Caakmedee

Алтан аргамж алдуурч л байг уу, Д.Цогтбаатар сайд аа?

  • Нийтлэл
  • 2018/11/28

Их Монгол Улсын гадаад харилцааг дэлхийд төлөөлөх элчин худалдаачин нартай холбогдон тэмдэглэгдэж үлдсэн Алтан аргамж гэх энэ үг өдгөө Монгол төрийн гадаад бодлогын мөн чанарыг илэрхийлдэг хэллэг болон нэгэнт тогтжээ. Уг санаа нь улс орны гадаад бодлого, түүнийг төлөөлөх Элчин төлөөлөгч нар буюу дипломатууд төртэйгөө алтан аргамжаар аргамжаатай мэт нэн онцгой холбоотой бөгөөд бодлого, үйл ажиллагаа нь үл алдрах залгамж чанартай байхыг бэлгэддэг ажээ хэмээн “Өдрийн сонин”-ы тоймч Б.Загдсүрэн нэгэнтээ бичиж байсан юм. Их Монгол Улсын үеэс л уламжлагдан ирсэн энэ үгийг ийн эдүгээчилсэн нь тун оносон учир зориуд үүнийг дахин сануулж байгаа юм.
Уг нь энэ алтан аргамжийн эзэд нь, Элчин сайд нар нь улс орноо төлөөлөн дуудах нэрийг нь өндөрт өргөн явах учиртай улс юм гэдэг нь эндээс харагдана. Гэтэл сүүлийн үед төрийн алтан аргамжаар дээс эргүүлэн нааддаг болсон жишээ олон байгаагаас энд ганцыг нь л дурдъя.
Швед Улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татсанаар хойш дараагийн хүнийг нь томилж чадахгүй нэлээд удсан. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Очирын Энхцэцэг Итгэмжлэх жуух бичгээ гардан авснаар Шведэд Монголыг төлөөлөн суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай болсон. Түүний намтраас сөхсөн дипломат албанд 31 жил ажилласан, томилогдохоосоо өмнө Гадаад харилцааны яамны газрын захирлаар ажиллаж байсан зэргийг  мэргэжлийн дипломатч томилогдлоо гээд тухайн үед олон нийт “Онц” үнэлгээ өгч байсан юм. Гэтэл манай улсын томилсон мэргэжлийн дипломатыг Швед улс хүлээн авахаас татгалзсан мэдээлэл байна. Итгэмжлэх жуух бичгээ улсынхаа Ерөнхийлөгчөөс гардаад удаагүй байгаа Шведийн вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэгийг тус улсын ГХЯ юуны учир тус улсыг нэн даруй орхин явахыг шаардах болов?

Элчин сайд О.Энхцэцэгийг 14 хоногийн дотор Шведийн вант Улсын нутаг дэвсгэрээс шаардсан нь дипломат ёс жаягийн наад захын алдаа гаргаснаар үл барам, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзсэн юм байна. Учир нь, Элчин сайд О.Энхцэцэг гэр бүлийн гишүүд болон гэрийн үйлчлэгчийнхээ оршин суух эрхийг хүсэхдээ тухайн орны хууль тогттол, дипломат ёс жаягийг үл хүндэтгэн жуулчны ангиллын визээр авчирсан ажээ. Хамгийн ноцтой нь гэр бүлийнхээ гишүүдийн талаар өгсөн мэдээлэл нь хуурамч байсан нь тогтоогдсон учир энэ нь тус улсын хуулиар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм байна. Иймээс тус улс манай улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг гэр бүлийнхээ хамтаар Шведийг орхин явахыг шаардсан юм байна.
Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ гардан авахад Ерөнхийлөгч Х.Баттулга “Гадаад харилцааны яамнаас өндөр чадвартай, мэргэжлийн дипломат гэж үнэлсэн учир эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажиллаарай” хэмээн захиж байсан билээ. Гэтэл Монгол төрийн алтан аргамжийг өндөрт өргөх учиртай Элчин сайд нь Итгэмжлэх жуух бичгээ ч өргөн барьж чадалгүй Шведийн вант улсаас хөөгдчихлөө. Монгол төрийн алтан аргамжаар дээс эргүүлэн нааддаг энэ ёс бус үзэгдэл хэзээ болтол үргэлжлэх вэ, Д.Цогтбаатар сайд аа?

О.Балдан-Очир
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу