Хар тамхи, мансууруулах бодис нь архинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймдээ ч нэг донтсон хүн санаан зоргоор гарч чаддаггүй. Гэтэл өвчин зовлонгоо, асуудал проблемаа мартаж, сэтгэл санаа бие махбодын ханамж авна гэсэн буруу ойлголт түгээмэл байдгаас өдрөөс өдөрт хар тамхинд донтогчид нэмэгдсээр байна. 
Хар тамхи хэрэглэгч залуучууд юу өгүүлэв 
Хар тамхи хэрэглэж байсан Б-гийн ярианаас товчлон хүргэе. Би анх гурван жилийн өмнө найзынхаа санал болгосноор “мөс” хэрэглэж үзсэн. Түүнээс хойш сарын дараа дахиж татсан. Эхлээд сардаа нэг удаа дараа нь долоо хоногт нэг удаа болсон. Бүр болиод хоногтоо нэг удаа татахыг хичээсэн. Гэвч миний хүссэнээр болоогүй. Хар тамхи хэрэглэснээс хойш би маш хурдан турсан. Бараг нүднээс гарсан. Хүмүүс хар тамхи татсан хүмүүсийг мансуурч, биеэ хянах чадваргүй болдог гэж ойлгодог. “Мөс” бол тийм биш, эсрэгээрээ. Геройн, морфин энэ тэр бол мансууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй бол “мөс” сэргээш гэсэн үг. Бид ямар нэг зүйлээс таашаал авдаг шүү дээ. Хоол идэж, ажлаа бүтээсний дараах мэдрэмж. Тархинд тэр мэдрэмжийг ялгаруулдаг бодисын хэмжээг “мөс” ихэсгэчихдэг. Хүний биед байгаа бүх чадал тэнхээ, нөөцийг шавхаад гаргачихдаг гэж ойлгож болно. Унтаж, ядрахаа мэдэхгүй. Хоол ч идэхгүй хэд хоногоор явна. Би хувьдаа гурав хоног унтахгүй, хоол идэхгүй явж үзсэн. Бүр тав хоног унтаагүй, хооллоогүй яваа нэгэнтэй ч таарсан. Тэр хий зүйл харж, өөртэйгөө ярьж эхэлсэн гэсэн" хэмээн ярьжээ.
Мөн хааяа нэг хэрэглэдэг эмэгтэй "Б" "Мөс буюу Ice-ын хэрэглээ маш их болж. Хүний хумсны 1/10-тай тэнцэхүйц жаахныг л 100 мянган төгрөгөөр зардаг. Гэвч хэрэглэж байгаа хүмүүс төдийлөн үнийг нь тоодоггүй. Ингэж хэлэхээр баячууд л хэрэглэдэг гэж ойлгодог. Тийм биш. Нийгмийн бүх давхаргынхан хэрэглэж байна. Мисс, мистерүүдээс эхлүүлээд өнөө маргаашаа яая даа гэсэн, хулгай хийдэг хүмүүс ч хэрэглэж байна. Эмэгтэйчүүд кайф авах гэж хэрэглэж байхад эрэгтэйчүүд ихэвчлэн хүүхэн найрах гэж хэрэглэж байна. Учир нь хумсыг 10 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний "мөс"-ийг дурын хүүхэндээ харуулахад л тэр чамд хамаг байдгаа дэлгэнэ" хэмээн ярьсан юм.
Хятадууд хар тамхитай хэрхэн тэмцэж байгаа вэ
2017 оны байдлаар БНХАУ-д хар тамхи хэрэглэдэг 3 сая хүн байгаа тухай судалгааг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар, Афганистаны мансууруулах бодистой тэмцэх байгууллагын хамтран гаргасан байна. Судалгааны үр дүнд Өмнөд Америкаас Хятад руу кокаин оруулах гэмт хэрэг ихэвчлэн Хятадын Гуан Дун, Хонконгоор дамждаг аж.Африк, Өмнөд Америк, Хонконгийн иргэд буухиа шуудангаар бараа илгээх, зорчигчийн гар тээшинд хавчуулах зэрэг хэлбэрээр Гуан Дун, Хонконгт кокаин оруулахыг оролдож буйг тогтоосон байна. Улмаар 2017 оны сүүлээр Хятад, Лаос, Бирм, Тайланд, Камбож, Вьетнам улсад “Аюулгүй гарц”  нэртэй хамтарсан ажиллагаа явуулснаар энэ төрлийн 6476 гэмт хэргийг илрүүлж, 9927 сэжигтнийг баривчлан, 12.7 тонн мансууруулах бодис хураан авч байсан ажээ.
Б.Учрал
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу