Caakmedee

Худалдааны яам байгуулъя

  • Мэдээ мэдээлэл / Нийтлэл
  • 2019/02/27

Дэлхийд худалдааны маргаан, дайн дэгдээд байгаа энэ цэг үед монголчууд бид худалдаа, арилжаагаар амьжиргаагаа зохицуулан амьдарч байгаа атлаа гадаад худалдааны цогц бодлогогүй явж ирлээ гэж хэлэхэд хатуудахгүй. Дэлхийн худалдааны байгууллагатай сүүлийн жилүүдэд харилцаа зогсонги байдалд орсон гэдгийг эдийн засагчид батална.
Монгол Улсын Эдийн засгийн салбарын бүтцийг авч үзвэл сүүлийн 7 жилийн дунджаар уул уурхайн салбар 19.06%, бөөний болон жижиглэн худалдааны салбар 18.07%, хөдөө аж ахуйн салбар 11.93% ба боловсруулах үйлдвэрлэлийн салбар 9.57%-ийг эзэлж байгаа юм.
Худалдааны яам байгуулъя
Худалдааны салбарын эзлэх хувь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувиас 2  дахин их байгаа нь үйлдвэрлэлээс илүүтэй худалдаа эрхлэх хандлага зонхилж байгааг илэрхийлнэ.Дэлхийн хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд гадаад худалдааны орлого, түүний үр өгөөжид тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх, тэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Учир нь өнөөгийн даяарчлагдсан нийгэмд улс орнуудын эдийн засаг, хөгжилд олон улсын худалдаа, хамтын ажиллагаа их хэмжээгээр нөлөөлж байгаагийн жишээг АНУ Хятадын худалдааны дайн хэмээх үйл явцаас харж болно.
Манай улстөрчид эдийн засгаа солонгоруулна хэмээн ярьсаар олон жилийн нүүр үзэж байна. Гэсэн ч эдийн засаг солонгорох байтугай хүрэн хэвээрээ байсаар л. Дээр өгүүлсэнчлэн худалдааны салбарын эзлэх хувь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувиас хоёр дахин их байгаа нь гадаад худалдааг эдийн засгийн өсөлтийг дэмжих хангалттай түвшинд хүргэх, түүнд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байгаа юм. Засгийн газраас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих зорилтын хүрээнд олон бодлого, хөтөлбөр баталсан хэдий ч үр дүнтэй, биелэлт сайтай бодлого, хөтөлбөр алга байна. Энэ нь манай улс худалдааны нэгдсэн бодлогогүй, бодлого боловсруулалт, хэрэгжилтийг хариуцсан газар байдаггүйтэй холбоотой юм.
Гадаад худалдааг хөгжлийн бодлогын нэг гол тулгуур болгож амжилттай хэрэгжүүлж ирсэн улс орнуудад байдагтай адил гадаад худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх институцийн орчин манайд бүрдээгүй бөгөөд эдгээрийг хослуулан ашиглаж, чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй байна. Харин  Өмнөд Солонгос, Чили, Хятад зэрэг худалдааны сайн бодлоготой улсуудын туршлагаас харахад гадаад худалдааны бодлогыг шат дараатай, тогтвортой хэрэгжүүлж ирсэн бөгөөд гадаад худалдааг хариуцсан яам, түүний дэргэд экспортыг дэмжих тусгай байгууллага ажиллуулах замаар өөрийн улсын экспортыг дэмждэг байна.
Ихэнх улс оронд гадаад худалдааг дангаар хариуцан ажилладаг яам, түүний дэргэд гадаад худалдааг дэмжих зохицуулалттай бие даасан байгууллага ажиллаж байна. Харин Монгол улсад гадаад худалдааг дангаар нь хариуцдаг яам одоогоор байхгүй бөгөөд гадаад худалдааны бодлогыг Гадаад харилцааны яамны “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар” хариуцан ажилладаг. Худалдааны түүхээ эргэж харвал бид 1970-аад оныг хүртэл худалдаа хариуцсан яамтай байсаар иржээ.
“Манай улсын гадаад худалдааны иж бүрэн, нэгдсэн бодлого тодорхойлогдоогүй, гадаад худалдааны гүйцэтгэл, идэвхжилт, хэрэгжилтийн үр дүн тун хангалтгүй байна. Тухайлбал гадаад худалдааны бодлогын үр дүнг илэрхийлэгч үзүүлэлтүүд болох урсгал тэнцлийн алдагдал, экспортын бүтээгдэхүүний төвлөрлийн индекс, төгрөгийн доллартай харьцах ханш зэрэг нь олон улстай харьцуулахад хангалтгүй байна. Түүнчлэн гадаад худалдааны бодлогын хэрэгслийг тодорхойлогч худалдааны гэрээ хэлцлийн ач холбогдол, хамгаалалтын хэмжүүр зэрэг үзүүлэлтүүдээр манай улсын худалдааны бодлогын хэрэгслийн хэрэглээ, ач холбогдол бага байна” гэсэн дүгнэлтийг Монголбанкны судлаачид гаргажээ.
Тодруулах юм бол Монгол Улсын экспортын төвлөрөл маш өндөр буюу ганц хоёрхон бүтээгдэхүүнээс хамааралтай.  Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын экспорт нь ийнхүү хэт нэг салбар дээр тулгуурласан байдаг тул эдийн засаг нь гадаад шоконд хэт өртөмтгий болдог. Түүнчлэн худалдааны хамгаалалтын арга хэрэгслийг бид идэвхитэй хэрэглэдэггүй. Энэ нь худалдааны нээлттэй байдалд эерэг нөлөөтэй хэдий ч үндэсний аюулгүй байдал алдагдах аюул бий гэж үздэг. Тиймээс ч үүн дээр улс орнууд арга хэрэгслээ бие биедээ хэрэглэж харилцан хамтран ажилладгийг худалдааны зарим хориг өгүүлнэ.
Гадаад худалдааг дангаар хариуцах яам бий болсноор төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц сайжрах, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийгдэх, үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой болно гэж эдийн засагчид хэлдэг.  Дэлхийн 205 улсын дийлэнх нь буюу 95%  нь худалдааны яамтай, үүний дотор 25% нь буюу 51 улс гадаад худалдааг дангаар хариуцан ажилладаг яамтай байгааг Монголбанкны судалгаанд дурьдсан байлаа.
Чили  улс гэхэд 1970 оны үед “Орлогын тэгш бус хуваарилалт ихтэй, ядуурлын түвшин 45% хүрсэн, эдийн засаг нь тогтворгүй байгалийн баялгийн хараалд өртсөн улс хэмээн тодорхойлогдож байж. Экспортын 87%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа түүхий зэс эзэлсэн хэт уул уурхайд түшиглэсэн орон байсан бол өдгөө  Зэсийн экспортоор дэлхийд тэргүүлэгч орон, ядуурлыг 11,7% хүртэл бууруулсан төдийгүй байгалийн баялгаа зохистой ашиглаж чадсан орнуудын нэг болж чадсан нь 1959 оноос эхлэн худалдаагаа чөлөөлөх бодлого явуулсны үр дүн  гэдгээр жишиг туршлага болжээ.
Харин зах зээлийн эдийн засагт шилжээд 30-аад жилийн нүүр үзэж буй Монгол Улс гадаадын 10 улстай түншлэлийн харилцаа тогтоон харилцаж байгааг доорхи хүснэгтээр харуулав.
Худалдааны яам байгуулъя
 
Мөн Дэлхийн худалдааны байгуллагад нэгдсэнээс хойш хоёр улсын хамтын худалдааны дараах цөөн хэдэн хэлэлцээрүүдийг хийжээ.
Худалдааны яам байгуулъя
Eagle.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу