Caakmedee

Эко алтан Заамар компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ

  • Нийтлэл
  • 2019/03/16
"ЭКО АЛТАН ЗААМАР" КОМПАНИ П.ТӨМӨРЦЭЦЭГ ГЭХ ХҮНИЙ НЭР ДЭЭР АНХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЖЭЭ
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд уурхайн карьерийн хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон техник, тоног төхөөрөмж дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гарган авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч, тэднээс гадна дөрвөн ажилтан шороонд дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Амиа алдагсадын хамгийн сүүлчийн иргэний цогцосыг өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт олж гаргаснаар, уурхайд хөл хорио тогтоогоод байгаа юм. "КАТ-374" загварын эксковатор, "КАТD8Т" загварын бульдозер дарагдсаныг авалгүй орхисон байдалтай байна.
Тус хэрэгтэй холбогдуулан "Эко алтан Заамар” ХХК буюу "Эко Алт” ХХК-ыг тойрсон хэл ам одоог хүртэл үргэлжилж буй. Харин прокурорын байгууллага хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тус хэргийн талаар мэдээллэхийг хориглоод байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг шалгалтын процесс хаалттай, нууцлалтай явагдаж байна. Харин ослын газарт 259 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаас онцгой байдлын албан хаагчид эрсдэлтэй нөхцөлд, чадварлаг ажилласныг онцолж төр засаг нь шагнал урамшуулал гардуулсан. Гэвч амиа алдсан дөрвөн хүний ард өнчрөн хоцорсон ар гэр, үр хүүхдүүдийнх нь талаар өнөөдөр хэн ч сөхөж, хөндөж ярьсангүй. Харин компанийн зүгээс ар гэрийнхэнд нь тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэл гаргасан.
Тус компани нь “Алтайн хүдэр”-тай ямар нэгэн байдлаар холбоотой гэдэг нь Улаанбаатар нэг хаяг бүхий төв офистой болон бусад эх сурвалжаар батлагддаг тухай хэвлэлүүд дурдсан. Тодруулбал, Эко алтан заамар нь тус компанийн охин компани гэгдэж буй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн одоог хүртэл тодорхойгүй байна. Компанийн ашиг хүртэгч, өмчлөгч эзэн нь 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар П.Төмөрцэцэг гэх хүн аж. Анх Улсын бүртгэлд 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр Бариад овогтой Паламсүрэнгийн Төмөрцэцэг гэх хүний нэр дээр бүртгүүлж байжээ. Улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд "Эко-Алт" нэртэй байсныг "Алтан зааамар" болгон өөрчлөн бүртгүүлсэн байна.
Кадастрын бүртгэлийн системд "Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг гэх. Төв аймгийн Заамар сумын Засаг даргатай байгуулсан "Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд хийсэн мониторинг судалгааны дүн” гарчигтай мэдээлэлд "Эко Алт" ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан захирал Д.Дашчойнхор хэмээн дурдсан байдаг. "Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг аж. Харин тус компани нь "Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч гэдгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа.
ХЭДЭН ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА
"Эко Алтан заамар"-ын Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр дэх олборлолтыг хориглолоо гээд тэд зогсоно гэсэн үг биш. Тухайн газраас 20 километрийн цаана байрлах дахин нэг орд газартаа олборлолт хийхээр явсан байж болзошгүй аж.
Ямартаа ч компанийн удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авчээ. Мөн хохирогчдын ар гэрийн хууль ёсны төлөөлөгчдөөс мэдүүлэг авсан байна. Одоогоор хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэх нь тодорхойгүй байна. Учир нь хуулийн процессоороо бол хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлт буюу ослын шалтгаан тогтоогдтол хэнд ч эрүү үүсгэн яллагдагчаар татдаггүй хуультай. Хэрэг эцэслэн шалгагдаж дууссаны дараа буюу ослын шалтгааныг эцэслэн тогтоосны дараа хэнд ямар хариуцлага ногдох асуудал яригдаж эхлэх юм.
Цагдаагийн байгууллагаас хичнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар тодруулахад “Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул мэдээлэл өгөхгүй” гэв. Түүнчлэн осол болсон шалтгаанд дахин нарийн шинжилгээ шалгалтыг хийж байгаа аж.
Одоогийн байдлаар "Эко алтан заамар" компанийг "Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажиллагааг хангаагүй" гэх үндэслэлээр буруутгаж буй. Харин тус компанийн удирдлагууд Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс авсан бичгээ холбогдох албаныханд танилцуулсан байдаг. Тухайн бичигт, “2019 оны хоёрдугаар сарын 27-ны 22.45 цагт тус уурхайн орчимд 4 магнитутын газар хөдлөлт болсон байна” гэжээ. Гэвч осол маргааш нь буюу өнгөрсөн сарын 28-нд болсон тул газар хөдлөлтөөс үүдсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд буй.
Өчигдрийн байдлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцална хэмээсэн. Энэ тухай тэрээр, "Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрдэж байна. Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ юм. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас бидэнд удахгүй ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө Байгаль орчны яам энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан. Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа юм" гэсэн юм.
П.Урнаа
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу