Нэгэн шинэ судалгаа Фэйсбүүк хаягаа идэвхгүй болгох нь аз жаргалыг нэмдэг гэхдээ улс төрийн талаарх мэдлэгийг бууруулдаг гэх үр дүн харуулжээ. Франц улсад үйл ажиллагаа явуулдаг По улс төрийн судалгааны төвөөс явуулсан тус судалгаа өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.10.09/ “Royal Society Open Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Тэд 2022 онд болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2,200 хүн оролцуулж судалгаагаа явуулсан юм. Судалгаанд оролцсон хүмүүсийн тал нь сонгууль явагдах хугацаанд Фэйсбүүк хаягаа идэвхгүй болгон, ашиглаагүй байна. Идэвхгүй болгосон хүмүүсийг мэдээллийн эмчилгээ хүлээн авч буй хүмүүс, зөвхөн хаягаа идэвхгүй болгосон оролцогчид гэх хоёр бүлэгт хуваажээ. Мэдээллийн эмчилгээнд багтсан хүмүүст эрүүл цахим зуршил сурталчлах тухай мессеж илгээсэн юм.
Үүний дараа оролцогчдоос янз бүрийн сэтгэл хөдлөлийн тухай судалгаа авчээ. Тэрхүү судалгааны үр дүнг ашиглан оролцогчид хэр сайн сайхан аж байдалтай амьдарч байгааг илэрхийлэх индекс бүтээсэн байна. Үр дүнд Фэйсбүүк хаягаа зөвхөн идэвхгүй болгосон бүлгийн хүмүүс баяр баясал, сэтгэл ханамж, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа байдлаа нөгөө бүлэгтэй харьцуулахад илүү өндөр үнэлжээ. Эрдэмтэд мөн оролцогчдын мэдээний талаар мэдлэгийг нь шалгасан байна. Судалгааны төгсгөлд хаягаа идэвхгүй болгосон хүмүүс улс төрийн талаарх мэдлэг идэвхгүй болгоогүй хүмүүстэй харьцуулахад бага байв. Гэхдээ хаягаа идэвхгүй болгох нь хүмүүсийн энтертайнмент болон спортын салбарын тухай мэдлэгт нөлөөлөөгүй байна.
Эх сурвалж: Euro News