Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Уг тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг байна. Бүүрэг нь мэрэгчдийн дунд өвчин үүсгэгч дамжуулдаг аж. Мөн өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.
Тухайн өвчин нь халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамждаг байна.
Тарваган тахал өвчний үед дараах шинж тэмдэгүүд илэрдэг байна:
- Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж нойргүйдэх
- Арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх
- Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх
- Ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах
- Хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илрэх юм.
Иймд иргэдийг сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах, нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх, тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэхийг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.