Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг өсч байна. Тодруубал, энэ он гарсаар 5744 залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ. Үүнээс үүдэж иргэдэд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэргийн арга илүү хүний сонирхол татах хэлбэрт шилжсэн. Тухайлбал, телеграм, Тik Тok, we chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сард нийт 18605 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. Үүний 13119 гэмт хэрэг нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байгаа юм. Үлдсэн 5489 гэмт хэрэг нь орон нутагт бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг буюу 5744 хэрэг нь залилах гэмт хэрэг байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.
Он гарсанаас хойш телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.
Цахим орчинд бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх /телеграм/ зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.
Кэйс I: Нэгэн иргэн телеграмаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны гурван данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31 сая төгрөг шилжүүлж залилуулсан.
Кэйс II: Орон нутгийн нэг иргэн телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112 сая төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
2024 онд залилах гэмт хэргийн улмаас нийт иргэн, хуулийн этгээдэд 318 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь 2023 оноос 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд "Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна" таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Ингэснээр иргэд зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.