Caakmedee

“Эрдэнэт”-ийн 51%-ийг “Стандарт” банкинд алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2019/03/18

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийж, зарим асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхлээ.
Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан, авахад холбогдсон хүмүүст эрх баригчид хатуу хариуцлага тооцох ёстой гэж тэд үзээд байна.
“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж гадаадын банкнаас авсан зээлээ төлж чадаагүй буруутай этгээдүүдийн өмнөөс тус үйлдвэр өдөрт зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 100 сая төгрөг, сард нэг сая ам.доллар төлж байгаа. Тиймээс улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэж АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд хэллээ.
Мөн ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгөн жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага нэхэв.
Энэ асуудалд Засгийн газрын нэр бүхий сайдууд, 20 гаруй гишүүн оролцсон. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооно” гэж хэлсэн үгэндээ хүрч, “ЖДҮ”-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуул” гэж сөрөг хүчний залуус шаардав.
Саяхан АН-ын зарим залуус мэдээлэл хийж, “Намын удирдлагууд нь МАНАН бүлэглэлийг хамгаалж байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар С.Эрдэнэболд “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинэчлэлийн төлөө явж буй намаа бүхэлд нь харлуулж болохгүй. МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд таван хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр улам бүр бэхэжсэн. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна.
Мөн үүнээс болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” хэмээв.
Эх сурвалж: zgm.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу