Caakmedee

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна

  • Онцлох мэдээ / Эдийн засаг
  • 2024/09/30

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ирэх дөрвөн  жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар өнгөрсөн баасан гарагт  /2024.09.27/ мэдээлэл хийлээ.

Сайд Л.Энх-Амгалан, Монгол Улс цаашид Тэтгэврийн сантай байх уу, үгүй юү гэдэг бодит аюул нүүрлэж байна. Үүн дээр бид бодлогын томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй болсон. Хуучин нэг ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэврийг тавьдаг байсан бол одоо гурван хүний төлж байгаа шимтгэлээр нэг хүний тэтгэврийг тавьж дийлэхгүй болж байна.

Яагаад 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсэв?

  • 2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.

38 тэрбум төгрөг төвлөрүүлээд аль хэдийнэ 1.5 их наядын тэтгэвэр авчээ. Цаашид үлдсэн хүмүүс бүгд авна. Тэгэхээр алсдаа Нийгмийн даатгалын санд алдагдал үүсэх тул шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ийм сөрөг үр дагавартай байна

  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог цэрэг, хууль, хүчний байгууллагынхан байна. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс орон гэж байхгүй.

  • Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан гэх мэт улс төрийн үр дагаартай шийдвэрүүдээс болж, Тэтгэврийн даатгалын сан эрсдэлд ороод байна.

  • Хамгийн сүүлд өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Тэтгэврийн сангийн үүднээс харвал “хар хууль” гэж болох тэтгэвэр тогтоохдоо ажилласан 7 жилийн цалингийн дунджаар тооцдог байсан бол 5 жил болгож богиносгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь өндөр орлоготой, хувийн хэвшлийнхэнд боломж олгосон. НДШ-ийг таван жилд өндөр дүнтэй төлөөд насаараа өндөр тэтгэвэр тогтоолгох боломж олгосон. Ингэснээр 20, 30, 40 жил ажиллаж, НДШ тогтвортой төлсөн иргэдээс илүү тэтгэвэр авах болж байна.

Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Таван жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгодог улс орон дэлхийд байхгүй. Ийм өндөр өртөгтэй популизм хийсэн учир Тэтгэврийн санд бодитой эрсдэл нүүрлээд байна.
Улс төрийн үр дагавартай бодлогын дөрөвхөн шийдвэрээс болж, Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.

Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Бодлогын тодорхой шийдвэр гаргахгүй бол Тэтгэврийн сан ийм байдлаар ажиллах боломжгүй болсон. Тухайлбал, Дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоож байгааг хамгийн багадаа 7 жил, цаашдаа 10 жил болгохоос өөр сонголт байхгүй.
Ингэж байж иргэн бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээрээ шударгаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжих ёстой. 

Эрт тэтгэвэр тогтоодог нөхцөлийг эргэн харах шаардлага үүсэж байна. Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоох шаардлагатай. НДШ төлдөггүй албан бус секторынхон байна.

Сайн дураараа НДШ төлдөг 150 мянган иргэн бий. Үүний цаана төлдөггүй олон мянган иргэн бий. Тэднийг шимтгэлд бүрэн хамруулах хэрэгтэй. Юуны өмнө гадаадад ажиллаж, амьдарч буй 208 мянган иргэний нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр ажиллана гэв.   

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу