Caakmedee

Хаалттай үзүүлсэн бичлэгт юу гардаг вэ

  • Нийтлэл
  • 2019/03/28
УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бичлэгийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг засгийн газраас судалж байна
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Шүүх, АТГ, Прокурорын удирдлагуудыг томилж, чөлөөлөх эрх зүйн боломж нээгдэж байна.
Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө С.Зориг агсны хэргээр яллагдсан яллагдагч нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийг УИХ-ын гишүүдэд хаалттай байдлаар үзүүлсэн. Ингэхдээ Төрийн ордны зарим хэсэгт хөл, хорио тогтоож байгаад Төрийн ордны А танхимд уг бичлэгийг үзүүлсэн билээ.
Ямартай ч уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлж байгаад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадав. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг өөрчилж чадахгүй, эрүүдэн шүүх үйл ажиллагаа байсаар байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгөв. Тус бичлэгийг иргэдэд нээлттэйгээр үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шйидвэрлэнэ гэх мэдээлэл бий.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар
Эрүүдэн шүүх үйл явцын арай хөнгөн хэсгийг нь иргэдэд үзүүлэхээр ярилцсан ч Монгол улсын нэр хүндийг олон улсын түвшинд унагах учраас нээлттэй болгохгүй байх саналыг УИХ-ын зарим гишүүд гаргасан гэх.
Тиймээс уг асуудлаар илүү сайн ярилцаж байж шийдвэр гаргахаар болжээ. Монгол улс Олон улсын Хүний эрхийн конвенци, Эрүүдэн шүүх үйл ажиллагааны эсрэг конвенцид элссэн учраас нэр хүндэд сөргөөр нөлөөлөх тал бий.
Маш их зодуур, тамлал бичлэгт гарчээ
Өчигдөр С.Зориг агсны хэргийн нотлох баримтад ороогүй, тагнуулынхан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд олж авсан бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн байна. Прокурор С.Зориг агсны хэрэгтэй холбоотой материалыг татаж авсан байгаа аж. С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг байцаахдаа эрүүдэн шүүсэн зургаан өдрийн бичлэгээс 20 минутын хэсгийг л өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн байна. Бичлэг Урьдчилан хорих 461-р ангид хийгдсэн байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа шоронгийн бүх өрөөг камержуулсан нь өнөөдрийн бичлэгийг үлдэхэд хүргэжээ. Гэхдээ хуулийнхан устсан бичлэгийг сэргээсэн байна.
Т.Содномдаржааг таван өдрийн турш унтуулж, идүүлэхгүй зоджээ
Бичлэгт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг ажилтан, хүнд гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлын хамтаар Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж зургаан өдрийн турш зодож хэргээ хүлээхийг шаардсан байна. Мөн таван өдрийн турш унтуулахгүй зодсоноос гадна хоол, цай өгөхгүй байжээ. Мөн нэг дор хэт их хэмжээний хоол өгч идэхийг шаардаж байжээ. Бичлэгт түүнийг зодож буй дүрс маш ихээр гарсан талаар эх сурвалжууд онцолж байна. Мөн нойлын бохир усыг толгой дээр нь асгаж, гар дээр нь сунайлгаж, галуун цуваагаар мөн алхуулсан байна.
Харин ялтан Т.Чимэгээг хэргээ хүлээхийг шаардаж нүцгэн эрчүүд өрөөнд нь оруулж хүчиндэнэ хэмээн сүрдүүлсэн байна. Мөн хоригдлуудаар толгой дээрээс нь шээлгэсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан ярив. Түүнийг олон эрчүүд хүчиндсэн гэх яриа байгаа ч тийм зүйл дүрс бичлэгт гараагүй аж. Т.Чимэгээг цохиж, зодохоос гадна шоронгийн бүх камерт оруулж хүчиндүүлнэ гэж дарамталж буй яриа бичлэгт үлдсэн гэх мэдээллийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж бүлгийн гишүүддээ хэлсэн байна.
Мөн хурц гэрэлтэй өрөөнд олон сараар байцааж, дарамталжээ. Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар нь С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ авсан. Үүний дөрвөн жилийг нь чанга дэглэмтэй шоронд эдэлсэн байгаа. Хэн, хэн нь 40 гарсан настай хүмүүс учраас үлдсэн жилүүдэд ял эдлэхэд хүндрэлтэй, бие нь дийлэхгүй. Эрүүдэн шүүх аргаар хэрэг хүлээлгэсэн учраас Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэднийг шоронгоос гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн гэдгээ мэдэгдсэн.
Ямартай ч тэдний гэм буруутай эсэхийг дахин тогтоох ажил эхэлж байна. Тэднийг хэрэг үйлдсэн, үйлдээгүйг хуулийн байгууллагаар дахин шалгаж, нягтлах шийдвэрлэж буруугүй бол суллах нь тодорхой боллоо.

Т.Хулан
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу