Caakmedee

БАРИМТ: Х.Баттулга ҮХАА-н сайд байхдаа “Сурагчдын дүрэмт хувцас оёулна“ гэж Хөдөлмөрийн сайдын мөнгийг шилжүүлж аваад хэрэгжүүлсэн төслийн 14 ТЭРБУМ төгрөг 10 жил төлөгдсөнгүй

  • Нийгэм
  • 2024/10/08
БАРИМТ: Х.Баттулга ҮХАА-н сайд байхдаа “Сурагчдын дүрэмт хувцас оёулна“ гэж Хөдөлмөрийн сайдын мөнгийг шилжүүлж аваад хэрэгжүүлсэн төслийн 14 ТЭРБУМ төгрөг 10 жил төлөгдсөнгүй
Сан гэдэг үг хулгай гэдэг үгтэй утгатай дүйж, утгаа алдлаа. Боловсролын зээлийн сангийн мэдээллийн араас Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн асуудлыг дэлгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ хулгайн замаар орсон мөнгөн дүнг нь харвал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол юун наадам, цагаан сар.
Үүний ганцхан жишээг өнөөдөр баримт тайлбартайгаар өгүүлье. Энэ бол “Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх төсөл” юм. Олон нийтэд шилэн болсон дүн нь 17 тэрбум. Эргэн төлөгдөөгүй замхарсан мөнгө нь 14 тэрбум. Гэвч үнэн хэрэгтээ “Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх төсөл” 17 тэрбум биш нийтдээ 23 тэрбумыг залгиж орхижээ.
Энэ залгих орон зай, нөхцөл боломжийг бий болгосон хүн нь Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга. Мөн тухайн үеийн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар юм. 10 жилийн турш эргэн төлөгдөөгүй уг зээлтэй холбоотойгоор хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин ч Ерөнхийлөгч, сайд хийж шагнуулав. Дээрх баримтуудаас харахад, ЖДҮХС-гийн анхны хулгайг, төрийн мөнгийг зувчуулах үүд хаалга Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед нээгдсэн байж болзошгүй. ЖДҮ-гийн жинхэнэ "загалмайлсан эцэг" холоос хайх шаардлагагүй мэт баримтууд зурайж байна.
Сануулахад, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө 2015 оноос өмнө 100 хувь эргэн төлөгддөггүй байсан. 2015-2016 он хүртэл 30 хувь нь эргэн төлөгддөг байсныг 2016 онд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр 100 эргэн төлөгддөг байхаар шийдвэрлэж байсан юм. Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 200 саяын зээл аж ахуйн нэгжүүдэд олгуулах шийдвэрийг ЗГ-ын хурлаар оруулж шийдвэрлүүсэн байхад нь хүү тооцоогүй гэдэг үндэслэлээр буруутгаж ял өгч байсан. Гэтэл 23 тэрбумаар нь салхинд хийсгэчихсэн Х.Баттулга, Я.Санжмятав, С.Наранцогт нарыг яагаад өнөөдрийг хүртэл шалгахгүй байна вэ гэдэг асуулт хариултаа нэхэх учиртай.
Мөн сайд байхдаа энэ мөнгийг үр ашиггүй зарцуулах үүд хаалгыг нь нээж өгсөн Х.Баттулга өнөөдөр орон нутгийн сонгуулиар хүүхдийн төлөө хот гэдэг агуулгыг багийнхандаа зааварчилж, өөрийн биеэр гарч ирж хүүхдүүдэд 30 мянган төгрөг олгоно гэх популизмыг хийж явна.
НЭГ, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тогтоол гаргаж 23 тэрбумын зээл олгохыг Я.Санжмятавт зөвшөөрсөн ч, Х.Баттулга сайд байхдаа дундуур нь дайрав
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар “Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх” 250 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Үүний араас хулгай эхэлж, татвар төлөгчдийн 23 тэрбум салхинд хийссэн учиртай. Уг нь үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих агуулгатай тогтоол гарсан ч тухай үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нь Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай гэрээ хийж байгаад татвар төлөгчдийн мөнгийг эд бад хийв.
ХОЁР, Х.Баттулга өөр яамны сайдын захиран зарцуулах мөнгийг өөрийн мэдэлдээ ингэж авав...
Дээр өгүүлсэнчлэн уг нь ЗГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, ЖДҮХС-гаас 6 тэрбумыг энэ төсөлд зарцуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрсөн, даалгасан. Гэвч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ-ны 20130716-001, ХЯ-ны 9/2013/02 тоот гэрээг байгуулж Хөдөлмөрийн сайдын хариуцдаг ХЭДС, ЖДҮХС-гийн нийт 23 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхийг нь өөртөө авчээ. Уг гэрээнд заасны дагуу ХЭДС-гийн 17 тэрбум, ЖДҮХС-гийн 6 тэрбум төгрөгүүдийг тус бүрийг нь жилийн 7 хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгоно гэж заажээ.
ГУРАВ, Сурагчийн дүрэмт хувцасны будилаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 17 тэрбум, ЖДҮХС-гийн 6 тэрбум төгрөг. Нийтдээ 23 тэрбум төгрөг салхинд хийсжээ
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас хоёр сангийнх нь 23 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гэрээ байгуулж авсан өдрөө ТНБД Х.Золжаргал нь 01/2688 албан бичгээр 23 тэрбум төгрөгийг “Оёдлын нэгдсэн холбоо”-ны Хаан банкны данс руу шилжүүлэх хүсэлтийг явуулсан байдаг. Ингээд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав А/155 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, ЖДҮХС-гийн Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй олгосон 100 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн төвлөрсөн эх үүсвэрээс санхүүжүүлэх үүргийг ЖДҮХС-гийн захирал Б.Баттүвшинд даалгажээ.
ДӨРӨВ, Х.Баттулгын яам 23 тэрбум төгрөгөө АРАВХАН хоногт "олж", оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлжээ
Нэгэнт мөнгөтэй болсон ҮХААЯ-ныхан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-той ХҮГ-20130723 дугаартай гэрээг байгуулан 23 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. Уг гэрээг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал баталж, Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Оюунцэцэг, гүйцэтгэх захирал М.Жаргалмаа нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингээд одоо “Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал, тухайн үед ХЯ-н Санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Наранцогт 17 тэрбум төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төрийн санд явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга сайд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас 23 тэрбум төгрөгийг нь авч сурагчдын дүрэмт хувцас оёулах гэрээг байгуулсан өдрөөс хойш ердөө аравхан хоногт л бүх зүйл өрнөсөн байгаа юм. Мөн уг үйл явц наадмын дараагийн долоо хоногт өрнөсөн гэдгийг онцлох нь зүйтэй.
ТАВ, 10 хоногт шийдэгдсэн зээл 10 жил төлөгдсөнгүй
Оёдлын нэгдсэн холбоо нь Хаан банкны дансандаа мөнгө шилжүүлж авсныхаа дараа “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК, “Эрдэнэтхивс” ХХК, “Эрдсүлж” ХХК, “Монгол нэхмэл” ХХК, “Сор кашемир” ХХК, “Санширо” ХХК, “Монфорте” компаниудад дамжуулан зээлж, сурагчдын дүрэмт хувцас хийлгэсэн байдаг.
Гэвч 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээл олгосон ч өнөөдрийг хүртэл 10 жилийн турш уг зээл эргэн төлөгдсөнгүй. Үйлдвэрлэлт нь оройтож эхэлсэн, ердөө 40 хувийг нь борлуулсан гэх шалтгаанаар зээлийн хугацаагаа нэг удаа 2014 он хүртэл сунгуулсан юм. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг зээл эргэн төлөгдсөнгүй хэвээр байна.
Харамсалтай нь татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан Х.Баттулга сонгуулийн өмнө гарч ирж, хуулийн төсөл санаачилж хүүхэд бүрт 30 мянгөн төгрөгийн карт тараана гэх популизмыг хийж байна.


Эх сурвалж: Ubn.mn

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу