Caakmedee

Махны үнэ тэнгэрт хадчихлаа, одоо яах вэ

  • Нийтлэл
  • 2019/04/01
Монгол Улс өнгөрсөн онд 66.2 сая мал тоолуулсан байдаг. Үүнийг 3.2 сая хүн амд хуваавал нэг хүнд дунджаар 20 мал буюу нэг хүнд оногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг нь яах аргагүй мөн юм. Гэвч махны ханш жил ирэх тусам хөөрөгдсөөр өнгөрсөн оны сүүлчээр дээд цэгтээ хүрсэн байдаг. Энэ талаар ШӨХТГ-аас судалж үзээд махны үнэ өсөхөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байхгүй, зохиомлоор хөөрөгдсөн байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан юм. Эндээс үзвэл үндсэндээ өнгөрсөн оны сүүлчээс эхлэн махны үнэ тасралтгүй өсч иржээ.
Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6460 төгрөг, үхрийн /ястай/ мах 7835 төгрөг, үхрийн цул мах 9250 төгрөг, адууны /ястай/  мах 6025 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв. Харин нэгдүгээр сарын 9-ний байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6980 төгрөг, үхрийн /ястай/ мах 8745 төгрөг, үхрийн цул мах 10390 төгрөг, адууны /ястай/  мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй болж нэмэгдсэн юм. Харин хоёрдугаар сарын 13-ны байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7320 төгрөг, үхрийн /ястай/ мах 8965 төгрөг, үхрийн цул мах 11180 төгрөг, адууны /ястай/  мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 6000 төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн юм.
Эндээс харвал, өнгөрсөн нэг, хоёрдугаар сард махны үнэ 225-790 төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл энэ сард махны ханш өссөн, буурсан эсэхийг судлахаар “Хүчит шонхор” захыг зорьсон юм. Махыг дэлгүүрийн үнээс хямдаар үнээр мах худалдаж авъя гэвэл өглөө 06.00 цагаас урьтаж “Хүчит шонхор” захыг зорих хэрэгтэй. Энд өглөө эртлэн малчид болоод мах бөөнддөг хүмүүс махыг гулуузаар нь зарах бөгөөд үүнийгээ “Мах буух” гэж нэрлэх аж.
Өглөөний 06.00 цагт малчид авчирсан махаа зарж эхлэх бөгөөд 06.30 гэхэд хэд хэдэн портер хоёр эгнээ болон зогссон байгаа харагдав. Энд Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган зэрэг хамгийн ойр буюу зэргэлдээ аймгаас авчирсан мах зарж байв. 
Малчдын гар дээрээс авчирсан махыг энд хонины мах нэг кг 6300 төгрөг, үхрийн мах 7000 төгрөг, адууны мах 6500 төгрөг гэсэн дундаж ханштай байв. Тус зах дээр голчлон хонь, үхрийн мах байгаа харагдсан. Ченжүүдээс учрыг нь тодруулбал, ноолуурын улирал эхэлсэнтэй холбогдуулан ямааны махны олдоц буурсан гэв.
Энэ үеэр орон нутгаас оруулж ирж байгаа махны гэрчилгээг шалгадаг малын эмчтэй таарсан юм. Тэрбээр “Өдөрт 30, 40 орчим портер машин мах ирдэг. Махны гарал үүслийн бичиг баримтыг эхлээд автозамын постуудад шалгуулж байж нийслэл рүү нэвтрүүлдэг. Үүнийх нь дараа манайхаас бичиг баримт шалгасны үндсэн дээр зах руу нэвтрүүлдэг. Хэрэв гэрчилгээгүй мах байвал цагдаа дуудаж зөрчил арилгуулах арга хэмжээ авдаг. Мөн явцын хяналт тавьж, жижиглэнгээр худалдаалж байгаа махнаас дээж авч шинжилгээнд хамруулдаг. Үүгээр гарал үүсэл, ариун цэврийн шинжилгээ бичиж өгдөг юм. Энэ шинжилгээний бичгийг худалдагч, худалдан авагчдад үзүүлж, бараагаа борлуулах ёстой. Ченжүүд ихэвчлэн зүүн гурван аймгаас мах авчирдаг” гэв.
06.45 цаг гэхэд мах худалдаж авахыг хүссэн иргэд олширч тэр хэрээрээ мах шилэгдэх янзтай болж ирэв. Учир нь өглөө буусан мах ченж буюу жижиглэнгийн худалдаачдад оноогдоод дуусдаг байна. Малчид нь ч цагаа хэмнэхийн тулд ченжүүдэд өгөх сонирхолтой байдаг аж. Ченжүүд аль өнгөтэйг нь худалдаж авсаар шилэгдсэн хоцорсон нь иргэдэд үлдэж байгаа харагдав.
Цаг өнгөрөх тусам гулууз гулуузаар нь мах ачсан тэрэг хөдөлж зөрөх зайгүй шахам болж, замын гол зам түгжрэв. 07.00 цагийн үед олны хөл татарч, зарим портерын эзэд “Авчирсан бүх махаа зарчихлаа” хэмээж байгаа харагдав. Харин үлдсэн хэсэг нь шилэгдэж үлдсэн махаа зарах гэж багагүй ур гаргаж байгаа харагдсан юм. Олны дунд энэ ч мах нь муу байна, өнгө муу юм гэж шилэх эгчтэй таарав.
Тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо зоогийн газар ажиллуулдаг аж. Ихэвчлэн хонь, ямааны махаар хоолоо бэлддэг гэнэ. Түүний хэлснээр махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт ямааны мах нэг кг нь 5400 төгрөг, хонины нөөцөлсөн мах 5800 төгрөг байсан” гэсэн юм.
Гулууз махны үнийг судалсны дараа жижиглэнгийн худалдаачид хэдэн төгрөгөөр худалдаж байгааг сонирхохоор захын дотогш оров. Жижиглэнгээр худалдаачид нэг кг махны үндсэн үнэ дээр 2000-4500 төгрөг нэмж худалдаалж байв. Тодруулбал, нэг кг хонины мах 8500 төгрөг, үхрийн хаа кг нь 9300 төгрөг, үхрийн цул мах кг нь 13 мянга, адууны мах кг нь 8500 төгрөгийн ханштай байв. Харин ноолуурын улирал эхэлсэнтэй холбогдуулан ямааны мах үнэд орсон байлаа. Тодруулбал, кг ямааны мах 8000 төгрөг бол харин экспортод гаргаад үлдсэн хонины нөөцийн махыг 8200 төгрөгөөр худалдаалж байсан юм. Нийслэлийн хамгийн хямд үнэтэй захын нэгд тооцогддог “Хүчит шонхор” захад махны ханш ийм байна. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сарын үнийн дүнгээс 535-2000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн үнэ юм байна.
Өөрөөр хэлбэл, махны үнэ сүүлийн жилүүдэд хамгийн өндөр ханшанд хүрээд байгаа нь энэ юм байна. Гэтэл төрөөс энэ талаар авч хэрэгжүүлсэн алхам одоогоор алга. Уг нь жил бүр үнэ тогтворжуулж, эрэлтийг хангах үүднээс нөөцийн мах нийлүүлдэг. Гэтэл энэ жил нөөцийн махны сурагны бараа үзэгдсэнгүй. Чухам ямар учраас нөөцийн махны сураг алдарсан талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй. Тиймээс дараагийн сурвалжлагаараа энэ талаар нэхэн сурвалжлах болно. Юутай ч махны үнэ 10 мянга хол давчихлаа. Энэ янзаараа удвал 66 сая толгой малтай монголчууд махнаас гарах уу гэдэг асуулт урган гарах нь дамжиггүй. Хэдийгээр хаврын урь орсон ч гэлээ цаг наашлах яагаа ч үгүй. Дээр нь энэ өвөл цас бага унаснаас болж туухайн зуд нүүрлэх аюул ихэнх аймгуудад тулгараад буй. Үүнийг дагаад малын тарга тэвээргэ тааруу байгаа нь махны үнэ өсөх, цаашлаад нийлүүлэлт тасалдах шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй.
Уг нь олон улсын жишигт хүнсний өргөн хэрэглээнийхээ гол бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс барьдаг юм байна. Жишээлбэл, БНСУ-ын Засгийн газар цагаан будааны үнийг төрөөс барьдаг аж. Ингэхдээ цагаан будаа тариалагчдаас Засгийн газар нь хангалттай үнээр худалдаж аваад үүнээс бага үнээр зах зээлд нийлүүллдэг байна. Үүний шалтаан нь хүнсний гол хэрэглээний үнэ өсвөл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь дагаад өсдөг. Ингэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх учир цагаан будаагаа тариаланчдаас өндөр үнээр авч иргэддээ хямд үнээр худалдаалах нь инфляц хөөрөгдөхөөс бага зардал гаргадаг сайн талтай юм байна. Магадгүй манай улсад ч гэсэн ийм жишгийг зөв зохион байгуулбал өргөн хэрэглээний үнийг тогтортой барих боломжтой ч юм билүү хэн мэдлээ.

Б.Лхам
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу