“Их-7”-ийн бүлгийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн уулзалт Итали улсын Стреса хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Одоогоор хуралдааны шийдвэрийг эцэслэн батлаагүй байгаа юм. Бүлгийн сангийн сайд болон төв банкны ерөнхийлөгчид энэ удаагийн хуралдаанаар Украинд үзүүлэх дэмжлэг болон ОХУ-ын битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн зохицуулалт хийх талаар нарийн хэлэлцэнэ хэмээн мэдэгдээд байсан юм.
ОХУ Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Европын холбоо өөрийн банканд байрлах Оросын нийт хөрөнгө болох 300 тэрбум ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан. Улмаар битүүмжилсэн хөрөнгийн ашгийг тодорхой хэсгийг Укрианы сэргээн босголт болон бусад зардалд дэмжлэг болгон илгээхээр тохиролцсон юм. Мөн АНУ-ын ОХУ-ын төрийн өмчийн хураан авч, Укрианд тусламж үзүүлэх зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталсан. “Их-7” бүлгийн бусад орнуудыг тус хуульд нэгдэх саналыг хүргүүлээд байгаа юм. Тус хэлэлцээрт яригдаж буй өөр нэг асуудал дэлхийн хоёр том гүрний дунд өрнөж буй худалдааны дайн. Учир нь өнгөрсөн долоо хоногт АНУ, БНХАУ-д ноогдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр импортын голлох бүтээгдэхүүн болох цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, компьютерын чип, эмнэлгийн хэрэгслүүд нь нөхцөл байдлыг улам хурцатгах эрсдэлтэй байгаад төлөөлөгчид ихээр санаа зовниж байна. Харин АНУ-ын зүгээс бүлгийн гишүүдийг ижил арга хэмжээ авахыг албан ёсоор уриалаагүй ч эхний өдрийн хуралдаанаар АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен “Их-7”-ийн бүлгийн орнууд Вашигтонтой нэг үзэл санаатай байгаагаа харуулахыг хүсэж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Тун удахгүй талууд нэгдсэн мэдээлэл гаргах бөгөөд тус мэдээлэлд олон улсын шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.
Насантуяагийн ЖАРГАЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин