Caakmedee

Эвийг тэнцүүлэгч Н.Алтанхуяг өс атгав уу

  • Улс төр
  • 2019/03/16
МАН-ын араас Эрдэнэтийн асуудлаар АН хагарлаа
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа гарлаа. Өргөдлөө Х.Баттулгад өгчихөөд өрөөнөөс нь гарч явахтай зэрэгцэн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн суудал ганхах эрсдлийн талаарх таамаг дэвшиж эхэллээ. 
Яагаад гэвэл тэр чинь Н.Алтанхуяг шүү дээ. АН-ын даргаар 2008 оноос хойш тасралтгүй зургаан жил ажиллахдаа тус намын доторх фракцуудын хүчний харьцааг тэнцүүлэн захирч, намаа удирдан УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиудад амжилттай оролцсон, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил ажилласан гээд Н.Алтанхуягт улс төрийн цадиг үнэн бий.   
Н.Алтанхуяг “байгалиасаа” эвийг эрхэмлэгч улстөрч хэдий ч Ерөнхий сайдын болон АН-ын даргын албан тушаалаасаа огцорсноос хойших дөрвөн жил гаруйн хугацаанд түүний “статус кво” улс төрийн онцгой нөхцөл байдалд шилжсэн билээ. Тиймээс түүний эвийг эрхэмлэгч “аядуу зөөлөн” чанарынх нь үйлчилгээний хугацаа дууссан. 
“Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөх учраас нэг юм ярихаар л Ерөнхийлөгчтэй хардагдаж байна. Тиймээс түүний дэргэдээс холдож, хувь улстөрчийнхөө хувьд чөлөөтэй болмоор байна” гэж Н.Алтанхуяг ахлах зөвлөхийн албанаас чөлөөлөгдөх шийдвэрээ тайлбарласан. Ингэхдээ Монгол Улс шинэ Ерөнхийлөгчийнхөө буянаар одоо л шударга ёс тогтоох чиглэлд горьдох юмтай болж байгааг онцолсноос үзэхэд, Н.Алтанхуяг АН-д Х.Баттулгын чиглэлийг тууштай баримтлахаар дэргэдээс нь холдов хэмээн үзэж болно.   
Н.Алтанхуяг улс төр дэх байр сууриа эрчимжүүлнэ гэдэг нь одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ нартай нэгийгээ үзэх нь ээ л гэсэн үг. Хэдийгээр тэрбээр АН-ын дарга болох, эсэх тухай асуултад дургүйцэж байгаа ч түүнд АН-ын дарга болох том зорилго байгаа нь эл өдрийн өмнөх өдөр зохиогдсон АН-ын хэсэг залуусын хэвлэлийн хурлын сэдвээс ойлгомжтой болж байна. Тэдгээр залуус АН-ын дарга С.Эрдэнийг огцруулахаар нэгдсэнээ зарласан билээ. 
Тэрбээр ийн өөрийг нь “шударга бусын хонгилоор” алхуулсан хүмүүсийг сөрөн тууштай явж байгаагаас нь Ерөнхийлөгчийн өрөөнөөс өс атган хөдөллөө гэж харж болно. АН дахь Худалдаа хөгжлийн банк буюу Эрдэнэтийн 49 хувийг дэмжигч тал болох Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нараас АН-ыг цэвэрлэхийн тулд ч гэж хэлж бас болно. Ийнхүү 60 тэрбум, ЖДҮ МАН-ыг хагалах цэг болсон бол Эрдэнэтийн асуудал АН дахь хагарлын шалтгаан болох бодит нөхцөл бүрдэж байна. Өмнө нь намдаа дандаа эвийг сахиулж явсан Н.Алтанхуяг энэ удаа хагарлыг хааш залах хийгээд АН-ын дарга болж чадах, эсэх бол нэг л хөдөлгөөн. Харин Элбэгээ нар АН-аа авах, эсвэл салан тусгаарлаж улс төрийн шинэ нам байгуулах, эсэх гээд УИХ-ын 2020 оны сонгууль хүртэлх ганцхан жилийн дотор онцгой үйл явдлууд өрнөх эх бат бөх хатгагдлаа.
Б.Энхцэцэг
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу