Caakmedee

Ц.Ариунтунгалаг: Эрт цэвэршсэнтэй холбоотойгоор залуудаа яс сийрэгжиж байна

  • Онцлох мэдээ
  • 2024/11/05

Ц.Ариунтунгалаг: Эрт цэвэршсэнтэй холбоотойгоор залуудаа яс сийрэгжиж байна

 

Чимээгүй тахал гэгдэх болсон ясны сийрэгжилтийн талаар Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Ариунтунгалагтай цөөн хором ярилцлаа.  

-Ясны сийрэгжилтийг чимээгүй тахал гэх болжээ? Тахлын хэмжээнд хүрсэн үү?
-Монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байсантай холбоотой наранд байх хугацаа харьцангуй их байсан учир витамин Д-ийн дутагдалд төдийлөн өртдөггүй байсан гэж хэлж болно. Гэтэл одоо нарны тусгалаас зайлсхийж битүү хувцаслах, хамгаалах янз бүрийн арга хэмжээ авснаар Д витаминыг бүрэн хэмжээгээр арьсан дээр нийлэгжүүлж чадахгүй байна. Бас нэг зүйл бол нүүдлийн мал аж ахуйтайгаа холбоотой цагаан идээ их хэрэглэж, түүнээсээ кальцийг хангалттай хэмжээнд авдаг байсан ч одоо цагаан идээний хэрэглээ багассан. Өөр нэг хүчин зүйл бол хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгтэй их хамаатай байна. Хүмүүс турах мөн биеийг цэвэрлэх зорилгоор удаан хугацаагаар мацаг барих, хоолны дэглэм барих, ходоод гэдсийг байн байн цэвэрлэх болсон. Үүнтэй холбоотойгоор бид эрдсийн дутмагшилд ороод байна. Хүний биед хоол тэжээлээр орсон эрдсүүд коллаген уурагтай холбогдож ясны цөм дээр очиж суух ёстой байдаг. Үүнд мөн Д витамины оролцоо чухал үүрэгтэй. Эдгээр шаардлагатай эрдэс, витамин, уургийн дутагдлаас шалтгаалан ясны сийрэгжилт болох нөхцөл бүрддэг. 

-Хот суурин газар амьдарч байгаатайгаа зохицуулаад Д витамин, кальцийг нэмэлтээр уух шаардлагатай юу?
-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас кальци болон Д витамины өдрийн тунг тогтоосон байдаг. Тэгэхээр эхлээд цусанд эрдэс болон Д витамины хэмжээг тодорхойлуулсны дараа зохих тунгаар хэрэглэх шаардлагатай.  

skip-share

Эрт цэвэршилтийг эмчилдэг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Учир нь өндгөвчинд байгалиас заяасан өндгөн эсийн нөөц гэж байдаг. Тэдгээр өндгөн эсийн нөөц багатай хүмүүст эрт цэвэршилт болно.

-Цэвэршилттэй холбоотой ясны сийрэгжилт болдог гэж сонслоо. Энэ тухай мэдээлэл өгөөч?    
-Янз бүрийн эмнэлгийн ажилбарууд, дааврын эмчилгээтэй болон нөхөн үржихүйн эрхтний мэс засалтай холбоотойгоор зарим хүмүүст цэвэршилт эрт явагдаж байна. Бид цэвэрших үйл явцыг зөвхөн эмэгтэйчүүдтэй холбоотой гэж ойлгодог. Эрэгтэйчүүд энэ тухай ойлголтоос бүрэн ангид байсаар байна. Нөхөн үржихүйн дааврын ялгарал багассанаар эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ясны сийрэгжилт явагддаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй шинжийг бүрдүүлэгч дааврууд ясны хэвийн байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Эрчүүдэд дааврын хэмжээ аажим буурдагтай холбоотой энэ эмгэг удаан хугацаанд ажиглагдахгүй байх талтай. Харин эмэгтэйчүүдэд цэвэршилтийн эхний 2 жилд ясны сийрэгжилт маш хурдацтай явагддаг. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ясны сийрэгжилт болон эрдсийн шинжилгээг жил бүр заавал өгч байх нь чухал. Цэвэршилт гэдэг нь дан ганц ясны бүтцэд нөлөөлдөггүй гэдгийг бас анхаарах нь зүйтэй. Хамгийн анхаарууштай нь судасны бүтцэд нөлөөлдөг. Судасны уян хатан чанар алдагдаж, бидний нэрлэдгээр холестерин судасны хананд сууж, судасны хатуурлыг үүсгэдэг. Ингэснээр артерийн даралт ихсэх нөхцлийг бүрдүүлж өгнө. Энэ бүх үйл явц амьдралын чанарт маш ихээр нөлөөлдөг. Хөгшрөхөөр биш бие махбодид дааврын хэмжээ багасан, өөх тосны солилцоо алдагдсанаар судасны бүтэц уян хатан чанараа алдаж, артерийн даралт ихэсдэг болохыг ойлгох хэрэгтэй.

-Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилт дунджаар хэдэн наснаас эхэлдэг юм бэ?
-
Манай Монгол эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас бол 49.2 байдаг гэж судалгаагаар гарсан. Цэвэршилтийг цэвэршилтийн өмнөх үе, цэвэрших үе, цэвэршилтийн дараах үе гэж хуваах ба эмэгтэйн бүхий л амьдралын 1/3 буюу 20 орчим жил үргэлжилдэг. Энэ үеүдэд бид эмэгтэйн цаашдын амьдралын чанарыг хадгалах суурийг тавих хэрэгтэй. Цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ  буурснаар ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог. Эрэгтэйчүүдийн хувьд 30-аас дээш насанд аажмаар тестостерогений хэмжээ буурч байдаг ба 50-аас дээш насны эрчүүдэд ясны сийрэгжилт тодорхойлогдох нь элбэг. Гэхдээ эмэгтэйчүүдийг бодвол ясны сийрэгжилтийн хурдац аажим явагддаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа ийм байдаг.

skip-share

Хамгийн гол нь эдгээр тохиолдлуудад бид даавар нөхөх эмчилгээг хийдэг. Энэ нь цэвэрших үйл явцыг зогсоох биш харин амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог.

-Цэвэршиж байгаагаа хэрхэн таниж, мэдэх бэ?
-
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг бид юун түрүүнд сарын тэмдгийн өөрчлөлтөөр хянадаг. Мөн насны хувьд монгол эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас 49.2 байдаг тухай өмнө дурдсан. Сарын тэмдгийг зогсохыг хүлээх бус хэрвээ танд сарын тэмдэг өөрчлөгдөх, сэтгэл санаа тогтворгүй болох, үс хумсны бат бөх чанар алдагдах, унах, хугарах, нойронд муудах, ядрах, үе мөч ясаар өвдөх, булчин бадайрах, цээжээр өвдөх гэх мэт зовууриуд илэрвэл заавал эмчид хандаарай.

-Эрт цэвэршилт удамшдаг уу?
-
Тиймээ, таны ээж, эмээд цэвэршилт эрт явагдаж эхэлсэн бол та ч эрт цэвэрших магадлалтай. Тиймээс эрт цэвэршилт удамшдаг гэж үздэг.

-Эрт цэвэршилтийг эмчлэх боломжтой юу?
-
Эрт цэвэршилтийг эмчилдэг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Учир нь өндгөвчинд байгалиас заяасан өндгөн эсийн нөөц гэж байдаг. Тэдгээр өндгөн эсийн нөөц багатай хүмүүст эрт цэвэршилт болно. Мөн нөхөн үржихүйн эрхтний мэс ажилбар хийлгэсэн, биеийн тодорхой өвчнүүдийн улмаас кортикостероид дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн хүмүүст цэвэршилтийн хугацаа ойртдог. Хамгийн гол нь эдгээр тохиолдлуудад бид даавар нөхөх эмчилгээг хийдэг. Энэ нь цэвэрших үйл явцыг зогсоох биш харин амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог.

-Цэвэршилттэй холбоотой ямар шинжилгээг, хаана өгөх ёстой вэ?
-
Цэвэршилттэй холбоотой өндгөн эсийн нөөцийг тодорхойлох, болон нөхөн үржихүйн даавруудын шинжилгээ, мөн эрдсийн болон бусад дотоод шүүрлийн даавруудын шинжилгээг хийлгэх шаардлагатай. Эдгээр шинжилгээнүүдийг итгэмжлэгдсэн цөөн тооны лабораториуд хийдэг. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу зохих шинжилгээг хийлгээрэй.

-Хүүхэд унах төдийд л яс нь хугардаг болжээ. Хүүхдийн яс сийрэгждэг үү?
-
Яс өөрөө уян хатан, бат бөх гэсэн шинжийг агуулдаг. Уян шинжийг нь коллаген уураг бий болгодог. Бат бөх чанарыг нь эрдсүүд бий болгож байдаг. Коллаген уургийн торлог дээр эрдсүүд сууж, холбогч эдээр холбогдон ясны бүтцийг үүсгэдэг. Хүүхэд насанд ясны уян чанар их байх ба хатуулаг чанар багатай байдаг. Сүүлийн үед манай төвд ясны сийрэгжилтийг тодорхойлох багажийн шинжилгээгээр хүүхэд өсвөр насныхны дунд ясны сийрэгжилт илэрч байна. Энэ нь хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдах, хөдөлгөөний дутагдал, охидуудад турах сэдэлтэй хоол хорих гэх мэт зүйлүүдтэй холбоотой байна гэж дүгнэж байгаа. Ясны уян чанар сайн байх тусам ясны деформацлагдах чадвар сайн байх ба ачааллыг даах нь илүү байдаг. Иймээс шим тэжээлтэй зохистой хооллох хэрэгтэй юм.

-Ясны сийрэгжилт залуужиж байна гэж ярих болжээ. Ямар шалтгаан байна?
-
Амьдралын хэв маягаас шалтгаалж байна. Сүүлийн жилүүдэд хийжүүлсэн ундааны хэрэглээ маш их байна. Хийжүүлсэн ундаан дахь фосфорын нэгдлээс шалтгаалан ясны кальцжилт багасах нь онолын хувьд батлагдсан боловч үүнтэй холбоотой судалгаа одоогоор хийгдээгүй байна. Өсөлтийн эрчимтэй насны хүүхдүүдэд кальци болоод витамин Д-ийн хэрэгцээ өндөр байдаг. Тиймээс эрдэс болон уургаар баялаг шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх нь өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.  

-Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээгээр тодорхойлдог гэж ойлгоод байтал цус авахгүйгээр тодорхойлдог арга байдаг юм байна. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөөч?
-
Ясны сийрэгжилт болон бүтцийн өөрчлөлтийг үений эхо болон рентген аппаратаар оношлодог. Өсвөр насны хүүхдүүдийн ясжилтын зоныг рентгенээр хэмжих нь өсөлт хэр байгааг тодорхойлох нэг арга юм. Мөн ясны сийрэгжилтийг хэмжих багажаар сийрэгжилтийн хувийг тогтоох боломжтой. Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед үе мөчний өвчлөл ихээр дэлгэрдэг. Өвчин эхлэх шатандаа оношлогдвол эмчилгээ хурдан авах ач холбогдолтой байдаг шүү дээ.

Б.Анхзаяа

https://gogo.mn/r/3vy3k

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу