Caakmedee

Вэйп хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж байгааг анхаарууллаа

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2025/09/03

Вэйп хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж байгааг анхаарууллаа

 

Дэлхийн эмч, судлаачид өсвөр насныхны дунд вэйпийн хэрэглээ эрс нэмэгдэж буйг анхааруулж, электрон тамхи нь тархи, зүрх болон судасны тогтолцоонд нөхөж баршгүй гэмтэл учруулж байна гэж мэдэгдлээ.
Испанид болсон Европын Зүрх судасны нийгэмлэгийн бага хурал дээр Норвегийн ахлах кардиологич профессор Майя-Лиса Лёхен “Вэйп нь хүүхдийн тархи, зүрхэнд хор хөнөөлтэй, даралт болон зүрхний цохилтыг нэмэгдүүлж, судас хатуурахад хүргэдэг” хэмээн хэлжээ. Тэрээр вэйпийн давтамжтай хэрэглээ нь цаашлаад даралт ихсэх, зүрхний хэм алдагдал, харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн анхааруулав.
Өнгөрсөн жил New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар вэйп хэрэглэх нь харвалтын эрсдэлийг 32 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Электрон тамхины өндөр температурт халсан шингэнээс формальдегид, ацетальдегид зэрэг хорт хавдар үүсгэгч бодис ялгарч, цус болон судас гэмтээдэг нь тогтоогдсон. Мөн никотин нь өсвөр үеийн тархины хөгжилд онцгой хортой нөлөөтэй тул хүүхдүүд илүү өртөмтгий байдаг гэж мэргэжилтнүүд онцлов.
Лондонгийн Royal Brompton эмнэлгийн профессор Сюзанна Прайс “Вэйпийг аюулгүй мэтээр сурталчилдаг ч урт хугацааны эрсдэл нь тодорхойгүй. Энэ нь тамхийг өөр төрлийн донтуулагч бодисоор орлуулж буй хэрэг байж болзошгүй” гэж анхааруулав.
Их Британийн Зүрхний Сангийн захирал доктор Шармайн Гриффитс “Вэйп эрсдэлгүй биш, ямар ч хүүхэд электрон тамхи хэрэглэх ёсгүй” хэмээн мэдэгдэж, Засгийн газрууд залуусын хэрэглээг бууруулах арга хэмжээ авахыг уриаллаа.
Профессор Лёхен “Хүүхдэд вэйпийн нөлөө насанд хүрэгчдээс ч илүү аюултай. Учир нь тархины хөгжил бага наснаас эхлээд хорь гаруй нас хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд никотин болон бусад бодисууд маш хортой нөлөө үзүүлдэг” хэмээн онцолсон байна.
Вэйп харьцангуй шинэ бүтээгдэхүүн учраас урт хугацааны эрүүл мэндийн нөлөөний талаарх мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Гэхдээ Лёхенгийн үзэж буйгаар одоогийн мэдлэгт тулгуурлан дэлхий даяар электрон тамхины борлуулалтыг хориглох шаардлагатай аж.
“Электрон тамхи хоргүй биш гэдгийг бид мэдэж байгаа. 15–20 жил хэрэглэгдэж байгаа энэ хугацаанд хангалттай мэдээлэл цугларсан. Одоо дэлхий даяар борлуулалтыг хориглох цаг болсон” хэмээн тэрээр дүгнэжээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу