Caakmedee

Тэд бидний тухай: Монголд дахь Оросын нөлөө буурсаар байна

  • Нийтлэл
  • 2019/03/06
Олон улсын аюулгүй байдал, геополитикийн асуудлаар дагнан бичдэг АНУ-ын “Global Security Review” веб сайтад Монгол, Оросын харилцааны талаар нийтлэл гарчээ. Тус нийтлэлээр сүүлийн жилүүдэд Монгол,  Оросын харилцаа болон цаашдаа хамтын ажиллагааг тоймлохыг зорьжээ. Энэхүү нийтлэлийн агуулгыг орчуулан хүргэж байна.
Нэгэн цагт БНМАУ нь ЗХУ-ын албан бус буюу 16 дахь холбооны улс шиг байсан юм. Тэд ах дүү орнуудын найрсаг харилцаатай байхын зэрэгцээ Монгол Улсын бүхий л чухал салбарууд зөвхөн ЗХУ-ын шууд дэмжлэгээр хөгжиж байлаа. Түүнчлэн, Оросын соёл, суртал ухуулга нь ном, хэвлэл, урам зохиол болон боловсон хүчнээр нь дамжин соёлын нөлөө нь нүүдэлчин Монголчуудад асар их нөлөөлсөн байдаг. Үүнийг тухайн үеийн  монгол хүн бүр их бага хэмжээгээр Оросоор ярьж, ойлгодог байснаас харж болох юм.
Харин ЗХУ задарсны дараа буюу 1990 онд   хоёр орны жилийн худалдааны нийт эргэлт есөн хувиар буурч байжээ. Цаашдаа ч энэ үзүүлэлт улам буурч байсан бөгөөд нөгөө талд нь Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөлөөлөл улам ихэсч, худалдаа арилжаа ч өргөжих болсон байна. ОХУ-ын хувьд далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг асар ихтэй хөрш орны нөлөөллөө хамар доороосоо алдсан юм.  
Одоогоор илрүүлсэн  судалгаагаар дэлхийн нийт газар доорх нүүрсний нөөцийн 10 нь Монголын газар нутагт байдаг аж. Мөн тус улсын нийт эдийн засгийн гуравны нэг хувийг уул уурхайн салбар нь бүрдүүлдэг бөгөөд нийт  экспортын 89 хувийг ашигт малтмал эзэлдэг байна. Үндсэндээ Монголын уул уурхайн салбарт барууны хөрөнгө оруулалт хамгийн том байр суурийг эзэлдэг. Учир нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой Оюутолгой болон Тавантолгойн орд газруудад барууны санхүүжилт зонхилдог юм. Харин Монголын нефтийн импортын зах зээлийг эс тооцвол бусад бүх салбаруудад Хятадын нөлөө асар их байдаг.
Уул уурхайн салбарын хөгжлөөс шалтгаалан Монголын эдийн засаг өндөр өсөх болсон. Харин ОХУ-ын хувьд гараа хумхиж суулгүй, өргөжиж буй эдийн Монголын засагт өөрсдийн байр суурийг эзлэх алхамууд хийж байсан. Тухайлбал, 1990 оноос хойш алдагдах болсон дипломат итгэлцлийг үл харгалзан Монгол Улсын засгийн газрын нийт өрийн 98 хувийг тэглэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн Орос, Хятадыг холбох газрын тосны хоолойг Монгол Улсаар дайруулан барих шийдвэрийг гаргасан юм. Гэсэн хэдий ч Монгол, Оросын харилцаанд ахиц,  дэвшил гараагүй юм. Газрын тосны хоолойг Монголоор дайруулах төсөл уршлахгүй, хоёр орны харилцаа хүйтэн хөндий хэвээр байна. Монголын хувьд хойд хөршдөө өгсөн зарим амлалтуудаа биелүүлээгүйн улмаас хоёр орны харилцаа улам бүдгэрсээр байна гэж үздэг. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг болон дэлхийн эдийн засагт нэгдэх гэсэн эрмэлзэлтэй нь холбон зөвтгөж болох аж.
ОХУ Монголд зөвхөн эдийн засгийн нөлөөллөө алдаад зогсохгүй мөн соёлын нөлөөллөө алдах болсон аж. Үүний хамгийн том жишээ нь, орос хэлнээс илүүтэй Монголчуудын тэр дундаа залуус англи хэлийг хамгийн түгээмэл ярьдаг гадаад хэл болгосон байна. Мөн цахим орчинд үндсэн кирилл цагаан толгойгоор бус Латин цагаан толгойн үсгүүдээр сэтгэгдэл бичих нь түгээмэл байдаг аж. Энэ үзэгдэл өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан кирилл цагаан толгой хэрэглэдэг улсуудын хувьд ч түгээмэл асуудал юм. Үүнийг даган хоёр орны хооронд ажил хөдөлмөр, бизнес эрхлэх хүмүүсийн тоо улам бүр буурсаар байгаа юм. Энэ бүхнийг хуучин Зөвлөлтийн үетэй харьцуулбал Монгол, Оросын ямарч идэвхгүй болсныг харуулж байна.   
О.Мөнхбат
Эх сурвалж: Global Security Review
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу