Caakmedee

О.Хангай Ц.Содномдорж нарын хэн нь олон давсан бэ

  • Спорт / Мэдээ мэдээлэл
  • 2019/03/29

Энэ цаг үеийн амжилттай яваа бөхчүүдээр О.Хангай Ц.Содномдорж нар зүй ёсоор нэрлэгдэнэ. 2017 оны төрийн их наадамд Ц.Содномдорж түрүүлж улсын арслан цол хүртэж байсан бол Оргихын Хангай улсын харцага цолонд хүрэв. О.Хангай үүнээс хойш зааланд олонтаа түрүүлж, Ц.Содномдорж хоёр үзүүрлээд байгаа. Анх энэ хоёр бөх нэг нь улсын харцага нөгөө нь сумын заан цолтой таарч барилдаж бага цолтой нь давж байсан сонин түүх бий. Тэд найман удаа таарч биенээ дөрөв дөрөв давсан. Албан ёсны заалны том барилдааны үзүүлэлт ийм. Гадуур ч бас мэр сэр таарсан байхыг үгүйсгэх аргагүй юм.
2012.06.10-Чингэлтэй уулын хишиг барилдааны гурвын даваанд улсын харцага Ц.Содномдорж олон бөхөөс сумын заан О.Хангайг амлав. Ид тодорч байсан сумын заан, идэр залуу харцагын хөлд нь орж давлаа. Тэр зунаа О.Хангай Ховдод аймгийн заан болов.
2012.12.09-Ардчилсан хувьсгалын баяраар дахин таарлаа. Дөрвийн оноолтод хүч үзэв. Энэ удаа улсын харцага шинэхэн аймгийн зааныг зүүн талд нь хонгодоод хаячихлаа. Содномдорж харцага дараагийн даваанд залуу аймгийн арслан Б.Эрдэнэхүүд унажээ.
2015.05.25-Аваргуудын нэрэмжит барилдааны тавын даваанд Ц.Содномдорж харцага аймгийн арслан О.Хангайг таван бөхөөс амлалаа. Энэ удаа бас л Хөвсгөлийн залуу баруун талдаа хөмөрч давсан юм. Содном харцага энэ барилдаанд үзүүр булаав.
2015.09.17-Хилчидийн баярын барилдаан тавын даваанд гурвын бөхөөс Ц.Содномдорж авчихлаа. Цаана нь Б.Пүрэвсайхан Э.Даш нар тунав. Ц.Содномдорж харцага шахаж татаж яваад сунаж уналаа. О.Хангай энэ барилдаанд үзүүрлэсэн. Нийт тооны харьцаа 2:2.
2015.10.25-Начин цолны хүндэтгэлийн барилдааны дөрвийн даваанд оноолт таарав. Ц.Содномдорж хялбархан гуд татаад давчихлаа. Ер нь үүнээс хойш Ц.Содномдорж дахиж амлаагүй билээ.
2016.12.18-Богдхан уулын хишиг барилдааны зургаагийн даваанд тунав. Ц.Содномдорж харцага давуулаад гуядчихлаа. Ц.Содномдорж үзүүр түрүүнд Э.Даш начинд унав.
2017.02.26-Гал тахиа жилийн сар шинийн баярын барилдааны долоогийн даваанд тунав. Аймгийн арслан О.Хангай өхийлдөөд хаячихлаа. О.Хангай арслан Ч.Санжаадамба аваргатай тэргүүн байрын төлөө шалгарч унав. Ер нь энэ хоёр бөхийн давсан нь үзүүрлээд байх шиг харагддаг.
2018.05.20-Хөвсгөлөөс төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдааны үзүүр түрүүнд үлдэж О.Хангай нь хаялцах барьц сонгож хашиж өргөөд өсгийлдөж давав. Хоёр хүчтэний хамгийн сүүлд таарсан тохиолдол нь энэ юм.
Нийт найман удаа таарахад Ц.Содномдорж гурван удаа амлаж, хоёр удаа оноолтоор таарч, хоёр удаа тунаж, нэг удаа үзүүр түрүүнд үлдэн барилдаж байв. Харин Цэдэвийн Содномдоржийг улсын арслан цол хүртсэн цагаас хойш таарч барилдаагүй явна. Одоогоор найм таарч 4:4 гэсэн амжилттай байгаа. Удахгүй таарах биз. Хэн нь эхэлж таван давааг өрсөлдөгчөөсөө авах юм бол...
SPS
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу