Caakmedee

Юрий Гагарины толгой эргэм нэр хүнд ба гэнэтийн үхэл

  • Нийтлэл
  • 2019/04/13
Юрий Алексеевич Гагарин. Энэ нэр дэлхийн түүхэнд үлдсэн юм. Тэрээр 1961 оны энэ өдөр “Восток 1” сансрын хөлгөөр сансарт ниссэн. Тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 85 настай байх байлаа. Ингээд сансарт ниссэн анхны хүн, Зөвлөлт Холбоот Улсын нисгэгч, сансрын нисэгч Юрий Гагарины амьдрал, ажил хэрэг, үхлийн шалтгааны талаар өгүүлье.
Тэрээр 1934 оны гуравдугаар сарын 9-нд Гжатск хотод төрсөн. Энэ хот өдгөө Гагарин нэртэй. Клушино гэх жижигхэн тосгонд төрсөн Юра хүүгийн эцэг эх нь хамтралын ажилчид байжээ. Юрий хоёр ах, нэг дүүтэй байв. Түүнд нисгэгч болоход нь хамгийн их нөлөөлсөн хүн нь математикийн багш нь аж. Багш нь армид нисгэгч болж, дайнд оролцохоор явсан нь Гагарины амьдралд том нөлөө үзүүлжээ.
Тэрээр Саратовын аж үйлдвэрийн сургуульд сурч байхдаа агаарын клубт элсч, онгоцоор нисч үзсэн гэдэг. Тийнхүү Юрий 1955 онд Агаарын цэргийн офицерын сургуульд оржээ.
Юрий Гагарин 1957 онд Оренбургт танилцсан Валентина Ивановна Горячева гэх бүсгүйтэй гэрлэв.
Сансар судлал эрчимтэй хөгжиж байсан 1960-аад онд Гагарин сансрын нисэгчдийн сонгон шалгаруулалтад орж, сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ.
Хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болоход Юрий Гагарин, Герман Титов нар тунаж үлдэн, эцэст нь Юрий сонгогдов. Ийнхүү 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр сансарт нисчээ. “Восток” хөлөг сансарт 1 цаг 50 минут орчим байж, дэлхийг нэг тойров.
Засгийн газар нь түүнийг амьд буцаж ирэхгүй байх гэж таамаглаж байсан гэх яриа бий. Учир нь “Восток” хөлөг агаар мандалд буцаж ороод 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгана гэсэн аюултай зарчимтай байжээ. Гэхдээ Юрий Гагарин эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирсэн юм. Тэрээр дэлхий дахинд алдартай болж, олон улс, хотоор айлчилж, хүндэт иргэн болж байлаа.
Гэвч толгой эргэм нэр хүнд нь Гагарины сэтгэл санааг тогтворгүй болгож, тэрээр архи ууж эхэлжээ. 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон Юрий Гагарин Оддын хотхонд амьдарч, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байлаа.
Цэргийн нисгэгч байсан тэрээр 1968 оны гуравдугаар сарын 27-нд сургуулилтын нислэг үйлдэж байгаад “МиГ-15” онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгааны талаар янз бүрийн таамаг байдаг. 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл Гагарины онгоц ойр хавьд нь нисч байсан “Су-15” онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд оржээ. Үүнээс болж Юрий Гагарин удирдлагаа алдаж, онгоц унасан гэсэн таамаг бий. Тэгвэл 2005 онд ослын талаар шинэ дүгнэлт гарав. Онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисгэгч алдаа гаргаж, онгорхой орхисноос болж хүчилтөрөгч алдагдсан гэжээ.
Тэгвэл энэ онд сансрын нисэгч, Гагарины хамтран зүтгэгч Алексей Леонов Юрий Гагарины аминд хүрсэн гэх хүнийг нэрлэжээ. Тэрбээр Гагарины “МиГ-15” онгоцтой аюултай хэмжээнд ойртож очсон онгоцны нисгэгчийг буруутнаар нэрлэсэн байна. ЗХУ-ын баатар, 84 настай Алексей Леонов “Звезда” нэвтрүүлэгт оролцохдоо Гагариныг нас барсан өдөр Владимирск мужийн Киржач сансрын зогсоолд байжээ. Леоновын дүгнэж буйгаар Юрий Гагарины онгоцтой 10-15 метрийн зайд ойрхон очсон “Су-15” онгоцны нисгэгчийн буруугаас болж хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа сансарт ниссэн Юрий Гагарин 34-хэн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

О.Чанцалдулам
Эх сурвалж: Zindaa.mn
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу