Caakmedee

Сангийн яам: “Гацуурт” ХХК улсад хохирол учруулсаар байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2019/03/01

Засгийн газрын сангуудад хийсэн шалгалтын дүнг түүвэрлэн хүргэж буй. Шалгалтын ажлын хэсэг “Гацуурт ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроож, гэрээний үүргээ зөрчиж, улсад хохирол учруулсаар байна” хэмээн хэмээн дүгнэжээ.
Засгийн газраас 2011 онд “Махны цэвэр үүлдэрийн үхрийг импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулжээ. Энэ тендерт “Гацуурт” ХХК шалгарч, Мал хамгаалах сангаар дамжуулан 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Ингэхдээ “Гацуурт” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 09-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, олгосон санхүүжилтийг 6 жилд багтаан стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч үхрээр эргэн төлөхөөр тохиролцжээ.
Сангийн яам: “Гацуурт” ХХК улсад хохирол учруулсаар байна
Гацуурт ХХК-тай хийсэн зээлийн гэрээний зарим заалт:
3.1.1-д 1.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 6 жилийн дараа 200 толгой өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчээр эргүүлэн төлнө.
3.2-д Зээлдэгч оруулж ирсэн үхрийг дараах эргэн төлөх хуваарийн дагуу зээлдүүлэгчид төлнө. Зээлдүүлэгчид 18-22 сараас доошгүй настай, махны чиглэлийн тухайн үүлдэрийн стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч, хээлтэгчийг 50 хувийн харьцаатайгаар хүлээлгэн өгнө гэж заажээ.
3.3-д Зээлдүүлэгч болон түүний томилсон албан ёсны төлөөлөгч нь энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг заасан хугацаанд зээлдэгчийн эргүүлэн төлөх үхрийг акт үйлдэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь аж ахуйгаас хүлээн авна.
3.4-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж чадахгүй болсон тохиолдолд 1 толгой үхрийг мөнгөн дүнд шилжүүлсэн дүнгээр төлбөрийг барагдуулах болно.
Гэрээний дагуу  санхүүжилтийг гурван үе шаттай эргэн төлөх ёстой.
2015 оны 07.15-нд 30 хувь буюу 60 толгой хээлтэгч, хээлтүүлэгч мал
2016 оны 07.15-нд 30 хувь буюу 60 толгой хээлтэгч, хээлтүүлэгч мал
2017.07.15-нд 40 хувь буюу 80 толгой хээлтэгч, хээлтүүлэгчийг мал хамгаалах санд хүлээлгэн өгөх ёстой байв.
Гэвч гэрээ зөрчигдөж, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас ХХААХҮ-ийн сайд 2015 оны 6 дугаар сарын 22-ны А/249 тоот тушаалаар ажлын хэсэг томилжээ. Тус ажлын хэсэг “Лимузин” үүлдэрийн стандартын шаардлага хангасан 18- 22 сартай 60 толгой хээлтүүлэгчийг шалган хүлээн авах үүрэгтэй. Төрийн яамнаас томилогдсон ажлын хэсэг, Л.Чинбат захиралтай Гацуурт компанитай учраа ололцох гэж багагүй хөөцөлдсөн ч эцэстээ шүүхдээ тулсан байна. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Мал хамгаалах сан нэхэмжлэлийг хэргсэхгүй болгожээ.
Ингэж 2011 онд авсан эхний зээлээ төлөөгүй Гацуурт ХХК 2013 онд дахин 2.0 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжргалтай гэрээ байгуулан, Франц улсаас махны чиглэлийн цэвэр үүлдэрийн үхэр импортолж, үржүүлэхээр болж.  
Ингэхдээ тус бүр нь 11.363.636 төгрөгийн, нийт 2.0 тэрбум төгрөгийн үнэтэй мах, сүүний чиглэлийн Монтбелард, Лимузин үүлдрийн 176 толгой үхрийг ҮХААЯ-ны харьяа Мал хамгаалах санд өгөхөөр тохирсон байна.
Гэрээнд
2017.07 сард 30 хувь 52 толгой хээлтэгч, хээлтүүлэгч
2018.07 сард 30 хувь 52 толгой хээлтэгч, хээлтүүлэгч
2019.07 сард 40 хувь 72 толгой хээлтэгч, хээлтүүлэгч өгөхөөр тусгажээ.
Гэрээ байгуулсны дараа 2017 оны 08 дугаар сар “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат Мал хамгаалах сангийн захиралд хандаж, дүгнэлт ирүүлсэн байна. Ингэхдээ төслийн хүрээнд хүлээлгэж өгөх үхрээ ихэнхдээ малчдад очих учраас “Ангус” үүлдэрийн үхэр тараах нь оновчтой гэсэн санал ирүүлжээ.
Илэрсэн зөрчил:
  • ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”- 2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй нь 2015, 2016 онуудад гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.
  • Зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11.0 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол 6 үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Үнэ тогтоох, хуваарь батлах тухай А/135 тоот тушаалаар “Гацуурт” ХХК-иас зээлийн эргэн төлбөрт 200 толгой “Ангус” үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг нэг бүрийг 5.0 сая төгрөгөөр үнэлэн хүлээн авч, үүссэн алдангийг чөлөөлсөн шийдвэр гаргажээ. Дээрхи тушаалын дагуу төсөл хэрэгжүүлэгчээс анхны гэрээнд заасан цэвэр цусны “Лимузин” үүлдрийн өсвөр насны үхэр авах заалтыг зөрчиж, “Ангус” үүлдрийн болон монгол үхэртэй эрлийзжсэн өсвөр насны үхэр болж өөрчлөгдсөн, энэ тохиолдолд үнэлгээний зөрүү гарах ёстойг мөн харгалзан үзэлгүйгээр 100 толгой хээлтүүлэгч, 100 толгой хээлтэгч нийт 200 толгой үхрийг авч 6 аймаг, Малын удмын сангийн үндэсний төв болон Мал хамгаалах санд тус тус хуваарилан 1.0 тэрбум төгрөгийн зээлийн авлагыг 2017 оны төгсгөлөөр хаасан байна.
  • Мөн 2013 онд 2.0 тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны 7 дугаар сард 52 толгой, 2018 оны 7 сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой ч, гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрчээ.
Шалгалтын тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
 
М.Болд
SHUUD.MN
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу