Caakmedee

Ямар удирдагч байна, тийм ард түмэн...

  • Улс төр
  • 2019/04/22
Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үгийг манайхан сүүлийн үед их моод болгоод байгаа. Төрийн толгойд гарсан хэдэн хүний муу муухайг зөвтгөх гэсэн муухан арга гэх юм уу даа. Монгол хэлний “эх нь хээр бол хүү нь шийр алаг”, “эх нь булингартай бол адаг нь булингартай” гэх мэт үгстэй төстэй.
Гэхдээ юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй ч гэж бас үг бий. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна гэсэн үг.
Жишээ нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн гишүүн болоод цагаан сарын шинийн 1-нд хийморийн овоонд гарнаас хойш Улаанбаатарчууд бараг нийтээрээ тийшээ зүтгэх болсон. Овоондоо ч биш, аваргад л байсан юм шиг байна лээ. Сүүлдээ овоогоо галдаж аваад нэг тайвширцгаасан биз дээ.
2000-аад оны дундуур манай томчууд Гонгорын бумба тахиулна гээд Амарбаясгалант руу явах болсон сургаар бас л бүгдээрээ хошуурсаар одоо бараг үгээгүйчүүд нь л тэнд үлдсэн байна лээ. Нар харах ёслол, Шилийн богд, Алтан овоо, адаг сүүлдээ Итгэлт хамбад мөргөх гэх мэтчилэн нийтээрээ зүтгээгүй, зүглээгүй газар байхгүй дээ. Ер нь л сайн сайханд хүрчих гээд үзээд байгаа юм шүү дээ. Даанч түүнийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж ойлгодог нь бага. Хотын дарга нь нийслэлийнхээ аюулгүй байдлыг лам хуврагуудад даатгаж ном хуруулаад, УИХ-ын гишүүн нь эх хүүхдийн эрүүл мэндийг банхрын хөшөөгөөр сахиулахаар арга байж уу?
Товчхондоо удирдагчдынхаа хийж байгаа үг, үйлдлийг ард түмэн яалт ч үгүй даган дуурайх хандлагатай гэсэн үг. Сайн үйл хийвэл сайныг нь дагана, муу үйл хийвэл мууг нь л дагана.
Жишээ нь, Лу.Гантөмөр Боловсролын сайд болоод “хүүхэд бүрт авьяас бий, түүнийг нь илрүүлэх нь багш нарын ажил юм” гээд хэлчихээр хүүхдээ хөтлөөд урлагийн сургууль руу алхах жишээтэй. Тэр жилийн өрсөлдөөн ширүүн байсныг хэлэх үү. Үүнийг бичигч гэхэд өмнөх парламентын үед дөрвөн жил “хуулийн шинэчлэл” гэж баахан бичсэн. Гэтэл одоо хулгай, дээрэм л бичиж байна. Ямар удирдагч байна, тийм иргэд байна.
“ЖДҮ-чин хулгайч нар” гэж жигшээд байгаа мөртлөө л “жижиг хулгай штээ” гэж зарим нь өмөөрөх. Тэр нь цаагуураа хулгайг нь жигшээд байгаа биш, хүлээн зөвшөөрөх хандлагатай болж эхэлж байгаагийн нэг шинж. Бид бага хулгайлдаг, та нар бол их хулгайлдаг шүү гэсэн санаа л даа. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна...
Өмнөх Ерөнхийлөгчийн үед түүний аппаратад ажиллаж байгаад гадагшаа гарсан нэг нөхөр саяхан “С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг би машинаараа зөөвөрлөсөн” гэж олон нийтийн сүлжээнд бичлэг үлдээсэн байна. Хүмүүс гайхаж, эргэлзээд сүйд. Тэр хүн галзуу солио туссандаа 20 жилийн дараа гэнэт С.Зоригийн хэргийг ярьж эхэлсэн хэрэг биш. Тэр тусмаа Ц.Нямдорж нь захиалаад, Ц.Элбэгдоржийгоо “нухуулах” гээд Ё.Батбаяр гэдэг хүнийг хөлсөлчихсөн хэрэг бүр ч биш. Зүгээр л Ц.Нямдорж гэдэг хүний хийж байгаа үг, үйлдэл нь тэр хүнд тэгж ярих хэмжээний зүрх зоригийг өгсөн хэрэг. Төрийн сайд нь хуулийн дээгүүр алхаж, хүссэнээ ярьж байхад жирийн мунхаг нэгэнд хууль ёс ямар хамаатай.
УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы хуралдаан дээр “Эрүүдэн шүүсэн бичлэг байсаар байхад, энэ хэргийн шинэ гэрч гарч ирчихээд байхад Эрдэнэтийн иргэдийг суллаач ээ” гэж ярьж байна лээ. Бас нэг солиорол. Эрүүдэн шүүсэн нь тогтоогдлоо гээд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд тавигдсан нэг “хийтэй” этгээдийн үгээр эрүүгийн хэргийг шийддэггүй.
Өмнө нь нэг удаа О.Содбилэг гишүүн өөрөө “Миний аавыг хэргийн захиалагчаар зарлах гэж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр “агсан тавьсан” удаатай. Хуулийн байгууллага хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад хэн түүнд ийм мэдээллийг өгсөн нь тодорхойгүй ч “хуулийн салбарын нөлөө бүхий хүн” гэсэн түүний тодотгол нэг л хүн рүү хөтөлдөг. Ц.Нямдорж сайд, О.Содбилэг гишүүн хоёрын үг, үйлдэл “но”-тойгоор барахгүй улам л ноцтой болж байна.

Б.Заяа
Эх сурвалж: http://www.inews.mn/
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу