Caakmedee

ХУД-ийн II хорооны иргэд хромын бохирдол дунд амьдарч байна

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2019/02/20

Агаарын бохирдлоос илүү гамшгийн хэмжээнд байгаа ч төдийлөн анхаардаггүй сэдэв бол хөрсний бохирдол. Угаадас, нүхэн жорлон, хог хаягдал гээд нянгийн бохирдлыг бид түлхүү ярьж байна. Тэгвэл Улаанбаатар хотын өмнө бас нэгэн тулгамдсан асуудал байгаа нь хөрсний хүнд металлын бохирдол болоод байна. Нийслэлийн байгаль орчны газраас 2016 онд анх удаа 438 цэгээс дээж авч шинжилгээ хийхэд 136 цэгт нь хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс давсан байдалтай байжээ.
Хром, кадми, цайр, хар тугалга гэсэн химийн элементийн бохирдол химийн бодис ашигладаг үйлдвэрүүд, техникийн захууд, шатахуун түгээх станцууд, хогийн цэгүүдийн ойролцоо хамгийн их байдаг байна. Хэдийгээр хүнд металлын бохирдлын хэмжээгээр аюултай төвшинд хүрчихээгүй ч айл өрх, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, хоолны газар, машин техник гээд бүгд холилдон, зэрэгцэн оршиж даац нь хэтэрчихээд байгаа Улаанбаатар хотын хувьд эрсдэлийн төвшин өндөр байгаа юм.
ХРОМЫН БОХИРДОЛ ГҮНИЙ УСАНД НЭВЧИХ ЭРСДЭЛ БАЙНА
Хүнд металлын бохирдлоор тэргүүлж байгаа бүс бол Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах арьс ширний үйлдвэрүүд орчим болоод байна. Нийслэлийн байгаль орчны газрын захиалгаар өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн таван сарын хугацаанд “Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-ын хийсэн судалгаагаар дээрх газар нутагт харшил үүсгэгч, амьд биетийн ДНХ-г гэмтээх чадалтай гэж үздэг хромын бохирдол асар их байгааг тогтоосон байна.
1934 онд Аж үйлдвэрийн комбинатыг Хан-Уул дүүргийн тухайн хэсэгт барьж байгуулан, улмаар үйлдвэрийн бүс нутаг болон хөгжиж байгаад 1990 оноос хойш зарим нь уналтад орж, одоо малын гаралтай түүхий эд боловсруулах, арьс ширний 140 орчим компани ажиллаж байгаа.
Арьс, шир боловсруулахад олон төрлийн химийн бодис ашигладгаас хамгийн өргөн хэрэглэдэг нь хромын сульфат.
Тэдгээр үйлдвэрийн химийн бодис бүхий хаягдал ус, бохирдлыг цэвэрлэх, дахин байгууламж, үйлдвэрийн бүсийг суурьшлынхаас нь салгах асуудлыг өнөө хүртэл шийдээгүйн улмаас үүсэж байгаа асуудлуудын зөвхөн нэг хэсэг нь л энэ.
Арьс, ширний үйлдвэрүүдийн хаягдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар олон жил ярьж байгаа ч бодит судалгаа тооцоолол байгаагүй. Тэгвэл зөвхөн тэдний арьс угаахдаа хэрэглэдэг хром гэгч бодис нь тухайн орчинд ажиллаж, амьдардаг хүмүүст ямар хэмжээний хохирол учруулж болох тодорхой баримт энэ байна.
Арьс, шир боловсруулахад олон төрлийн химийн бодис ашигладгаас хамгийн өргөн хэрэглэдэг нь хромын сульфат. Арьсаа угааж, будахад бэлтгэхэд хэрэглэдэг. Арьс угаасан ус, лагийг цэвэрлэх байгууламж байхгүйгээс олон жилийн турш хаягдал усаа замбараагүй асгаж, хөрсөнд шингээж байгаа нь өнөөдрийн энэ нөхцөлийг үүсгээд байна.
Хэдийгээр арьс, ширний үйлдвэрүүдийн суурьшлын бүсээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч өнөөдрийн байдлаар урагш алхсан нэг ч алхам алга.
Судалгааны хүрээнд энэ орчмын 340 цэгээс дээж авч шинжлэхэд 204 цэгт хромын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, 57 цэгт стандартын хортой агууламжаас давсан, 33 цэгт аюултай хэмжээнээс долоо дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
Тэгвэл зөвхөн өнгөн хэсэг төдийгүй газрын гадаргуугаас 200 см хүртэлх хөрсөнд хромын бохирдол харилцан адилгүй байдлаар тархсан байгааг тогтоожээ.
Энэ бол зөвхөн 0-5 см гүнд буюу хөрсний өнгөн хэсгийн шинжилгээний дүн. Их хэмжээгээр бохирдсон хром нь салхиар, хүний хөл, машины дугуйгаар гэх мэт олон хүчин зүйлээр дамжин зөөвөрлөгдөж, эргэн тойрны хөрсийг нэмж бохирдуулан, оршин суугчдын эрүүл мэндэд цаг, минут бүрд заналхийлж байна гэсэн үг.
Тэгвэл зөвхөн өнгөн хэсэг төдийгүй газрын гадаргуугаас 200 см хүртэлх хөрсөнд хромын бохирдол харилцан адилгүй байдлаар тархсан байгааг тогтоожээ. Энэ шинжилгээг 103 цэгт хийхэд 102 цэгт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс, 86 цэгт хортой агууламжаас, 34 цэгт аюултай хэмжээнээс хэтэрсэн хариу гарсан байгаа юм.
Хөрсний зөвхөн өнгөн хэсэг биш гүнд хүртэл бохирдол ийм их байгаа нь гүний усанд нэвчих эрсдэл байгаад судлаачид санаа зовниж байгаа юм.
“Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ нь 2014-2017 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс бусад дүүрэг, Дорноговь, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт нийт 500 гаруй удаа хромын бохирдлын хэмжилт хийсэн нийт хэмжилтийн дундаж утгаас нь зөвхөн Хан-Уул дүүргийн II хороонд хийсэн хэмжилтийн дүн 6.3 дахин их байгаа аж.
“БОХИРДСОН ХӨРСИЙГ НҮЦГЭНЭЭР НЬ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ”
Хөрс нь агаар, уснаас ялгаатай нь өөрийгөө цэвэршүүлэхэд их хугацаа шаарддаг байна. Авах ёстой ачааллынх нь хэмжээнд хүнд металлаар бохирдуулахад дор хаяж 120 жилийн дараа цэвэршүүлдэг аж. Тэгэхээр өдөр бүр нэмж бохирдуулж байгаа хромын бохирдлоос нэг өдрийн дотор салж чадахгүй. “Юун түрүүнд бохирдлыг саармагжуулах шаардлагатай. Химийн аргууд байдаг ч өртөг өндөртэй.
Аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжид тулгуурлан нэн түрүүнд бохирдсон хөрсийг бетоноор хучих, ургамалжуулах ажлыг хийх хэрэгтэй. Энэ талаар зөвлөн, хамтарч ажиллахаар болсон. Ер нь хүнд металлын бохирдолтой хөрсийг нүцгэнээр нь байлгаж болохгүй. Бохирдсон хөрсний тоос тоосонцор нь хуурай улиралд салхиар дамжин зөөгдөж, бороотой үед усаар угаагдаж, шавар шавхай нь гутлын улаар дамжин хүний амьдрах орчинд нэвтрэх эрсдэлтэй” гэж Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан ярьсан юм.
Аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжид тулгуурлан нэн түрүүнд бохирдсон хөрсийг бетоноор хучих, ургамалжуулах ажлыг хийх хэрэгтэй.
Хромын сульфат нь ногоон өнгөтэй, үнэргүй, нунтаг бодис. Хүний биед хортой, амьсгалаар биед орох тохиолдолд амьсгал тасалдах, толгой өвдөх, чих шуугих, мөгөөрсөн хоолойг гэмтээх чадалтай. Мөн арьсандаа хүргэвэл түлэх, шарх үүсгэх, харшлын өвчин үүсгэх, нүдэндээ оруулбал сохрох ч эрсдэлтэй юм байна. Арьс, ширний үйлдвэрийн ажилтнууд арьс угаадаг энэ бодисоо аюулгүй гэж ярьдаг байна.
Хүнд металлын бохирдол, хордлогын нөлөө нь өнөө, маргаашдаа илрэхгүй байж болох ч хэдэн жилийн дараа хорт хавдраас эхлээд олон төрлийн хүнд өвчний эх үүсвэр болдгийг эрдэмтэд хэдийн нотолсон.
Бохирдол ихээр үүсгэсэн хромын төрөл нь харшил үүсгэж, хүний ДНК-г гэмтээдэг болохыг дээр дурдсан бол цаашлаад хорт хавдартай болох эрсдэлд ч хүргэдэг байна. Харин манай эрүүл мэндийн салбарынханд хүнд металлын хэрэглээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаа, шинжилгээ хомс байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн судалгаа бүр хийгдээгүй ч гэж хэлж болно.
2016 оны статистик мэдээллээр арьс, ширний үйлдвэрүүдийн ойролцоо бүсэд 5,000 хүн тогтмол ажиллаж, мөн тооны хүн байнгын амьдарч байжээ. Тэгвэл тухайн бүсээс 500 метрийн радиуст орон сууцны хороолол өдөр ирэх бүр нэмэгдэж, засаг захиргаа, бизнес, хүнсний үйлдвэрлэлийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд олноороо байрлаж байна.
Зөвхөн 500 метрийн радиус гэлтгүй Хан-Уул дүүргийн I, II, III хорооныхон тэр чигтээ хромын бохирдолд өртөх, магадгүй өртчихсөн ч байж мэдэхээр байна. Дээрээс нь Туул гол эдгээр бүсээс ердөө 2.5 метр өндөр шороон далангаар тусгаарлагдан урсаж байгааг мартаж болохгүй.
Зууны мэдээ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу