Тбилиси хотын төвд парламентын ордны өмнө сонгуулийн санал хураалтын үр дүнг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Санал хураалтаар эрх баригч “Гүрж мөрөөдөл” нам дахин ялалт байгуулж, дөрөв дэх удаа засгийн газрыг байгуулах эрхтэй болоод байгаа билээ. Гүржийн Ерөнхийлөгч болон сөрөг хүчний намууд сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Сонгуулийн ерөнхий хорооны оролцоогүйгээр сонгуулийг дахин явуулахыг шаардаж байна.
Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчдад хандан үгээ хэлэх эрхээ хамгаалахын төлөө тэмцэх болно гээд АНУ, Европын Холбоог эл эсэргүүцлийн жагсаалыг дэмжих ёстой хэмээн мэдэгдэв. Тэрбээр өрнөдийн удирдагчдад хандан эрх баригч намтай харилцахгүй байхыг уриалжээ.
Ихэнх жагсагчид хүүхдүүдээ дагуулан ирсэн байна. Тэдний аюулгүй байдалд санаа зовнихгүй байна уу гэсэн сурвалжлагчдын асуултад тэд эсэргүүцлийн жагсаал тайван болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд хүүхдүүддээ хэрхэн эцэг, эх нь эрх чөлөөний төлөө, Оросын нөлөөний эсрэг тэмцэж буйгаа харуулахыг хүссэн гэжээ.