Монгол гэж тэр цагт тийм сайхан улс гүрэн байсныг энэ цагт ийм болгочихсон байхыг харахуйя зүрхээ даран дэмий л баахан цухалдаж, сэмхэн санаа алдан шогширно. Гэвч аргагүй юманд арга байхгүй гэхээс гадна үл мэдэхийн хаанчлал гэж ихээхэн нажидтай хаанчлал байдаг. Тэр тусмаа монголчууд биднийг ухаарч ойлгоогүй хорвоогийн харанхуй хаанчлал буюу үл мэдэх учир шалтгааны колончлол даан чиг өршөөлгүй харгис хатуу захирч байна. ”Тэр цаг” гэж 1990 оны өмнөх үеийг, “энэ цаг” гэж түүнээс хойшхи он жилийг хэлж байна. Тэр цаг гэж онцолсон тэдгээр он жилүүдэд яавч устгаж чадмааргүй хүчирхэг төр засгийг байгуулж, яавч эвдэж дийлмээргүй төгс төгөлдөр хууль хяналтыг төлөвшүүлж, яавч идэж бармааргүй эдийн болон эрдэм оюуны баялаг бүтээсэн байгаа юм. Түүний тулд хийж хэрэгжүүлсэн зарим өөрчлөлтийг тойм төдий нэрлэхэд л тэр түүхэн амжилт ялалтын дүр зураг тод томруун харагдах учиртай. Тухайлбал, үндэсний тусгаар тогтнолын хувьсгал, хаант засаг, хамжлагат ёсыг халж бүгд найрамдах засаглал тогтоосон хувьсгал, бичиг соё лынхувьсгал, боловсрол шинжлэх ухааны хувьсгал, эрүүл мэндийн хувьсгал, урлаг уран сайхны хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал, газар тариалангийн хувьсгал, шуудан харилцаа, ачаа тээврийн хувьсгал, хэвлэл мэдээллийн хувьсгал гэх арван том хувьсгал хийжээ. Эдгээрийн үр дүнд феодализмаас социализмд шилжсэн нийгмийн байгууламжийн их ялалт, Монгол Улс НҮБ-д элссэн энхтайванч гадаад бодлогын ялалт, Халхын гол, дэлхийн II дайнд ялсан их ялалт гэсэн гурван их ялалт байгуулсан. Арван хувьсгал, гурван их ялалт. Үүнийг л халуун сэтгэлтэн бол баярлах, харь элэгтэн бол атаархан эргэлзэх их хэрэг гэж үздэг байгаа юм.
Дундад зууны феодалын байгуулал бүхий колони орон байсан бөгөөтлөө бараг л нүд ирмэхийн зуурт дэлхийн өндөр соёл иргэншилтэй болж чадсан улс орон гэвэл монголоос өөр байгаагүйг нүүр бардам хэлж болно. Үүнийг үл тоомсорлон өнгөрсөн түүхээ үзэн ядах, үгүйсгэн доромжлох ёс суртахууны эрх эдүгээ цагийн монгол хүмүүст байхгүй.
Учир гэвэл тэр үеийн тэрих үйл хэргийн эс ширхэг бүхэнд тэр л он цагт амьдарч асан монгол хүн бүхний тухайлбал өнөөдрийн идэр залуусын өвөө эмээ, аав ээж, ахан дүүс, анд нөхдийн ариун цагаан хөдөлмөр, хүсэл тэмүүлэл шингэсэн байгаа болохоор бахархан баярлахаас өөр зам байх газаргүй. Тэр л он жилүүдэд тэр л хүмүүс нь тэр л цуцашгүй хөдөлмөр тэмцлээрээ дарлалгүй, мөлжлөггүй, авлигагүй, ядууралгүй, худал хуурмаггүй Монголыг байгуулж амжсан байдаг. Энэ бол XX зууны Монголын ард түмний түүхэн их ялалт амжилт мөн билээ. Гэтэл өнөөдөр гэхэд Монголын тэрхүү ариун дагшин хөрс шороон дээр шулаач монгол зогсож байна. Хулгайч Монгол зогсож байна. Худалч Монгол зогсож байна. Авлигачин Монгол зогсож байна. Мөнгө хүүлэгч монгол зогсож байна. Өртөн Монгол зогсож байна. Үгээгүй ядуусын Монгол зогсож байна. Үүний төлөө л бид бүхэн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт хийж, шинэ Үндсэн хууль баталж социализмаа устгаж, ардын намын удирдлагыг огцруулж, олон удаагийн төрийн сонгууль явуулсан гэж үү. Үгүй ээ, үгүй, огтхон ч ийм болгохыг хүсээгүй.
Тэгсэн бөгөөтөл яагаад ингэж явахгүй гэсэн замаар явж, учрахгүй гэсэн зовлонтойгоо учирч, эдлэхгүй гэсэн зовлонгоо эдэлж суудаг билээ. Тэр л цагийн тэрхүү дарлалгүй мөлжлөггүй, авлигагүй, худал хуурмаггүй, ядууралгүй монголыг хаанахын ямар гээч хадны мангаа нь хамж аваад залгиж орхидог байна вэ. Энэ бол 30-аад жил хариу шаардаад, 20-30 улс төрийн нам эвсэл тархи толгойгоо гашилган хөөцөлдсөн боловч товтой хариу өгч чадаагүй байгаа нь ухаарч ойлгоогүй хорвоогийн харгис хаанчлал гэгч мөн билээ. Яагаад ингэж олон он жил будилсан бэ хэмээвэлманай төр засаг,эрх баригч нам эвсэл, тэдгээрийн удирдах байгууллага, улстөрийн зүтгэлтнүүд зөвхөн өөр бусдын дотроос тэрхүү заналт дайсныг олж илрүүлээд бүрмөсөн нухчин дарах санаатайгаар нэгнийгээ хэлэхгүй муугаар хэлж, хардахын ихээр хардаж, хараахын ихээр харааж, сэрвийж сэртийх бүхнийг ухаж төнхсөн боловч юу ч олж долоосонгүй мухардаад л байж байна. Тэр айхтар дайсан гэдэг бол төр засаг нь биш, эрх баригч нам нь биш, байгаль дэлхий нь биш, уул уурхай нь ч биш. Үйлдвэр завод, мал сүрэг, тариа будаа нь ч биш болох нь харин энэ эрлийн явцад тогтоогдсон байдаг.
Гэтэл харин мөнөөх дайсан нь холд биш ойрхон, тэнд биш энд, бусдад биш өөрт, тархинд бус зүрхэнд, ухаанд бус сэтгэл дотор байсан болохыг монголчууд бид бүгд бараг нэгэн зэрэг саяхан олж харсан. Тэр нь тэгээд юу юм бэ гэвээс тэр бол зүгээр л нэг “хэцүү нэрт” байсан. Хэцүү нэрт гэдэг бол яалт ч үгүй орчин цагийн монголчуудыг баатар жанжин шиг захирдаг чимээгүй эзэн хааныг хэлж байгаа юм. Тамгагүй тэр эзэн хааныг хэн гэж нэрлэдэг вэ гэвэл түүний алдар нэр нь монголоор “Эдийн шунал” гэдэг.
Манайхан сүүлийн 30-аад жилд энэ үгийг хэлэхээс ихэд цээрлэдэг болсон тул түүнийг ардын заншлаар ”Хэцүү нэрт хаан” гэж нэрлэсэн болно. Гэхдээ энэ дашрамд онцлон анхааруулах нэг зүйл байна. Учир гэвэл эдийн шунал гэж баячуудыг хэлж байна гэж андуурч ойлговол алдас болно. Хэцүү нэрт хаад гэдэг нь их мөнгө хөрөнгөтэй баян хүн гэсэн үг огтхон ч биш.
