100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх ажил ямар шатандаа явж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.
-100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх ажил эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Яг одоогийн байдлаар ямар ажил хийгдэж байна вэ?
-Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, зам талбайгаа шинэчлэх, дэд бүтцийн ажлуудаа эхэлж байна гэсэн үг. Энэ бол 100 айл орчмын иргэдийн хүсэн хүлээж байсан ажлуудын нэг. Хөрөнгө оруулалтын ажлыг энэ зун дуусгана. Иргэд бидний тавьж буй шаардлагыг хүлээн авч, 100 айл орчмыг тохижуулах тал дээр санал нийлж байгаа. Ер нь 100 айл орчмыг нүүлгэх хоёрдугаар шатны ажил эхэлсэн гэж ойлгож болно. Энэ хүрээнд Налайх дүүрэг рүү хөрөнгө оруулалт хийж, авто замаас эхлэн дэд бүтцийн асуудлыг шийдэж агуулах савыг тус дүүрэг рүү гаргах ажлуудыг шат дараалалтай хийхээр ажиллаж байна.
-100 айл дахь барилгын материалын агуулах савыг нүүлгээд оронд нь ямар ямар тохижлтын ажил хийх юм бэ?
-100 айл орчмын агаар, хөрс маш их бохирдсон. Тухайн орчинд байгаа төрийн үйлчилгээний байгууллагаар иргэд үйлчлүүлэхэд маш хүндрэлтэй байдаг. 100 айл орчмын арын гудамжинд замбараагүй байрлуулсан маш олон агуулах сав бий. Энэ бол хотын төв хэсэгт л том том агуулах байна гэсэн үг. Эдгээрийг бид Налайх дүүрэг рүү нүүлгэж цэгцэлнэ. Зарим худалдаа эрхлэгчид агуулах сав аа хотын зах руу нүүлгэх боломж байгаа. Бидний зүгээс хотын төвд л агуулах сав байлгахгүй гэсэн шаардлага тавьж байгаа юм. Учир нь тухайн орчинд байгаа иргэд эрүүл ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдсэн байх ёстой. Үүнийг иргэд дэмжиж, шат дараалалтай, иргэдэд хохиролгүй хийхийг хүсч байгаа. 100 айл орчимд давхардсан тоогоор 5000 гаруй иргэн ажилладаг. Эдгээр иргэдийг ажилгүй болгож байгаа асуудал биш. Тэдгээр иргэд 100 айл орчимд дэд бүтцийн ажил хийж дууссаны дараа шинэ орчинд ажиллана гэсэн үг. Иргэд байраа засах барилгын материал авахдаа 100 айл руу явдаг. Очихдоо хэдэн цаг түгжирнэ. Очоод зогсоол байхгүй. Нэг лангуун дээрээс олон төрлийн овоолсон бараанаас сонголтоо хийдэг. Энэ үйлчилгээ нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс олон улсын төвшинд нийслэлийн төвийн дүүрэг ямар байдаг тэр жишгийн дагуу 100 айл орчмыг тохижуулна. 100 айлын замын нийт урт нь 1.4 км байна. Одоо явж байгаа зам нь ямар ч засвар ороогүй 9 метр өргөнтэй. Энэ замын өргөнийг 12 метр болгож, дөрвөн урсгалтай болгоно. Явган хүний зам, дугуйн зам тавина. Замыг стандартын дагуу хийж, зам дээр машинаа хаядаг асуудлыг таслан зогсооно. Одоогийн байдлаар замын ажил эхлэхтэй холбоотойгоор түр замуудыг тавьж байгаа. Тухайн 100 айл орчмоор зорчих автомашинууд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
Гэр хороолол хөгжлийн газар 100 айл орчмыг A,B,C зэрэг блокт хуваасан байгаа. Тус газраас сонгон шалгаруулалт хийж, дахин төлөвлөлт болон дэд бүтэц сайжруулах ажлыг хийж байгаа. 100 айлын зам дагуух барилгуудыг хойноос нь эхлээд барина. Доод давхартаа худалдаа, үйлчилгээ үзүүлэх оффис, орон сууцтай барилга барих юм.
-100 айлын арын гудамжны агуулах савыг яаж Налайх дүүрэг рүү нүүлгэн шилжүүлэх юм бэ. Нийслэлээс нүүлгэх юм уу, худалдаа эрхлэгчид өөрсдөө агуулах аа нүүлгэх ёстой юм уу?
-100 айлын арын гудамжны агуулах савыг нүүлгэх нэгдсэн арга хэмжээ явуулна. Тэдгээр агуулах савыг байрлуулах зориулалтын газрыг нь гаргаж өгнө. Хотын төв рүү явж байгаа барилгын материалыг хотынхоо урд цэгт буюу үйлдвэр технологийн паркт төвлөрүүлэх зорилго тавьж байгаа. Тэндээс бараа материалуудаа татаж болно. Олон улсын жишгийн дагуу явна.
-100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажил хэзээ эцэслэн дуусах вэ?
-Энэ ажил сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яригдсан. Маш том бүтээн байгуулалтын ажил учраас нэг жилийн хугацаанд дуусгах боломжгүй. Ойролцоогоор 2020-2021 онд дуусгах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жил бид нэгдүгээр шатны ажил буюу уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаж, зураг төслийн ажлуудаа бүгдийг хийсэн. Энэ жилийн хувьд агуулах сав байгаа газруудыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байна. Чөлөөлсөн газартаа оффис, орон сууцнаас эхлээд бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. Үүний тулд иргэдийн оролцоо маш чухал байна.