-Ерөнхий сайд аа, Ард түмэн айдастай, авлигачид пээдгэр байна-
Одоогоос яг нэг жил хагасын өмнө Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарбүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, халааг нь У.Хүрэлсүх гардаж байлаа. Шадар сайд байхад нь өөрийг нь тагнаж чагнасан гэх хэргийг өдөөж, өөрөө болон өөрийн тойрон хүрээлэгчдээрээ элдэв явуулга хийлгүүлж Ж.Эрдэнэбатыг унагаасан. Шулуун хэлэхэд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатаас суудлыг нь шууд булааж авсан гэж хэлж болно. Харамсалтай нь өөрсдийгөө “Ардын” хэмээн нэрлэсэн У.Хүрэлсүхийн багийнхан өмнөх Засгийн эрхийг булааж авахдаа мордохын хазгай болжээ.
Түүний Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөндээрээ эсрэгээрээ хэрэгжиж байна. Ард түмэн айдастай, авлигачид пээдгэр байна.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон нэг жил хагасын хугацаанд Монгол Улсад сайн сайхан гэхээс саар үйл явдлууд шилээ даран гарлаа. Хулгайтай, аллагатай, хариуцлага алдсан ослуудтой салбарыг тэргүүлсэн сайд нартай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн тоо гүйцэв бололтой.
Улс орноо тонон дээрэмддэг бүлэглэлийн ажил энэ "Ардын" Засгийн үед эрчээ авч байна.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын үүц болсон хөрөнгийг хадгалж байсан Капитал банк дампуурсныг Монголбанк зарлав. Энэ үйл явдлыг банк дампууруулах замаар мөнгө угаах хар технологи гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамжийн 300 гаруй тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай хамт салхинд хийсэв. Төсвийн мөнгийг байршуулсан банкны үйл ажиллагаа доголдолтой, дампуурах хэмжээнд тулж ирснийг У.Хүрэлсүхийн баг, бүр тодруулбал Сангийн яам, Монголбанк хариуцлага алдсан хамгийн том жишээ.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн мөнгийг хумсалж ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг өөрсдийн компанидаа авсан сайд нар одоогийн Засгийн газарт харъяалагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-д 250 сая, “Баруун загвар” ХХК-д 160 сая төгрөг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-500.000.000, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Хантай хайрхан” ХХК1 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490.000.000, “Хаганат” ХХК-иар 195.000.000, Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн“Нарлаг хараа” ХХК-иар 750.000.000 төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авсан баримт олон нийтэд ил болж АТГ-т шалгуулж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-аас хулгай хийсэн 5 сайд одоогийн Засгийн газарт ажилласаарбайна.
Төрийн захиргааны албан өрөөнд аллага гарч, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсаар байна.
Зам тээвэр, хөгжлийн яаманд 2018.08.09-ний өдөр тус яамны газрын дарга согтуугаар нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарав. ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал гэгч тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож хөнөөсөн балмад явдал болсон юм. Одоог хүртэл уг хэргийг үйлдсэн этгээдийг шүүх хурал хойшилсоор, хэрэг дэнслэгдээгүй байна.
Зөвхөн он гараад л зэвсэгт хүчний ангийн 2 албан хаагч амиа алдав. Төрийн хамгаалалт дор байсан цэрэг бусдын гарт амиа алдах нь энх цагт дэндүү эмгэнэлтэй үйл явдал юм.
2019.01.22: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарав. Орхон аймгаас өнгөрсөн 11 дүгээр сард татагдсан 19 настай байлдагч учир битүүлгээр өөд болсон юм. Талийгаачийн үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж албаныхан мэдэгдсэн ч зодуурын ул мөр үлдсэн зураг сошиал сүлжээнд тархаж олон нийтийн дунд маргаан үүсгэсэн юм.
2019.02.28: Зэвсэгт хүчний албан хаагч энэ салбарын томоохон албан хаагчийн хувийн хаусыг засварлах ажилд дайчлагдаж яваад золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарав. Үүнийг ЗХЖШ-аас “... албан үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон. Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн байна. 100 мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогсжээ. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Я.Г нь буугаад эв хийн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна” гэж тайлбарлаад өнгөрсөн.
Цагдан хорих байранд хоригдож байсан сэжигтэн, бүр тодруулбал Монгол Улсын гавьяат хуульч хүн амиа хорлосон нь /2019.02.24/ монгол төрийн хамгаалалт, хариуцлагын асуудал суларсаар байгааг олон нийт шүүмжилсээр байгаа юм.
Хариуцлагагүйн улмаас хүний алтан амь эрсдэх асуудал зөвхөн цэрэг цагдаа, хууль шүүхээр зогсохгүй бусад салбарт ч гарсаар байна. Төв аймгийн Заамар суманд алт олборлож байсан “Эко алтан Заамар” гэх ХХК-ийн уурхайд нуранги болж 4 уурхайчин амиа алдсан харамсалтай хэрэг одоогоос сар гаруйн өмнө гарсан билээ. Компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн уг ослын хариуцлага өнөөдөр хүртэл яригдаагүй байна. Салбарт нь уурхайчид олноор үрэгдэж байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаад дотоодгүй томилолтоор нисч явна.
Хамгийн сүүлд, хоёрхон хоногийн өмнө Төв цэвэрлэх байгууламжид албан үүргээ гүйцэтгэж байсан 4 залуу амиа алдсан эмгэнэлт явдал боллоо. Осол метан хий алдаж хоолойн хэсгийг чангалах явцад метан хийнд хордож ухаан алдсан. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж, амиа алдсан талаар урьдчилсан дүгнэлтийг албаныхан танилцуулаад байна. Хэргийн хариуцлагыг Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй салбар удирдсан хүмүүс үүрэх ёстойг иргэд олон нийтийн сүлжээгээр шаардсаар байна.
Засгийн газрыг гишүүд нь улсаа тонож дээрэмдэн, авлига албан тушаалын хэрэг наймаалцаад завгүй байх зуур салбар бүрт ард түмний алтан амь үрэгдсээр байна. Тиймээс хариуцлагыг хатуу ярихыг шаардсан ард олны тэмцэл улам ширүүсэх аястай болж эхэллээ.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: http://erennews.mn