Баялаг бүтээгч эгэл шударга баячууд гэдэг бол харин ч монголчуудыг хооллож, бас хувцаслаж, байр сууцаар хангаж, эмнэлэг сургууль, соёл урлаг, спорт, амралт сувиллын үйлчилгээг бий болгон өргөтгөж өгдөг. Ерөөс Монголын амьдралыг чөмгөө дундарч, шөрмөсөө сунаж, нуруугаа бөгтийтөл чадан ядан үүрч явдаг эрхэм хүндтэй хүмүүс.
Эгэл шударга баячууд гэдэг бол яалт ч үгүй “Үүргэвчтэй бурхад” мөнөөсөө мөн. Их мэргэдийн хэлсэн үг сургааль болон өнөөдрийн бодит амьдралын баримтаас харвал “эдийн шунал” гэдэг нь хүн биш.Алт мөнгө биш. Тансаг орд харш биш. Эд баялаг биш. Тэгээд юу юм бэ гэвээс эдийн шунал гэдэг бол миний ойлгож байгаагаар бол хүмүүнийг сэтгэл зүрхнээс нь хөтөлдөг үзэл бодол мөн шиг байгаа юм. Тухайлбал, эд хөрөнгө, алт мөнгийг хүнээс дээгүүр тавьж, эх орон ба тусгаар тогтнолоос илүүд үздэг аминч үзэл гэмээр юм уу даа.
Тэгвэл энэ үзлийг их сэтгэгч мэргэд чухам хэрхэн яаж үнэлсэн байдаг юм бол гээд харвал бас сонин шүү.
Францын их зохиолч О.Бальзак алтанд шунахайрах явдлыг “мангас” (Гобсек) гэсэн байдаг. Мөн Францын их сэтгэгч Ж.Прудон өмч нь “хулгайч” л байдаг гэжээ. Бас аугаа эссеч М.Монтень гуай “Алт мөнгө, өмч хөрөнгө бол бусдад итгэх итгэлийг устгаж хардалт сэрдэлтийг төрүүлэгч далдын хүч болдог” гэсэн байна. Английн их сэтгэгч гэгддэг А.Смит алт буюу хувийн өмчийн үзлийг “Хүнийг араас нь түлхэж хөдөлгөдөг үл үзэгдэгч хүчирхэг гар” гэсэн бол аугаа их К.Маркс бээр алт буюу өмчийг “Амьд хөдөлмөрөөс нэмүү өртөг шахаж гаргадаг амьгүй хөдөлмөр буюу капиталын мөлжлөг ” гэжээ. ЗХУ-ын их зохиолч М.Горький бээр алтыг “Шар шулам” гэж нэрлэсэн байна. Манайхны их шүтээн бурхан багш бээр алтанд шунах үзэл бол хүмүүнийг зовоогч “хорвоогийн хоосон чанар” гэсэн санааг дэвшүүлжээ. Монголын ард түмэн “шунал ихэдвэл шулам болно” гэсэн гайхамшигтай тодорхойлолт өгсөн байдаг.
Сүүлийн 30-аад жилд мөнөөх хэцүү нэрт хэмээх догшин эзэн хааны зарлиг тушаалыг даган тэрхүү аймшигтай буруу замаар будаагаа тээж буцахдаа шоронгийн ял,ядуурал, хагарал, талцал тээгээд шогшихдоо шогшиж, гэлдрэхдээ гэлдэрч, бүдрэхдээ бүдэрч, будлихдаа будилсаар л явах шиг байна. Яана гэхсэн билээ. Яалт ч үгүй нэг л мэдэхэд ийм болчихдог юм байна.
2019 оны эхнээс өрнөсөн улс төрийн гол үйл явдлыг харвал Монголын хүн амын гуравны нэг нь ядуурсан байна. Монголын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгааг хангах үүрэгтэй үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадамж сүүлийн 10 жилд нэг дахин буурч тэр хэмжээгээр цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж, даатгал зэрэг орлогын бодит чадамж бас ийм хэмжээгээр унажээ.Хүн амын олонх нь банкны зээлийн барьцаанд хүлээстэй болсон байна. Сүүлийн арваад жилд гарсан улс төр, бизнесийн бүхий л хулгай дээрэм, тонуул, хээл хахууль, хүн амины хүнд хэргүүд, уул уурхай, банк санхүү тойрсон хэрэг цөм эдийн шунал хэмээх хорт муу үзлийн хөнөөл мөн юм.
Үнэндээ аливаа бүхний үнэ ханшийг өөр хэн ч биш зөвхөн “Хэцүү нэрт хаан” мэдэж байна. Хэнийг баяжуулахыг тэр хаан мэднэ. Хэнийг ядуу болгохыг тэр л мэднэ. Хэнийг шоронд хийхийг тэр мэднэ. Хэнийг ямар албан тушаалд сонгох ба эс сонгох, томилох, эс томилохыг тэр л мэднэ. Хэнд ямар одон медаль, цол хэргэм шагнахыг бас эс шагнахыг тэр л мэднэ.
Тэр байтугай төсөв хөрөнгө хуваарилахад ч бас хэрхэн оролцож хэнд ямар цалин тэтгэвэр олгохыг тэр мэднэ. Ингээд бодоход хүмүүн бидэнд шударга ардчилсан үзлийн өнцгөөс харж төрийн аливаа эрх үүргийг хэрэгжүүлэх эрхзүйн боломж ихээхэн хомс, бага болсон байна. Эдүгээ цагийн Монгол Улс нь илүү ч үгүй дутуу ч үгүй ийм л харагдаж байна. “Ухаарч ойлгоогүй хорвоог туулснаас үхсэн минь дээр” гэж эртний нэгэн гүн ухаантан хэлээд өөрөө боож үхсэн тухай яриа байдаг. Ухаарч ойлгоогүй хорвоогийн дамшиглал тэр тусмаа “хэцүү нэрт хааны” тохуурхал гэдэг үнэхээр хатуу хорвоо байдаг юм байна.
“Хэцүү нэрт хаан”-ы дамшиглал хувь хүнийг чухам ямархан зан суртахуунтай болгодог юм бол оо гэж сонирхмоор байгаа бол хал үзэж хашир суусан эмч хүний ярихыг арваад жилийн өмнө сонссоноо товчлон ярьж өгье.
Нэлээн зэгсэн өв хөрөнгөтэй, гурван сайхан хүүтэй, тэдгээр нь тусдаа айл болоод төвхнөчихсөн боломжийн сайхан айл байж. Эмгэн нь өөд болоод цөөн жил өнгөрсөн юм байна. Уг нь тансаг хэрэглээтэй айл байж. Өвгөн нь хамгийн үнэтэй нэгэн төрлийн тамхи татдаг. Тэгэхдээ өдөрт хэдэн хайрцгийг татдаг. Бас их үнэтэй чамин жигнэмэг иддэг байж. Тэгээд хэдэн жил болоод хураасан хадгаламжаа дуусдаг юм байж.
Тэр үед том хүү нь тамхинаас гаргадаг их хүчтэй наалт хэрэглэх шийд гаргажээ. Тэгэхдээ эхэлж хэрэглэдэг бага хүчтэйг нь биш хамгийн сүүлд хэрэглэдэг их хүчтэйг нь нааж эхэлсэн байна. Тамхи татахаа ч больж. Тэгтэл бас хоол идэхээ больж гэнэ. Хэд хоногийн дараа мань өвгөн шалан дээрээ пид хийтэл үсрээд уначихаж. Тэр чигтээ хэвтэрт орж. Мөнөөх хүү нь ирээд хариуцаж байсан амь торгогч эмчид ямар нэгэн эм тариа хэрэглэж болохгүй гэж заавардаад явжээ. Хоол идэхгүй, эм тариа хэрэглэхгүй байгаа өндөр настай хүн удаан тэсэхгүй нь мэдээж. Төд удалгүй бүр муудаад, нөгөө ертөнц рүү явах нь гэнэ. Тэр мэдээг сонсоод хүүхдүүд нь хүрээд ирсэн гэнэ.
Шөнө дундаас өмнө амьсгаа хураах янзгүйг эмчээс нь асууж сонсонгуут “Өө, тэгвэл эртхэн харья, унтаж амрах цаг болчихлоо” гээд мөнөөх гурван хүүхэд нь гэр гэр рүүгээ алга болсон гэж байгаа юм. Үүр цайхын өмнөхөн яана гэхэв хөөрхий өвгөн амьсгаа хураажээ. Зохих газруудад мэдэгдсэн тул буяны байгууллагынхан ирж цогцсыг нь берзентэн уутанд хийж ачаад явчихаж. Маргааш өглөө том хүү нь ирж өөд болсон өвгөн эцгийнхээ эзгүйрсэн хашаа байрны цоожийг сольж, нөгөөдөр нь авгайтайгаа ирж гэнэ. Хүүгийн авгай “Өнөөх хөгшин чинь ашгүй нэг яваад өгөв үү” хэмээн инээд алдсаар хашааных нь хаалгаар орж ирсэн гэдэг. Энэ бол АНУ-д арваад жил өндөр настныг тайвшруулах эмчээр ажиллаж байгаад ирсэн нэгэн эмчийн ярьсан яриа.
Тэр хөөрхий хөгшин бол идэр залуудаа өндөр мэргэшилтэй гялалзсан сайн инженер байсан гэдэг. Тэгээд л өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан хүн юм байна. Санасандаа хүрч хүүхдүүддээ мэргэжил эзэмшүүлж, хань ба үр хүүхэдтэй айлууд болгоод өрх тусгаарлан гаргажээ. Өөрөө ханьтайгаа идэх хоол, эдлэх хөрөнгөтөй, байшин хашаатай бас хадгаламжтай үлдсэн юм байна. Гэвч өндөр насалсан эцэг нь хадгаламжийн мөнгөө дууссан үед мөнөөх үр хүүхдүүд нь дээр дурдсанчлан чимээгүйхэн нөгөө ертөнцөд явуулж орхижээ. Байнга хэрэглэдэг байсан жигнэмэг, татдаг тамхийг нь өөрсдөө мөнгө гаргаж авч өгдөггүй юм гэхэд өвгөнийг өөрийг нь түрээсийн байранд оруулж тэр сайхан газар, хашаа байшинг нь зарж борлуулуулаад хэдэн жил нарт хорвоод амьд мэнд байлгаж болох л байсан биз. Гэтэл өндөр настай эцгийгээ амьд байлгаж асарч үйлчлэн туслахаас ихэд түвэгшээж шалавхан нөгөө ертөнц рүү нь явуулах далд ухаан сийлдэг тийм л хувиа бодсон аминчхан бодолтой хүүхдүүдтэй байсан айл юм байна. Бусад талаар нэг их гийгүүлэхггүй юм гэхэд яг амьсгаа хураах болсон хамгийн эцсийн тэр их аймшигтай хүнд мөчид ганц шөнийн нойроо хугаслан хажууд нь сахиж, толгойг нь түшиж байгаад өнгөрүүлэх халуун дулаан сэтгэлгүй мөртлөө хашаа байшингий нь тэр дор нь додомдож авах овсгоотой тийм хүүхэдтэй болсноо тэр хөгшин амьд сэрүүндээ анзаараагүй, өөрөө үг хэлж чадахгүй болсон ч дотоод сэтгэлдээ байнга хайрлан бодсоор л өөд болсон байлгүй яав гэж. Эдийн шунал гэдэг нь иргэний жирийн амьдралд иймэрхүүгээр л буудаг юм шиг байна. Холын Америкт байдаг шиг тухайлбал, бусдад түвэг болдоггүй бас бусдад тус хийхгүй бие дааж амьдрахтэрхүү“соёлтой боловсон” дадал зуршилгэх ийм нэгэн зуршил Азийн монгол орон руу ойртож явах шиг байна.
Эдийн шуналын үзэл баримталдаг хүн өөрийн гэм нүглийг хэзээ ч огт мэдэрдэггүй, мэдэхийг ч хүсдэггүй.Тэгэхлээр аавын хүү, ээжийн охин ямар байх ёстой байдаг юм тийм л байлаа гэж энэ айлын хэдэн хүүхэд бодсон байж таарна.
Би заримдаа шал дэмий юм боддог. Юу гэвэл энэ өвгөний гурван хүүхэд монголд төрж, монгол ахуйд өсч хүмүүжсэн бол яах байсан бол гэж бодож үзсэн. Тэр тусмаа одоогийн ахмад настай бидний үеийнхэн шиг өнгөрсөн зууны 1930, 1940, 1950-аад онд төрсөн, тэгээд “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн малчин ардын үзлээр хүмүүжсэн бол энэ өвгөн дахин хэдэн жил биш гэхэд ганц жил ч гэсэн амьд мэнд байж, амьсгаа хураахдаа хүүхдийнхээ өвөр дээр, мөрийг нь түшээд амьсгаа хураах байсан ч юм билүү.
Бидний үеийнхэн бас гадаад дотоодынхон шиг сурагч хүүхэд л байсан. Ялангуяа, тэр үед манай багын багш Д.Хоох, Х.Мишгээ нар өөрсдөө уншиж өгөөд бидэнд цээжлүүлж байсан Ц.Дамдинсүрэн гуайн “Буурал ээж” шүлэг, мөн энэ хүний орчуулсан А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, А.Гонгоржав гуайн орчуулгаар манай дунд ангийн утга зохиолын багш Лхагваагийн Нямхүүгийн заасан А.С.Пушкины “Дубровский”, “Ахмадын охин“ зохиолын сэтгэл хөдөлгөсөн тэдгээр олон адармаатай атлаа маш хүмүнлэг үйл хөдлөлийг багаасаа зүрх сэтгэлдээ хадаад авсан байсансан бол төрсөн эцгийгээ амьдын хорвоогоос хамгийн сүүлчийн халуун тус дэм эрж хайн амь нь тэмцэн, байж ядаж байхад арай тэгж хүйтэн хөндий хандахгүй байсан байх гэж бодсон шүү.
Эдийн шунал хэмээх энэхүү өршөөлгүй харгис хатуу колоничлолоос салах уу, байх уу. Салах л ёстой. Хүмүүнийг гараас нь бус сэтгэл зүрхнээс нь хөтөлдөг энэхүү увайгүй харгис хүчирхийллийг дариу устгаж, эгэл шударга засаглал тогтоох боломж байна уу, алга уу. Тийм боломж бүрэн байгаа гэдэгт итгэж байна. Санал хэлье. Нэгдүгээрт, цалин тэтгэврийг олон улсын дундаж төвшинд яаралтай хүргэх арга ухааныг заавал олж хэрэгжүүлэхнь зүйтэй. Хамаг гай түйтгэр энэхүү цалин хөлсний буруу тогтолцооноос болж байгааг улс орон даяар анхаарч эрс шийдвэртэй шинэтгэл хийх ёстой. Хоёдугаарт, нийт хүн ардын сэтгэлийг хүнлэг энэрэнгүй болгон шинэтгэхийн тулд давын өмнө Урлаг соёлын хэрэг эрхлэх яамыг байгуулах ёстой. Гуравдугаарт, хүүхэд багачуудад хүнийг хайрлан нигүүлсэх сэтгэлтэй болгохаядуу зөөлөн уран зохиолын сургалт явуулдаг болох нь зөв байх. Дөрөвдүгээрт, Шинэ үндсэн хуульдаа эдийн шуналтай тэмцэхийг иргэн бүрийн үүрэг болгон хуульчлах ёстой. Эдийн шуналыг хориглох нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах Үндсэн хуулийн баталгаа болох учиртай гэж санана.
Хорлоогийн ЦЭВЛЭЭ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин