Caakmedee

Хэвлэлийн эрх чөлөөг хэтэвчээрээ боомилохоо боль, дарга нар аа

  • Нийтлэл
  • 2019/04/18
“Монгол бол ардчилсан орон. Ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө” гэсэн үгсийг сонсож өслөө. Сонссоор ч өтлөх биз. Уг нь өөрийгөө ардчилсан гэж томьёолдог оронд хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэдэг нь 
“Хүн бүр амьд явах эрхтэй” гэснээс дутуугүй үнэ цэнтэй ойлголт. Гэвч дээрх үгийг монголчууд улиг домог болсон, хий хоосон лоозонгийн хэмжээнд хүлээж авах болоод уджээ.
Ардчилал, ил тод байдал, үнэн бодит мэдээлэл гэдэг үгийг хамгийн их хэрэглэдэг улстөрчид, шийдвэр гаргагчид ачир дээрээ хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажилласаар ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарынхны бизнесийн зарчмаар ажиллаж, эрүүл саруулаар оршин тогтнох, жам ёсоороо хөгжих боломжийг хааж боогдуулах, өөрсдийнхөө гарт оруулах, сэтгүүл зүйг бохирдуулах ажлыг улстөрчид тасралтгүй хийдэг.
Тэнцэж, хөлд орох гэж тогтож ядан дэнжигнэж, унаж, босож, бүдчиж яваа Монголын нялх балчир чөлөөт сэтгүүл зүйд тулгарч буй хамгийн том асуудал нь санхүүгийн эрх чөлөө. Санхүүгийн хараат бус байдлын тухай ярихгүйгээр сэтгүүл зүйн салбарын хараат бус байдлын талаар ярих ямар ч боломжгүй. Үүнийг бид хангалттай ойлгож, мэдрэхээр цаг хугацаа өнгөрлөө. Гэтэл үе үеийн улстөрчид хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар наад захын ойлголт, мэдлэггүйгээс болоод ч юм уу, сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэхийн оронд ил тод аргаар орлого олох эх сурвалжийг нь хааж, зардлыг нь нэмэгдүүлэх хуулиуд батлан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дархлааг сулруулж, хөгжлийг нь боомилсон шийдвэр олныг гаргасан.
Хамгийн ойрын жишээ нь Сонгуулийн тухай хуулиар сурталчилгааны хэвлэлийн хуудас, нэвтрүүлгийн цагийг зааж өгсөн явдал. Тэдний энэ “мэргэн” санаа нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болж, далд сурталчилгаа, хар пиарыг хяналтаасаа алдсаныг өнгөрсөн сонгуулийн халуун өдрүүд харуулсан. Далд сурталчилгаа нууц орон зайг үүсгэж, сурталчилгаа нийлүүлэгч, хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгч хоёр өөрөө хүсээгүй ч хууль бус үйлдэлд татагдан орсон явдал нэг бус гарсан л байх.
Хэтэрхий мэргэн улстөрчдийн бүхнийг зөвхөн өөрсдөдөө ашигтай байлгах, өөр хэнд ч (шинэ, залуу нэр дэвшигч, өрсөлдөгчдийнхөө олон нийтэд танигдах боломжийг хааж, өөртөө давуу байдал бий болгохын тулд энэ заалтыг оруулсан гэж үздэг) боломж олгохгүй гэсэн өчүүхэн атгаг санаа хэвлэлийн бизнесийн ил тод, хуулийн дагуу явах боломжид нэг том тээг тавьсан нь энэ. Бяр сууж, бие гүйцээгүй чөлөөт хэвлэлийн салбарыг улстөрчид уруу татан, хүчирхийлж, буруу зам руу чирсэн нь ганц энэ ч биш ээ.
Хэвлэл мэдээллийн салбар улс төрөөс ялгаагүй бохир, сэтгүүлчид улстөрчдөөс ялгаагүй увайгүй, сэтгүүл зүйн хөгжил, төлөвшил аль хэдийн гажуудсан гэсэн ойлголт нэгэнт бий болж, улам лавширсаар байгаа нь Монголын сэтгүүл зүйд тулгарч буй хамгийн том асуудал юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл уншигчдынхаа итгэл, үнэмшил дээр тогтдог, сэтгүүлч хүн мэргэжлийн нэр хүндээрээ хүч орж, жигүүр ургадаг. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад үзэгч, уншигч нь итгэхээ больж, сэтгүүлчдийн мэргэжлийн нэр хүнд шороотой хутгалдаж буй нь энэ салбарын хамгийн том эмгэнэл, мөхөл билээ.
Гэвч хараахан гал алдчихаагүй, тулган дахь цогоо манаж суугаа хүмүүс бий. Ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай, уранхай гуталтай ч бүтэн сэтгэлтэй хүмүүсийн нуруун дээр сэтгүүл зүйн салбар тогтож өнөөг хүрсэн онцлогтой. Авсан цөөхөн төгрөгөөрөө арай ядан амь зууж, редакцын хурал дээр сонссон урмын үгээр бүтэн сар тэжээгддэг, ёс зүйгээ баримталж, нэр хүндээ хайрлаж явдаг сэтгүүлчид, мэргэжлийн редакц цөөхөн ч гэсэн үлдсэн. Монголд чөлөөт хэвлэл үүсэх үеэс өдий хүртэл янз бүрийн бэрхшээл туулж, шалгарлыг давж үлдсэн өдөр тутмын сонинуудыг уншигчид хамгийн үнэн зөв мэдээлэл түгээдэг, найдвартай эх сурвалж хэмээн итгэдгийг удаа дараагийн судалгааны дүн сануулдаг. Энэ итгэл зүгээр ч нэг ирчихээгүй. Мэргэжилдээ хайртай, мэргэжлийн ёс зүйтэй үе үеийн сэтгүүлчдийн хөдөлмөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв голдирлоор нь хөгжүүлэхийг зорьсон зарчимтай удирдлагуудын хамтдаа бий болгосон үнэ цэн. Ийм редакцууд өмнө нь яаж ажилладаг байсан, яг тэр хэвээрээ ажилласаар, сэтгүүлчид нь мэргэжлийн, ёс зүйтэй байх, уншигчдынхаа оюунд сайн бүтээл “таваглах” гэж хичээсээр яваа.
Эдний тоо дэндүү цөөхөн төдийгүй ил тод, эрүүл аргаар мөнгө олох боломж нь улам хумигдсаар байна. Хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага дотор цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж, зах зээлийн жамаараа хөгжиж буй нь дэндүү цөөхөн гэдэг нь хэнээс ч нуух аргагүй үнэн болчихоод байна. Улстөрчид, бизнесийнхэн ашиг сонирхлоо хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зах зээлийн бус замаар, хүчээр төрүүлж, санхүүжүүлж буй нь эргээд мэдээллийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэх ойлголтыг үгүй хийж, энэ салбарын нэр хүндийг булшилж буй.
Яг одоогийн байдлаар Монголын хэвлэлийн эрх чөлөө дарга нарын хэтэвчээр боомилогдож байна гэхэд болно. Сэтгүүл зүйн салбар эрүүл бус, сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж унасан нь улстөрчид сэтгүүл зүйн салбарт савраа шигтгэсэнтэй шууд холбоотой. Тэдний бохир мөнгө, сэтгүүл зүйг бизнесийн зарчмаар явж, жам ёсоороо хөгжих боломжийг хаасан бодлого, шийдвэрүүдийн хөлд Монголын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт сэтгүүл зүй чирэгдэж, үрэгдэж байна. Нэр хүнд, үнэлэмж, мэргэжлийн, ёс зүйтэй байх чадвараа алдсан сэтгүүл зүйн салбар, жам ёсоороо бус, зохиомлоор төрүүлж, хүчээр өсгөсөн “гений өөрчлөлттэй” мэдээллийн хэрэгслүүдийн эрэмдэг зэрэмдэг мэдээллээр тархиа угаалгаж буй үзэгч, уншигчийн аль аль нь хохирогч. Үүнийг яаралтай засахгүй бол Монголын хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн хараат бус байдал нүдэн дээр сарнин, хумигдаж дуусах нь.
Эрүүлээр амь зуух эрмэлзэлтэй, улстөрчдийн халаасанд улайм цайм гүйгээд орчихоосоо “нэрэлхдэг”, ичих булчирхайтай, мэргэжлийн “үнэр”-тэй цөөхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээ үргэлжлүүлэн шахаж, хавчсаар нэгмөсөн амыг нь барьчихалгүй дэмжих, цаашлаад сэтгүүл зүйг эрүүлжүүлж, хэвлэлийн эрх чөлөөг бүрэн утгаар нь эдлүүлэх, улстөрчдийн хэтэвчнээс эзнийхээ төлөө дуугардаг биш, уншигч, үзэгчийнхээ төлөө дуугардаг чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх талаар бодох цаг аль хэдийн болсон.

Х.Уянга
Эх сурвалж: Өнөөдөр сонин
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу